A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 4634 дүгээрт бүртгэв.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 28

Улаанбаатар хот

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, ЖАГСААЛТ, ӨРТГИЙН ЖИН, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлийн 14.9.8, 14.9.9 дэх заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 24 дүгээр зүйлийн 24.7 дахь заалт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ"-г нэгдүгээр, "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, өртгийн жин"-г хоёрдугаар, "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бус бүлгийн жагсаалт"-ыг гуравдугаар, "Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гүйцэтгэх журам"-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын дарга (захирал) нарт даалгасугай.

2.1.Төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн даатгуулагчаас Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11.2-т зааснаас өөр нэмэлт төлбөр авахгүйгээр чанартай, аюулгүй, хүртээмжтэй, цогц тусламж тусламж, үйлчилгээг үзүүлэх;

2.2.Төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд иргэд, даатгуулагчдад энэ тогтоолын талаар үнэн зөв мэдээлэл шуурхай хүргэх, тусламж, үйлчилгээний өртгийг үндэслэлгүй нэмэгдүүлэхгүй байх чиглэлээр удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах;

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг тус тус хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Г.Баясгалан/-т даалгасугай.

3.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр даатгуулагчид мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлэх нэр бүхий хувийн хэвшлийн эмнэлгүүдийн мэс заслын тусламж, үйлчилгээ, зайлшгүй шаардлагаар хийгдэх амбулаторийн тусламж, үйлчилгээ, оношилгоо, шинжилгээний зардал болон Төмөр замын нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тусламж, үйлчилгээ, оношилгоо шинжилгээний зардлыг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээгээр олгох;

3.2."Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ" болон гэрээний шалгуур үзүүлэлтийг шинэчлэх, даатгуулагчаас илүү төлбөр авсан тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэх хариуцлагын заалтыг тодорхой тусган, гэрээний хэрэгжилтэд тавих хяналтыг эрчимжүүлэх талаар хөндлөнгийн хяналтын байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагааг зохион байгуулах;

3.3.Даатгалын гэрээ бүхий төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, болон иргэд, даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалын ач холбогдлын талаар сурталчлах, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр холбогдох мэдээллийг шуурхай хүргэх талаар хамтран ажиллах;

3.4.Тогтоолын хэрэгжилтэд хагас, бүтэн жилээр үнэлгээ хийх, үнэлгээ хийхтэй холбоотой шаардлагатай төсвийг үйл ажиллагааны зардлаас зарцуулах, үнэлгээний тайланг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн хурлаар тайлагнах, шаардлагатай тохиолдолд холбогдох саналыг эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх;

3.5.Эрүүл мэндийн даатгалын цахим (HIGS) програм хангамжид холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулах, нэмэлт хөрөнгө шаардлагатай тохиолдолд шуурхай шийдвэрлэж, мэдээллийн технологийн бэлэн байдлыг хангах;

4.Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад ДААЛГАХ нь:

4.1.Тогтоол, журмыг эрүүл мэндийн байгууллагуудад шуурхай хүргүүлэх талаар Эрүүл мэндийн газар болон эрүүл мэндийн байгууллагуудын дарга, (захирал) нарт үүрэг, чиглэл өгөх;

4.2.Холбогдох дүрэм, журам, стандарт, тусламж, үйлчилгээний жагсаалт, төлбөрийн хэмжээг шинэчлэн батлуулах;

4.3.Эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдалд хяналт тавих, мэргэжлийн удирдлагаар ханган зохион байгуулалтын арга хэмжээг авч, ажиллах, дэмжлэг үзүүлэх;

4.4.Холбогдох програм хангамжид нэмэлт, өөрчлөлт оруулах, эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/-д үүрэг болгох;

5.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлснээс хойш ажлын 7 хоногийн дараах өдрөөс эхлэн мөрдсүгэй.

6.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дэд дарга /Д.Дэмбэрэл/-д даалгасугай.

7.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны "Төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, журам батлах тухай" 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгох тухай саналыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүргүүлэн ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба (Л.Номин)-нд даалгасугай.

ДАРГА Д.САРАНГЭРЭЛ

ЗХХАЭ-ийн 2020 оны 01 сарын 23-ны өдрийн № 2 дугаарт нийтлэгдсэн.

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 5037 дугаарт бүртгэв.

ЗХХАЭ-ийн 2021 оны 8 дугаарт нийтлэгдсэн.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 03

Улаанбаатар хот

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, ТӨЛБӨРИЙН АРГА, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.9.8 дахь заалт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ"-г нэгдүгээр хавсралтаар, "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн арга"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам"-ыг гуравдугаар хавсралтаар, "Төлбөрийг нь төр хариуцан амбулаториор эмчлэх өвчин, эмгэг ба түүнд хэрэглэх эмийн жагсаалт"-ыг дөрөвдүгээр хавсралтаар, "Төлбөрийг нь төр хариуцах эмийн санхүүжилтийг тооцох, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам"-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг дор дурдсан албан тушаалтанд даалгасугай:

2.1.Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга /Я.Амаржаргал/-д:

2.1.1.Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх талаар эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар шуурхай хангах арга хэмжээг авч ажиллах;

2.1.2.Эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг хянахад ашиглаж байгаа удирдлага, мэдээллийн систем, програмд холбогдох өөрчлөлт хийх;

2.1.3."Төлбөрийг нь төр хариуцах эмийг олгох журмын тухай" Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2012 оны 129/100 дугаар хамтарсан тушаал, "Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн болон тусгай эмнэлэг, амаржих газар, клиник, түргэн тусламжийн байгууллагаас үзүүлэх тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, санхүүжүүлэх, хяналт тавих журам батлах тухай" Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 256/А/561 хамтарсан тушаалыг тус тус хүчингүй болгох талаар холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудад хандаж шийдвэрлүүлэх.

2.2.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга /Л.Бямбасүрэн/-д:

2.2.1.Эрүүл мэндийн даатгалын цахим (HIGS) систем болон програм хангамжид шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийх;

2.2.2.Эрүүл мэндийн байгууллага даатгуулагчаас холбогдох журамд заасныг зөрчиж нэмэлт төлбөр авсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар эрүүл мэндийн даатгалын байгууллага, эрүүл мэндийн байгууллага хооронд байгуулах гэрээнд тодорхой тусгах;

2.2.3.Энэхүү тогтоолын хавсралтаар баталсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон эмийн жагсаалт, төлбөрийн хэмжээ, холбогдох журмын талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай мэдээлэх;

2.2.4.Тогтоолын хэрэгжилтэд хагас, бүтэн жилээр үнэлгээ хийх, үнэлгээний тайланг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралд танилцуулах,

2.3.Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирал /Б.Нарантуяа/-д:

2.3.1.Холбогдох програм хангамжид нэмэлт, өөрчлөлт оруулах, эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

2.4.Төрийн болон хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын дарга (захирал) нарт:

2.4.1.Энэхүү тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан "Эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам"-ын 5 дугаар бүлэгт заасан иргэний хариуцан төлөх төлбөрөөс өөр нэмэлт төлбөр даатгуулагчаас авахгүй байх;

2.4.2.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналт, санхүүжилт, төлбөр тооцооны програм, цахим системд энэ тогтоолын хавсралтаар баталсан тусламж үйлчилгээний өртөг, тариф болон журамд заасан зохицуулалттай холбоотой хөгжүүлэлт хийж үйл ажиллагаандаа мөрдөх;

3."Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын даатгуулагчийн хариуцан төлөх төлбөрийн хэмжээг тогтоох тухай" Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 19 дүгээр тогтоол, "Даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаарыг шинэчлэн тогтоох тухай" Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 23 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах саналыг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх, энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Л.Номин/-нд даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн "Төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, журам батлах тухай" 2019 оны 28 дугаар тогтоол, "Журам, төлбөрийн хэмжээ батлах тухай" 2019 оны 19 дүгээр тогтоол, "Журам батлах тухай" 2020 оны 05 дугаар тогтоол, "Жагсаалт шинэчлэн батлах тухай" 2020 оны 07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Т.МӨНХСАЙХАН