A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 10

Улаанбаатар хот

Засгийн газарт чиглэл өгөх тухай

/Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/

Монгол Улсын Үндсэн Хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 07/05 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Дэлхийн олон улс болон манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосугай:

1.1. Шинэ коронавирусийн тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сонгон хэрэгжүүлэх шийдвэр гаргах;

1.2. Олон улсын хөл хориот болон халдварт бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан үед тархаахгүй байх, таслан зогсоох зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцэн журамлаж, мөрдүүлэх;

1.3. Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах реклам, сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага, уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;

1.4. Дэлхий дахинд хүнээс хүнд, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин ихээр тархах болсонтой холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай, Эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулган, шаардлагатай бол ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэх.

2. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүргээ ухамсарлан, өөрийн болон нийтийн эрх ашгийг эрхэмлэхийг нийт ард иргэдэд уриалсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ