A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 138

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 21.3.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2020 онд 360.0 мянган га талбайд улаанбуудай, 16.0 мянган га талбайд төмс, 11.6 мянган га талбайд хүнсний ногоо, 45.0 мянган га талбайд тосны ургамал, 38.2 мянган га талбайд тэжээлийн ургамал, 7.3 мянган га талбайд жимс, жимсгэнэ тариалах ажлыг технологийн хугацаа, шаардлагын дагуу шуурхай зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийг даатгалд хамруулах, цахим мэдээллийн санг бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд тус тус үүрэг болгосугай.

2. Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн үйлдвэрлэл хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор гадаргын болон газрын доорх усыг ашиглах боломжтой байршилд шинээр тариалангийн газар эзэмшүүлэх, ашиглаж байгаа тариалангийн талбай хоорондын зайд тэлэлт хийж өргөтгөх, тариалан эрхлэх газарт иргэдэд зөвхөн хүнсний ногоо тарих зориулалтаар талбай олгох, цаашид зориулалтыг өөрчлөхгүйгээр тариалах талбайг нэмэгдүүлэх боломжийг судалж, хууль, журмын хүрээнд зохион байгуулахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Үр тариа, тосны ургамал, тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалт, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн эргэлтийн болон тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг өсгөх, хүн амын хүнсний үйлдвэрлэл нөөцийг нэмэгдүүлэх, хангамж, үнийг тогтворжуулах зорилгоор 150.0 (нэг зуун тавин) тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлийн эх үүсвэрийг судлан шийдвэрлэж, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, таримлын үр, бордоо, ургамал хамгааллын бодис нийлүүлэгчдэд олгох, зээлийн хүүгийн зөрүү 13.5 (арван гурван тэрбум таван зуун сая) тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг төсөвт тусган шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

4. Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах санаачилгыг дэмжих зорилгоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр, авлагыг ангилж тэдгээрээс чанаргүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан авлагыг хуулийн хүрээнд үе шаттай чөлөөлөх, үлдэгдэл бараа материал, зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн техник, тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэл хувиар хөнгөлөх замаар ашиглалтыг сайжруулах, ажлын байрыг хадгалах арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

5. Тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачаалал, дарамтыг бууруулах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлийн дамжуулан зээлийн гэрээг төгрөгт шилжүүлж, тоног төхөөрөмжийн хөнгөлөгдсөн үнийн дүнгээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тооцоо нийлэн өглөг, авлагыг бууруулж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан даалгасугай.

6. Тариалан эрхлэгчдийн үйл ажиллагаанд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас үзүүлэх дэмжлэгийг боловсронгуй болгох, сангийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэн, төсөвт зохицуулалт хийж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

7. Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан хаврын тариалалтын үйл ажиллагаанд үзүүлэх дэмжлэг, ажил, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд даалгасугай.

8. Төсөвт байгууллагуудын хэрэгцээнд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ худалдан авахаар төсөвлөсөн хөрөнгийн эх үүсвэрийг эрүүл ахуйн шаардлага хангасан дэвшилтэт технологи бүхий зоорь, агуулахын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс нэгдсэн журмаар шууд худалдан авахаар зохицуулж, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагчдын борлуулалтыг дэмжих арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай.

9. Хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж хүн амыг жилийн турш шинэ ургацын нарийн ногоогоор тасралтгүй хангах зорилгоор 20 га талбай бүхий өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулах төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 50,0 сая ам.долларын эх үүсвэрийг гадаад улсын болон олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр шийдвэрлэж, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

10. Хүнсний хангамж, аюулгүй байдал, бүтээгдэхүүний хадгалалт борлуулалт, үнэ тогтворжуулах зорилтын хүрээнд Улаанбаатар хотод "Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн хадгалалт борлуулалтын цогцолбор төв" байгуулах төслийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр эхлүүлэх, агуулахын аж ахуй хөгжүүлэх төслийг Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт даалгасугай.

11. Тариалалт, ургац хураалтын ажилд төрийн албан хаагчид, оюутан, цэргийн алба хаагчдыг нэгдсэн зохион байгуулалттайгаар татан оролцуулах, тэдгээрийн ажлын хөлс, ажиллах байрны нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд нь хамтран хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

12. "Хүнсээ бэлтгэх нь бүх нийтийн үйлс" аяныг орон даяар "Өрх бүр хүнсээ бэлтгэе" уриалга дор өрнүүлэх, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагчдад техник, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлж дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд тус тус үүрэг болгосугай.

13. "Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай" Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 131 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, газар тариалангийн бүс нутагт отроор өвөлжсөн малчдын малыг буцаан татан авч газар тариалангийн бүс нутгийг 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор чөлөөлөхийг Архангай, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

14. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, улирал тутамд Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН