Хэвлэх DOC Татаж авах
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН УЛСЫН ҮЗЛЭГ, ТООЛЛОГО ЯВУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 9

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН УЛСЫН ҮЗЛЭГ, ТООЛЛОГО ЯВУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.5.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлангийн дүнгээр тасалбар болгон явуулж, дүнг 2020 оны IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (З.Мэндсайхан)-т даалгасугай.

2. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталсан удирдамж, Үндэсний статистикийн хорооноос баталсан маягт, асуулгын дагуу зохион байгуулж, дүнг 2020 оны                 III улиралд багтаан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Төрийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулахад шаардагдах 330.0 (гурван зуун гучин) сая төгрөгийг гүйцэтгэлээр нь тооцож, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй.

4. Орон нутгийн өмчийн үзлэг, тооллого явуулахад шаардагдах зардлыг батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

5. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                             У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                          Л.ОЮУН-ЭРДЭНЭ