A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 98

Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дээд боловсролын тухай хуулийн 5.6, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 18.1, 18.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 17.2, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсүгэй.

(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 64 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн сургалтын үйл ажиллагааны зардлыг тус сургуулийн төсвөөс санхүүжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт, эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар холбогдох хуульд заасны дагуу санхүүжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд, эмнэлгийн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах эрхийг төсвийн шууд захирагчид олгохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тус тус даалгасугай.

(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 64 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

3. Шинэ коронавирус (COVID-19)-ийн цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан боловсролын салбарын багш, албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, хэвтүүлэн эмчлэх бэлтгэл ажлыг шуурхай хангах зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хуваарилсан тусгай зориулалттай зардлын хэмнэлтийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлэгт шилжүүлэн зарцуулах зохицуулалтын арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт тус тус үүрэг болгосугай.

4. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмжийг 2020 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, гадаадын зээл, тусламжаас санхүүжүүлэх боломжийг судалж шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт тус тус даалгасугай.

5. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн бүтэц, дүрмийг шинэчлэн баталж мөрдүүлэх, урт хугацаанд санхүүгийн тогтвортой үйл ажиллагаа явуулах бизнес төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт үүрэг болгосугай.

(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 64 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

6. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн төсөв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн орон тоо, төсвийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт даалгасугай.

7. Шилжиж байгаа байгууллагын үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (З.Мэндсайхан)-т тус тус даалгасугай.

(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 64 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

8. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг жил бүрийн улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт тус тус даалгасугай.

(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 64 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

9. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 328 дугаар тогтоолын хавсралтаар баталсан эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн жагсаалтын 11-д "Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн" гэснийг "Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв" гэж, "Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг байгуулах тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 53 дугаар тогтоолын 1 дэх заалтын "Эрүүл мэндийн" гэснийг "Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын" гэж өөрчилж, мөн тогтоолын 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

(Энэ тогтоолын 1-6, 8 дугаар заалтад Засгийн газрын 2020 оны 165 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ

Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ