A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 21

Төрийн ордон,Улаанбаатар хот

Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр дараах багц арга хэмжээг авч, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:

Нэг.Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр:

1/хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлж, үүнд шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөвт зохицуулалт хийх, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн нэмэлт эх үүсвэр бүрдүүлэх замаар санхүүжүүлэх;

2/коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг импортоор оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх.

Хоёр.Иргэдийн орлогыг хамгаалах чиглэлээр:

1/Монгол Улсын иргэний 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг чөлөөлөх бөгөөд үүнд дараах орлогод ногдох хувь хүний орлогын албан татвар хамаарахгүй.Үүнд:

а/төрийн албан хаагчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого;

б/төрийн өмчийн их, дээд сургуулиас бусад төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд ажилладаг хувь хүний цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого;

в/гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч, тус ажлыг хийж гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд ажилладаг хувь хүний зөвхөн уг ажилтай нь холбоотой олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого.

2/коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын улмаас өөрөөс үл хамаарах шалтгаанаар, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон болон 2020 оны 2, 3 дугаар сарын үйл ажиллагааны борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан боловч ажлын байрыг хадгалж байгаа төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгжийн даатгуулагч Монгол Улсын иргэнд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200.0 /хоёр зуун/ мянган төгрөгийн дэмжлэг олгох;

3/Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан сайн дураар даатгуулсан, нийгмийн даатгалын байгууллагатай мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан сайн дураар даатгуулахаар гэрээ байгуулсан Монгол Улсын иргэний 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд түүний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү орлогод ногдох тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлж, даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцох.

Гурав.Ажлын байрыг хадгалах чиглэлээр:

1/коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн дараах хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагчаас бусад даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагч /Монгол Улсын иргэн/-ийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцно:

а/төрийн байгууллагад ажиллаж байгаа даатгуулагч;

б/төрийн өмчийн их, дээд сургуулиас бусад төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагч;

в/гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаар бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэсний төлбөрөөс цалин авч нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөх даатгуулагч.

2/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогын нийт дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлогод мөн хуулийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлөх;

3/2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ногдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгж, байгууллагыг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох шийтгэл, мөн зүйлийн тайлбарын хоёр дахь өгүүлбэрт заасан алдангиас тус тус чөлөөлөх;

4/2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх;

5/2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ,  хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэх;

6/2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд элсэн чихэр, ургамлын тос, бүх төрлийн хүнсний будаа, 15.0 /арван таван/ мянган тонн элит үрийн улаан буудай, 160.0 /нэг зуун жаран/ мянган тонн хүнсний улаан буудайг импортлоход гаалийн болон импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх.

Дөрөв.Эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр:

1/ариутгал, халдваргүйжүүлэлт, эрүүл ахуйн горимд иргэдийг эрүүл, аюулгүй орчинд үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлсэн үйлдвэр, үйлчилгээний газруудыг үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжоор хангаж ажиллах;

2/эдийн засгийг төрөлжүүлэх, дэмжих, ажлын байр бий болгох, нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах зорилгоор гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээг идэвхжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээг авах, эх үүсвэр бүрдүүлэх гэрээ, хэлэлцээрийг байгуулах, түүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх;

3/дотоодын аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний сонгон шалгаруулалтыг хийхдээ нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгчийг шалгаруулж байх зарчим баримтлах;

4/дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа сайн туршлагыг нэвтрүүлж төр, хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчийг цахимаар ажиллах нөхцөлийг хангах, боловсролын алсын зайн сургалтын үйлчилгээг үзүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах хяналт бүхий цахим худалдааг дэмжих, импортын бүтээгдэхүүнийг орлох дотоодод үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хангамжийг сайжруулах зэрэг арга хэмжээнд шаардлагатай үнэ, тарифын хөнгөлөлтийг үзүүлэх, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

5/сахилга, дэг журам, хариуцлагын тогтолцоог дээшлүүлэх, эдийн засгийн сөрөг үр дагавраас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх.

2.Төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан мөнгөн хөрөнгийн зохицуулалтын хүрээнд төсвийн зарлагыг эрэмбэлэн санхүүжүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг оновчтой удирдан зохион байгуулах, төсвийн мөнгөн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг төрийн сангийн нэгдсэн дансанд төвлөрүүлэн удирдаж, мөнгөн хөрөнгийн ашиглалтыг сайжруулан үр ашгийг нэмэгдүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР