A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 78

Улаанбаатар хот

БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 55.2.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нүүрс, газрын тос болон ашигт малтмалын бусад бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэхтэй холбогдуулан хилийн боомтуудыг бүрэн хүчин чадлаар ажиллуулан дараалал үүсгэхгүйгээр тээвэрлэлтийг зохион байгуулах, тээвэрлэлт хийж байгаа жолооч нарын хоол хүнсний хангамж, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Гаалийн ерөнхий газар (Б.Асралт), Ашигт малтмал, газрын тосны газар (Х.Хэрлэн)-т, жолооч нарт эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү), Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн), холбогдох аймгийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

2. Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтыг уртасгасан горимоор ажиллуулах асуудлыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талд дипломат шугамаар тавьж шийдвэрлүүлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт даалгасугай.

3. Ашигт малтмалын бүтээгдэхүүн болон газрын тосны экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах заавар, журмыг боловсруулж, аж ахуйн нэгж, байгууллагуудаар мөрдүүлэх, дотоодын болон экспортын тээвэрлэлт хийж байгаа иргэдэд халдварт өвчин дамжихаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд даалгасугай.

4. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн хугацаанд оногдуулж тайлагнасан боловч хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд тооцох алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай.

5. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хамаарах татварыг хуулийн хугацаанд ногдуулж тайлагнасан боловч хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд тооцох алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.

6. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд гэрээнд заасан түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулсан төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газарт худалдаа, үйлчилгээний чиглэлээр байр, талбай түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.

7. Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн авлагатай этгээд улсын болон орон нутгийн төсөвт татварын өртэй тохиолдолд татвар төлөгчийн хүсэлтээр Татварын ерөнхий хуулийн 55.2.7-д заасны дагуу татварын өрийг тухай бүр суутган тооцохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.

8. Энэ онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан шуурхай зохион байгуулж, мэдээллийг ил тод нийтэлж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

9. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан төсвийн захирагч нарын төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлж, цалин, тэтгэврээс бусад зарлагыг эрэмбэ тогтоож санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.

10. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын ерөнхий газар (Т.Бадрал), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү), Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (Б.Лхагва) нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР