Хэвлэх DOC Татаж авах
ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН УДИРДЛАГЫН НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМИЙГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 110

ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН УДИРДЛАГЫН НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМИЙГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 5, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 18.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Газар зохион байгуулалт, газрын төлөв байдал, чанарын хяналтын үнэлгээний мониторингийн сүлжээ, газрын биржийн болон газрын үнэлгээ, төлбөр, татвар, хураамж, газрын кадастрын бүртгэлийн цахим систем бүхий газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлж, улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр тогтсугай.

2. Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлсэнтэй холбогдуулан дор дурдсан арга хэмжээг авч ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Улсын бүртгэлийн ерөнхий газар (Б.Баасандорж), аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Чөлөөт бүсийн захирагч нарт тус тус даалгасугай:

        2.1. тухайн жилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах газрын болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд олон нийтийн саналыг авах, төлөвлөх болон батлагдсан төлөвлөгөөг мэдээлэх, холбогдох хууль тогтоомж, журмын дагуу газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох асуудлыг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан шийдвэрлэх;

        2.2. газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэр, холбогдох мэдээллийг газрын кадастрын улсын мэдээллийн санд тусгах болон улсын бүртгэлийн дундын мэдээллийн санд бүртгэх ажлыг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан гүйцэтгэх.

3. Газрын төлөв байдал, чанарын хяналтын үнэлгээний мониторингийн сүлжээний мэдээллийг хөрсний мэдээллийн сантай уялдуулан газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэж, холбогдох байгууллагад зохих мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг тогтмол хүргүүлэн ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Байгаль орчин, аялал жуучлалын сайд Н.Цэрэнбат нарт үүрэг болгосугай. 

4. Ашигт малтмалын ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрөл, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу болон бичил уурхай эрхлэх зориулалтаар ашиглах талбайн мэдээллийг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд тухай бүр бүртгэж байхыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

5. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх бүхий газрыг газар ашиглалтын зориулалт бүрээр тоолох, Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг үнэн зөв, бодитой, иж бүрэн мэдээ мэдээллээр хангах, бүрдүүлэх, хөгжүүлэхэд чиглэсэн бүх талын арга хэмжээ авч, холбогдох байгууллагуудыг системд нэвтрэх, ажиллах боломж нөхцөлөөр хангах болон сургалт, мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (Ц.Ганхүү) нарт даалгасугай.

6. Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системийг бүрдүүлэх, хөтлөх, тогтвортой үйл ажиллагааг нь хангуулахад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт нарт даалгасугай.

7. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд бүх талын оролцоо дэмжлэг үзүүлж, зохих мэдээ, мэдээлэл хүргүүлэн ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                 У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд                                           Х.БАДЕЛХАН