A

A

A

  • Нүүр
  • Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл
  • ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ- "Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн жагсаалт" - ЭМДҮЗөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоолоор хүчингүй болсон.
Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 4742 дугаарт бүртгэв.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 07

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.9.8, 14.9.9 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1."Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн жагсаалт"-ыг хавсралтаар баталсугай.

2.Шинэчлэн батлагдсан "Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн жагсаалт"-ыг мөрдөж, хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга /Г.Баясгалан/, төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын дарга /захирал/ нарт даалгасугай.

3."Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн жагсаалт"-д шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, зарим төрлийн эмнэлгийн хэрэгсэл нэмэгдсэнтэй холбогдуулан тухайн жилд үзүүлэх тусламж, үйлчилгээг нэн шаардлагатайгаар эрэмбэлэн төлөвлөж, батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлж ажиллахыг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын дарга /захирал/ нарт даалгасугай.

4.Энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудын програм хангамжид өөрчлөлт оруулах, өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийг бүртгэн авч, мэдээллийн сан бүрдүүлэн мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал /Б.Нарантуяа/-д үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны "Жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 17 дугаар тогтоол, "Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" 18 дугаар тогтоолуудыг хүчингүй болсонд тооцсугай.

6.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Л.Номин/-нд даалгасугай.

ДАРГА Д.САРАНГЭРЭЛ

ЗХХАЭ-ийн 2020 оны 04 сарын 03-ны өдрийн № 10-т нийтлэгдсэн.

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 5037 дугаарт бүртгэв.

ЗХХАЭ-ийн 2021 оны 8 дугаарт нийтлэгдсэн.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 03

Улаанбаатар хот

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, ТӨЛБӨРИЙН АРГА, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.9.8 дахь заалт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ"-г нэгдүгээр хавсралтаар, "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн арга"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам"-ыг гуравдугаар хавсралтаар, "Төлбөрийг нь төр хариуцан амбулаториор эмчлэх өвчин, эмгэг ба түүнд хэрэглэх эмийн жагсаалт"-ыг дөрөвдүгээр хавсралтаар, "Төлбөрийг нь төр хариуцах эмийн санхүүжилтийг тооцох, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам"-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг дор дурдсан албан тушаалтанд даалгасугай:

2.1.Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга /Я.Амаржаргал/-д:

2.1.1.Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх талаар эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар шуурхай хангах арга хэмжээг авч ажиллах;

2.1.2.Эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг хянахад ашиглаж байгаа удирдлага, мэдээллийн систем, програмд холбогдох өөрчлөлт хийх;

2.1.3."Төлбөрийг нь төр хариуцах эмийг олгох журмын тухай" Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2012 оны 129/100 дугаар хамтарсан тушаал, "Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн болон тусгай эмнэлэг, амаржих газар, клиник, түргэн тусламжийн байгууллагаас үзүүлэх тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, санхүүжүүлэх, хяналт тавих журам батлах тухай" Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 256/А/561 хамтарсан тушаалыг тус тус хүчингүй болгох талаар холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудад хандаж шийдвэрлүүлэх.

2.2.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга /Л.Бямбасүрэн/-д:

2.2.1.Эрүүл мэндийн даатгалын цахим (HIGS) систем болон програм хангамжид шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийх;

2.2.2.Эрүүл мэндийн байгууллага даатгуулагчаас холбогдох журамд заасныг зөрчиж нэмэлт төлбөр авсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар эрүүл мэндийн даатгалын байгууллага, эрүүл мэндийн байгууллага хооронд байгуулах гэрээнд тодорхой тусгах;

2.2.3.Энэхүү тогтоолын хавсралтаар баталсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон эмийн жагсаалт, төлбөрийн хэмжээ, холбогдох журмын талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай мэдээлэх;

2.2.4.Тогтоолын хэрэгжилтэд хагас, бүтэн жилээр үнэлгээ хийх, үнэлгээний тайланг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралд танилцуулах,

2.3.Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирал /Б.Нарантуяа/-д:

2.3.1.Холбогдох програм хангамжид нэмэлт, өөрчлөлт оруулах, эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

2.4.Төрийн болон хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын дарга (захирал) нарт:

2.4.1.Энэхүү тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан "Эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам"-ын 5 дугаар бүлэгт заасан иргэний хариуцан төлөх төлбөрөөс өөр нэмэлт төлбөр даатгуулагчаас авахгүй байх;

2.4.2.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналт, санхүүжилт, төлбөр тооцооны програм, цахим системд энэ тогтоолын хавсралтаар баталсан тусламж үйлчилгээний өртөг, тариф болон журамд заасан зохицуулалттай холбоотой хөгжүүлэлт хийж үйл ажиллагаандаа мөрдөх;

3."Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын даатгуулагчийн хариуцан төлөх төлбөрийн хэмжээг тогтоох тухай" Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 19 дүгээр тогтоол, "Даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаарыг шинэчлэн тогтоох тухай" Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 23 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах саналыг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх, энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Л.Номин/-нд даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн "Төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, журам батлах тухай" 2019 оны 28 дугаар тогтоол, "Журам, төлбөрийн хэмжээ батлах тухай" 2019 оны 19 дүгээр тогтоол, "Журам батлах тухай" 2020 оны 05 дугаар тогтоол, "Жагсаалт шинэчлэн батлах тухай" 2020 оны 07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Т.МӨНХСАЙХАН