A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БОЛОВСРОЛЫН САЛБАРТ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БОЛОВСРОЛЫН САЛБАРТ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 139

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор бүх шатны боловсролын байгууллагын танхимын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоох, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт даалгасугай: (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 166 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

1.1. цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, их, дээд сургууль, коллежийн суралцагчдад зориулан зохион байгуулж байгаа теле болон цахим хичээлийг 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэх;

1.2. энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийг төгсөгч, 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэл бичгийн хичээлээр шалгалт авахгүй байх зохицуулалт хийх;

1.3. ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдийг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг сургуулийн орчинд халдвар, хамгааллын дэглэм баримтлан 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулах арга хэмжээ авах. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 166 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Сургалтын үйл ажиллагааг зогсоосон хугацаанд боловсролын байгууллагын гэрэл цахилгаан, цэвэр, бохир ус, түлш халаалт зэрэг байр ашиглалттай холбоотой зардлыг хэмнэх зорилгоор шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолын 5 дахь заалт, "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр тогтоолын 2.1 дэх дэд заалт, "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаар тогтоолын 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ