Хэвлэх DOC Татаж авах
БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 102

БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3, Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дэлхий нийтэд өндөр хурдацтай тархаж байгаа “COVID-19”-ын цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг дуустал сунгасугай. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 147, 188, 234 дүгээр тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)

2. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан боловсролын бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг энэ тогтоолын 1-д заасан хугацаанд түр зогсоож, холбогдох арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт даалгасугай. (Засгийн газрын 2020 оны 139 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

3. Оросын Холбооны Улсаас зорчин ирэх Монгол Улсын иргэдийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 20:00 цагаас 3 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд зөвхөн Алтанбулаг боомтоор улсын хилээр нэвтрүүлсний үндсэн дээр хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоосугай. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 147 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

4. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, ажлын байр, орон сууц болон өрөө, тасалгаанд ариутгал халдваргүйтгэл хийх арга хэмжээг улсын хэмжээнд 14 хоногийн хугацаанд багтаан зохион байгуулахыг нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдэд даалгасугай.

5. Тусгаарлалтад хамрагдсан иргэдэд тавих хяналтыг чангатгах, тусгаарлалтын журам зөрчсөн иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авахыг Цагдаагийн ерөнхий газар (С.Баатаржав), Онцгой байдлын ерөнхий газар (Т.Бадрал) болон бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоолын 5 дахь заалт, “Хилийн боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай” Засгийн газрын 2020 оны 39 дүгээр тогтоолын 1.1 дэх дэд заалт, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолын 1 дэх заалт, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 63 дугаар тогтоолын 1 дэх заалт, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын 2020 оны 64 дүгээр тогтоолын 1 дэх заалтын “3 дугаар сарын 30-ны” гэснийг “4 дүгээр сарын 30-ны” гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                 У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд                                                    Ө.ЭНХТҮВШИН