Хэвлэх DOC Татаж авах
БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 114

БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын эрсдэлийн үед татвар, нийгмийн даатгал төлөгч аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдэд дэмжлэг үзүүлэх, төсвийн үр ашигтай удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор Төсвийн тухай хуулийн 42.2 дахь хэсэг, Хууль тогтоомжийн тухай хуулийн 12.2.17-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Татвар, нийгмийн даатгал төлөгч аж ахуйн нэгжийг татвар, торгууль, алдангиас чөлөөлөх, татварын зарим зохицуулалт хийх, даатгуулагчийн төлсөн шимтгэлийг хөнгөлөх, ажлын байраа хадгалж байгаа ажил олгогчийг дэмжихэд чиглэсэн дор дурдсан зохицуулалт бүхий хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгав:

       1.1. Дэлхий дахинд үүсээд байгаа коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахал тархсан онцгой нөхцөл байдлын улмаас аж ахуйн нэгж, байгууллага, түүнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа даатгуулагч болон сайн дурын даатгуулагчийг 2020 оны 4 дүгээр сарын     1-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх. Үүнд:

           1.1.1. хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, түүнд ажиллаж байгаа даатгуулагч;

           1.1.2. төрийн бус байгууллага, түүнд ажиллаж байгаа даатгуулагч;

           1.1.3. төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, түүнд ажиллаж байгаа даатгуулагч;

           1.1.4. сайн дурын даатгуулагч. 

       1.2 Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан сайн дураар даатгуулсан нийгмийн даатгалын байгууллагатай мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан сайн дураар даатгуулахаар гэрээ байгуулсан Монгол Улсын иргэний 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд түүний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү орлогод ногдох тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцох;       1.3. коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын улмаас өөрөөс үл хамаарах шалтгаанаар, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон болон 2020 оны 2, 3 дугаар сарын үйл ажиллагааны борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан боловч ажлын байрыг хадгалж байгаа төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгжийн даатгуулагч Монгол Улсын иргэнд 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200 000 (хоёр зуун мянган) төгрөгийн дэмжлэг олгох;

       1.4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн               18 дугаар зүйлийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогын нийт дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлогод мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлөх;

       1.5. 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын    1-ний өдрийг хүртэлх хугацаанд ногдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгж, байгууллагыг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох шийтгэл, мөн зүйлийн тайлбарын хоёр дахь өгүүлбэрт заасан алдангиас тус тус чөлөөлөх;

       1.6. 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын    1-ний өдрийг хүртэлх хугацаанд татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх;

       1.7. 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын    1-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ,  хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэх;

       1.8. 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд элсэн чихэр, ургамлын тос, бүх төрлийн хүнсний будаа, 15 мянган тонн элит үрийн улаан буудай, 160 мянган тонн хүнсний улаан буудайг импортлоход гаалийн болон импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх;

       1.9. Монгол Улсын иргэний 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс   2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг чөлөөлөх. Энэ чөлөөлөлтөд дараахь орлогод ногдох хувь хүний орлогын албан татвар хамаарахгүй байх:

            1.9.1. төрийн албан хаагчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого;

            1.9.2. төрийн өмчийн их, дээд сургуулиас бусад төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд ажилладаг хувь хүний цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого;

            1.9.3. гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч, тус ажлыг хийж  гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд ажилладаг хувь хүний зөвхөн уг ажилтай холбоотой олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого.

       1.10. 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг импортоор оруулахад гаалийн болон импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх.

2. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын тусгай зориулалтын шилжүүлгийн зардлын хэмнэлтээс 18 хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр 10.0 мянган төгрөгийг гурван сарын хугацаанд олгох арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

3. Эдийн засаг идэвхжиж, бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэлх хугацаанд төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан мөнгөн хөрөнгийн зохицуулалтын хүрээнд төсвийн урсгал зардал болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг дор дурдсан байдлаар санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай:

       3.1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлж он дамжин хэрэгжиж байгаа болон эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг тэргүүн ээлжид санхүүжүүлэх ажлыг эрчимжүүлж, боловсрол, эрүүл мэндийн салбарын их засварын санхүүжилтийг коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах; (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 149 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

       3.2. Төсвийн урсгал зардлаас дараахь зардлыг тэргүүн ээлжид санхүүжүүлэх:

            3.2.1. бүх шатны эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны зардал;

            3.2.2. бүх шатны төсвийн байгууллагын коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахтай холбоотой бүх төрлийн зардал;

            3.2.3. бүх шатны төсвийн байгууллагын цалин хөлс, ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл, цахилгаан, халаалт, цэвэр, бохир ус, түрээсийн зардал болон хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой шаардлагатай зардал;

            3.2.4. нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээ.

        3.3. Төсвийн урсгал зардлаас дараахь зардлыг төсвийн орлогын бүрдэлт болон ач холбогдолтой нь уялдуулан санхүүжүүлэх:

            3.3.1. бүх төрлийн судалгаа, тооллого, соёл урлаг, спортын чиглэлээр хэрэгжүүлэх нэг удаагийн арга хэмжээ, бүх төрлийн дэмжлэг урамшуулал,  зээлийн хүүгийн татаас;

            3.3.2. эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын татаас, Ипотекийн зээлийн санхүүжилт; 

            3.3.3. агаарын бохирдол, байгалийн гамшиг, ослын үр дагаврыг арилгах арга хэмжээний санхүүжилт;

            3.3.4. хүн, малын халдварт, архаг болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис бэлтгэх, хөдөлмөр хамгааллын хэрэглэл худалдан авах санхүүжилт, мал эмнэлгийн үйлчилгээний төлбөр;

            3.3.5. Засгийн газрын нөөц хөрөнгө, сонгуулийн арга хэмжээний санхүүжилт, гадаад, дотоод зээлийн хүүгийн төлбөр, хүнс, шатахуун, өвс тэжээл, үрийн нөөц бүрдүүлэх зардал;

            3.3.6. онцгой байдал, цагдаа, шүүхийн шинжилгээ, хил хамгаалах, хилийн шалган нэвтрүүлэх, батлан хамгаалах салбарын анги, нэгтгэлүүд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, мэргэжлийн хяналтын байгууллагын дотоод албан томилолтын зардал, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл худалдан авах зардал;

            3.3.7. мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид олгох тэтгэлэг;

            3.3.8. бусад нийтлэг зориулалт, арга хэмжээний зардал.

       3.4. Төсвийн урсгал зардлаас дараахь зардлын санхүүжилтийг түр зогсоох: 

            3.4.1. бүх шатны төсвийн байгууллагын гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт семинар зохион байгуулах, тавилга эд хогшил худалдан авах, урсгал засвар хийх;

            3.4.2. хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зардал;

            3.4.3. цалин хөлснөөс бусад бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр;

            3.4.4. бараа үйлчилгээний бусад зардал.

4. Цахилгаан эрчим хүч хэрэглэгч айл өрхүүдийн хэрэглээний төлбөрт алданги оногдуулахгүй байх, төлбөрөө төлөөгүй өрхүүдийн цахилгааныг хязгаарлах арга хэмжээ авахгүй байх талаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хороо (А.Тлейхан)-нд үүрэг болгосугай.

5. Олон улсын зах зээлд түүхий тосны үнэ буурч байгаатай холбогдуулан бүх төрлийн шатахуун, дизель түлшний жижиглэнгийн үнийг литр тутамд           300-400 төгрөгөөр бууруулах, цаашид жижиглэнгийн үнийг тогтворжуулах зорилгоор санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан өмнө нь байгуулсан гэрээ, хэлцлээр тохиролцсон нөхцөлийн хүрээнд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Ашигт малтмал, газрын тосны газар (Х.Хэрлэн)-т үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                         У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд                                                                  Ч.ХҮРЭЛБААТАР