A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 101

Улаанбаатар хот

НООЛУУРЫН САЛБАРТ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Олон улсад шинэ коронавирус (Covid-19)-ийн халдвар дэгдсэний улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хилийн хязгаарлалт тавьсантай холбогдуулан ноолуурын салбарыг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5, 13 дугаар зүйлийн 7, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 21.1.1, 21.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монголбанкны бодлогын хүүгийн өөрчлөлттэй уялдуулан зээлийн хүүг бууруулах арга хэмжээг авах, ноолуур бэлтгэхэд зориулан 300.0 (гурван зуун) хүртэл тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай, зээлдэгч 3 хувийн хүү төлөх нөхцөлөөр олгох, түүхий эд барьцаалах, зээлдэгчийн бонд болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдан авах замаар санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг судалсны үндсэн дээр Хөгжлийн банкны болон арилжааны банкны эх үүсвэрээр холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх талаар арга хэмжээ авахыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (М.Баярмагнай)-д зөвлөсүгэй.

2. Түүхий эдийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 200.0 (хоёр зуун) тэрбум төгрөг, Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгох зээлийн хүүгийн зөрүүд олгох 30.0 (гучин) тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

3. Түүхий эдийн нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах арга хэмжээг тухай бүр нь авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН