Хэвлэх DOC Татаж авах
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 04 сарын 29 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал /цаашид “цар тахал” гэх/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хууль тогтоомж

2.1.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулах бөгөөд энэ хуульд зохицуулснаас бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна. 

3.2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“тохиолдол” гэж тухайн өвчний батлагдсан болон сэжигтэй, магадлалтай тохиолдол бүрийг;

4.1.2.“халдвар” гэж халдварт өвчин үүсгэгч хүн, амьтны биед нэвтрэн орж, өсөж үржихийг;

4.1.3.“хөл хорио” гэж тодорхой хугацаанд хүн ам, газар нутгийг хамарч халдварт өвчин тархахаас сэргийлэх, халдварыг анх гарсан голомтод нь барих, хяналтад авахад чиглэсэн арга хэмжээг;

4.1.4.“тусгаарлах” гэж халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн, халдвараар бохирлогдсон сэжигтэй гар тээш, ачаа, чингэлэг, тээврийн хэрэгсэл, бараа, шуудангийн илгээмжийг тусгаарлахыг;

4.1.5.“ажиглах” гэж халдвар дамжих аюулыг тодорхойлох зорилгоор тодорхой хугацааны туршид хүний эрүүл мэндийн байдлыг хянах үйл ажиллагааг;

4.1.6.“халдварлагдсан” гэж хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулах халдвар тээгч хүн болон халдвараар нас барсан хүний цогцос, халдвар үүсгэгчээр бохирдсон эд хэрэглэл, гар тээш, ачаа, чингэлэг, тээврийн хэрэгсэл, бараа, шуудангийн илгээмжийг;

4.1.7.“халдваргүйжүүлэлт” гэж хүний болон амьтны биеийн гадаргуу дээр, эсхүл гар тээш, ачаа, чингэлэг, тээврийн хэрэгсэл, бараа, шуудангийн илгээмжийн дотор болон гадна хэсэгт байгаа халдвар үүсгэгчийг физик болон химийн аргаар устгах, эсхүл тоог цөөрүүлэх арга хэмжээ авахыг;

4.1.8.“халдварын сэжигтэй” гэж хүн амын эрүүл мэндэд аюул занал учруулж болох эрсдэлд өртсөн буюу өртсөн байх магадлалтай, өвчин тараах эх үүсвэр байж болзошгүй хүн, гар тээш, ачаа, чингэлэг, тээврийн хэрэгсэл, бараа, шуудангийн илгээмжийг.

4.1.9.“цахим худалдаа” гэж цахим сүлжээ ашиглан бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, хэлцэл хийх, төлбөр төлөх, хүргэж өгөх, хүлээж авах үйл ажиллагааг.

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

5 дугаар зүйл.Үйл ажиллагаанд баримтлах зарчим

5.1.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд дараах зарчим баримтална:

5.1.1.хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.1.2.шуурхай, ил тод, хариуцлагатай байх;

5.1.3.олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх;

5.1.4.нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоох, хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах;

5.1.5.ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх;

5.1.6.байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах, харилцан мэдээлэл солилцох, иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг авах.

5.1.7.хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, сэтгэл зүйн дарамт, хохирол учруулж болзошгүй мэдээлэл тараахгүй байх.

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН БУСАД БАЙГУУЛЛАГААС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

6 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

6.1.Монгол Улсын Их Хурал цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

6.1.1.цар тахлын үед шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх;

6.1.2.энэ хуулийн 6.1.1-д заасан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу шуурхай хянан хэлэлцэх;

6.1.3.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд тогтмол хяналт тавих.

6.2.Монгол Улсын Их Хурал энэ хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий түр хороог Улсын Их Хурлын бүх Байнгын хорооны болон Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулна.

6.3.Энэ хуулийн 6.2-т заасан түр хороо дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

6.3.1.энэ хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэх;

6.3.2.бусад Байнгын хороогоор энэ хуулийн биелэлтийг хэлэлцүүлэх санал гаргах.

Хэвлэх

7 дугаар зүйл.Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

7.1.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газар энэ хуулийн 11.1-д заасан шаардлагад нийцүүлэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

7.1.1.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох, зайнаас харьцах зэрэг шаардлагатай арга хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон холбогдох бусад байгууллагын саналыг үндэслэн авах, тэдгээрт мөрдөх журам, зааврыг батлах;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.1.2.цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.1.3.эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүний хүүгийн татаасаар Төв банканд дэмжлэг үзүүлэх;

7.1.4.цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд ажиллах байгууллага, ажилтныг шаардлагатай хамгаалалтын хувцас, хэрэгсэл, техник, багаж, тоног төхөөрөмжөөр хангах, мэдээлэл, сургалт, сэтгэл зүйн туслалцаа болон бусад дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөл бүрдүүлэх, эдгээртэй холбоотой зардлыг шийдвэрлэх;

7.1.5.цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин, орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх;

7.1.6.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах, харилцан мэдээлэл солилцох, уг үйл ажиллагаанд төрийн бусад байгууллагыг татан оролцуулах журмыг Улсын онцгой комиссын санал болгосноор батлах;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.1.7.нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг улсын хэмжээнд болон зарим нутаг дэвсгэрийн хэмжээнд хязгаарлах;

7.1.8.өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар теле, цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, сургалтын  төлбөрийг хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх журам батлах;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.1.9.бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хойшлуулсан, хязгаарласан тохиолдолд цахим, эсхүл бусад хэлбэрээр зайн сургалтыг чанартай, хүртээмжтэй хүргэх, багш болон суралцагчийн оролцоо, түүнд тавих хяналтыг сайжруулах;

7.1.10.шашны байгууллагын шашин номын хурал, цуглааныг олон нийтийг биечлэн хамруулан зохион байгуулахыг тодорхой хугацаагаар зогсоох;

7.1.11.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүл мэндээ хамгаалах арга замын талаар үнэн зөв, бодит мэдээллээр иргэдийг тогтмол, шуурхай, хүртээмжтэй хангах;

7.1.12.цар тахлын үед орон гэргүй, нэн ядуу иргэдийг орон байр, сайжруулсан түлш, хоол хүнс, ундны цэвэр усаар хангах, халдвараас сэргийлэх ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.1.13.төрөлжсөн асрамжийн газар, түүнчлэн эрүүлжүүлэх, баривчлах, цагдан хорих байр, хорих ангид байгаа болон бусад хэлбэрээр эрх чөлөө нь хязгаарлагдсан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулах;

7.1.14.цар тахлаас хамааралгүйгээр хийгдэж байгаа бүтээгдэхүүний экспортыг хориглохгүй бөгөөд эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, урвалж, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, иргэдийн хамгаалах хэрэгсэл, хүнсний болон бусад шаардлагатай барааг улсын хилээр гаргахыг хориглох асуудлыг шийдвэрлэх;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.1.15.цар тахлын болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг авахад шаардлагатай хүнсний болон бусад нөөцтэй байх ба нөөцийн жагсаалтыг баталж, түүнийг бүрдүүлэхтэй холбоотой 3 сараас доошгүй хугацааны зардлыг шийдвэрлэх;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.1.16.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд ажлын тусгай горимоор томилогдон ажиллаж байгаа төрийн албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс, нөхөх олговор, урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх;

7.1.17.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулах;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.18.цар тахлын үед өргөн хэрэглээний болон стратегийн ач холбогдол бүхий зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байхад чиглэсэн төрийн зохицуулалтын арга хэмжээг авах;

7.1.19.улсын хилээр нэвтрэх болон дотоодын зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тодорхой хугацаанд хязгаарлалт хийх;

7.1.20.гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хохирогчид үзүүлэх үйлчилгээ, түр хамгаалах байранд шаардлагатай хөрөнгө оруулалт болон 24 цагаар ажиллуулах утасны санхүүжилтийг шийдвэрлэх;

7.1.21.коронавирусын халдвар авсан, халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүнийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлохоос урьдчилан сэргийлэх, хуульд заасан аргаар таслан зогсоох;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.1.22.цар тахлын үед арга хэмжээ авахдаа хүүхэд болон өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тогтмол тусламж, үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

7.1.23.цар тахлын үед хүн амыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, вакцин, эм, эмнэлгийн хэрэгслээр тэгш хүртээмжтэй хангах;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.1.24.Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч, холбогдох зардлыг шийдвэрлэх;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.1.25.үр тарианы болон хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлэх, газар тариалангийн ургац тасалдахаас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах;

7.1.26.экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаанд төрийн хяналт тавих.

7.1.27.хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосны улмаас Монгол Улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй болсон нь холбогдох баримтаар тогтоогдсон, гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн барааны гаалийн бүрдүүлэлтийн горимд байрших хугацааг дэглэм цуцлах хүртэлх хугацаагаар сунгах, хугацаа хэтрүүлсний торгуулиас чөлөөлөх;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.1.28.цар тахлын үед төрийн үйлчилгээг мэдээллийн технологи ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх боломжийг бүрдүүлж, төрийн үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлэх;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.1.29.төрийн байгууллага хооронд болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай цахим хэлбэрээр албан бичиг илгээх, хүлээн авах боломжийг бүрдүүлсэн солилцооны дундын системийг ашиглах;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.1.30.шуудангийн үйлчилгээг цар тахлын үед тасралтгүй зохион байгуулах, хот доторх болон хот хоорондын бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээг өргөжүүлэх, цахим худалдааны цар хүрээг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.1.31.цар тахлын үед харилцаа холбоо, мэдээллийн технологи, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар, төрийн өмчит онц чухал болон стратегийн зориулалттай үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах арга хэмжээг авах.

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.2.Энэ хуулийн 7.1.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө.

7.3.Энэ хуулийн 7.1.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.

Хэвлэх

71 дүгээр зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаас авч  хэрэгжүүлэх арга хэмжээ

/Энэ зүйлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

71.1.Цар тахлын үед иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх.

Хэвлэх

8 дугаар зүйл.Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлэх арга хэмжээ

8.1.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар Улсын онцгой комисс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

8.1.1.гадаад улсад байгаа Монгол Улсын иргэн буцаж ирэх хүсэлт гаргасан тохиолдолд тухайн улс дахь өвчлөлийн тархалт, эрсдэл, шууд нислэгийн боломж, бусад нөхцөл байдлыг харгалзан татан авах, тусгаарлах, хяналтад байлгах арга хэмжээг уян хатан байдлаар үе шаттайгаар зохион байгуулах;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8.1.2.Монгол Улсад байгаа гадаад улсын иргэн харьяалалгүй хүн буцах, гарах хүсэлт гаргасан тохиолдолд улсын хилээр нэвтрүүлэх талаар холбогдох шийдвэр гаргах;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.1.3.энэ хуулийн 8.1.1, 8.1.2-т заасан ажиллагааны хүрээнд зорчигчийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох журмыг баталж, хэрэгжүүлэх;

8.1.4.дамжин өнгөрөх болон улс хоорондын ачаа тээвэр, эрдэс баялгийн экспортын хүрээнд ачаа тээврийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох журмыг батлах;

8.1.5.энэ хуулийн 7.1.15-д заасан нөөц бүрдүүлэх, хуваарилах  ажлыг зохион байгуулах.

8.1.6.халдварын тохиолдол, тэдгээрийн хавьтлыг олж тогтоох, илрүүлэх шинжилгээ авах, сорьц цуглуулах, тусгаарлах, хорио цээр, хязгаарлалтын дэглэм сахиулах, хөл хорионд орсон иргэдийг харьяалах оршин суух газарт зорчих үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

8.1.7.цар тахлаас  урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлах;

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

8.1.8.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээний талаар холбогдох тушаал гаргах, дүрэм, журам, заавар, удирдамж батлах.

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

9 дүгээр зүйл.Төрийн бусад байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ    

9.1.Цар тахлын тохиолдол ажиглах, халдварыг илрүүлэх, оношлох, баталгаажуулах, мэдээлэх, халдварт өвчтөнийг тусгаарлах, эмчлэх зэрэг шаардлагатай бусад хариу арга хэмжээний журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9.2.Хилийн боомтоор нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийх, халдварын сэжигтэй зорчигчийг илрүүлэх, тандах, тусгаарлалтад шилжүүлэх зэрэг хилийн нэвтрэх цэгт авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний журмыг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9.3.Энэ хуулийн 7.1.15-д заасан нөөцөд байх эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эд, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын жагсаалт, нөөц бүрдүүлэх, хадгалах, шинэчлэх, зарцуулах журмыг эрүүл мэндийн болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.4.Халдварт өвчнөөс хамгаалах зориулалттай эмнэлгийн хэрэгслийг эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг тодорхойлсон лабораторийн шинжилгээг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эмнэлгийн хэрэгсэл хангах нийлүүлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага улсын хилээр оруулах бөгөөд хамгаалах хэрэгслийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.  

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.5.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цар тахлын халдварын эмчилгээнд шаардлагатай шинэ төрлийн эм, ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг түргэвчилсэн журмаар бүртгэнэ.

9.6.Энэ хуулийн 7.1.15-д заасан нөөц бүрдүүлэх зорилгоор бараа бүтээгдэхүүнийг импортлоход түүнчлэн дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эд, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9.7.Цар тахлын халдвараар өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын хилээр оруулахгүй байж болно.

9.8.Зорчигч, тээврийн хэрэгслийг хорио цээрийн дэглэмийн үед улсын хилээр нэвтрүүлэхэд хилийн хяналтын байгууллагаас гадна холбогдох эрх бүхий байгууллагын төлөөлөл хилийн боомтод ажиллаж болох ба уг үйл ажиллагаанд мөрдөх тусгай журмыг хилийн боомтын зөвлөлийн дарга батлан мөрдүүлж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана.

9.9.Хилийн боомтоор зорчигчийн улсын хил нэвтрэх үеийн баримт бичгийг хялбаршуулсан журмаар шалгах бөгөөд холбогдох журмыг улсын хил хамгаалах байгууллагын дарга батална.

9.10.Цар тахлын үед шүүгч, прокурорыг 24 цагаар ажиллуулах журмыг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болон Улсын ерөнхий прокурор тус тус баталж, хэрэгжилтийг зохион байгуулна.

9.11.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх болон бусад эрх бүхий байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зарим ажиллагааг цахимаар явуулж болох бөгөөд эдгээр байгууллага иргэний үндсэн эрх, эрх чөлөөний баталгааг дордуулахгүйгээр өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох журмыг баталж, хэрэгжилтийг зохион байгуулна. 

9.12.Олон улсын шуудан солилцооны үйлчилгээний тасралтгүй, шуурхай байдлыг хангаж, улс хоорондын шуудан илгээмжид Гаалийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан түргэвчилсэн бүрдүүлэлт хийж болно.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.13.Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журмыг Цагдаагийн төв байгууллага Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

9.14.Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм тогтоосны улмаас гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй, оршин суух зөвшөөрөл аваагүй, визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй бол тус нөхцөл байдал арилах хүртэлх хугацаанд бүртгэл, хугацаа хэтрүүлсний төлбөр, торгуулиас чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.15.Коронавируст халдварыг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх шинэ арга, аргачлалыг олон улсын, эсхүл үндэсний эмнэлзүйн туршилт, зөвлөмжид үндэслэн оношлогоо, эмчилгээнд хэрэглэх зааврыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

9.16.Харилцаа холбоо, эрчим хүч, шатахуун түгээх газрын сүлжээний найдвартай ажиллагаа, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, гэмтэл саатлыг шуурхай засварлах, үйлчилгээг сэргээх боломжийг бүрдүүлэх зорилгоор импортоор оруулж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, машин техникт Гаалийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан түргэвчилсэн бүрдүүлэлт хийж болно.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

9.17.Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор тухайн нутаг дэвсгэртээ дагаж мөрдөх дүрэм, журам, заавар, төлөвлөгөө, удирдамжийг батлан хэрэгжилтийг хангана.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

9.18.Халдвар авсан иргэний хөдөлгөөнийг тогтоох зорилгоор иргэн, хуулийн этгээдээс мэдээ, мэдээлэл авах журмыг Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газрын болон Цагдаагийн  ерөнхий газрын дарга хамтран батална.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

9.19.Хүнсний цахим болон шууд худалдааны зохицуулалт, зохион байгуулалт, худалдаа эрхлэгчид тавих эрүүл ахуйн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн шаардлагыг тогтоосон журмыг холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн хүнсний болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

10 дугаар зүйл.Төв банк болон арилжааны банкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

10.1.Төв банк цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар зайлшгүй тохиолдолд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

10.1.1.төгрөгийн болон банк санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн тодорхой салбарыг дэмжих, банкны санхүүгийн байдлыг сайжруулах зорилгоор банканд зээл олгох Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд заасан үйл ажиллагаа явуулж, хуульд заасан арга, хэрэгслийг ашиглах;

10.1.2.гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, зохицуулах зорилгоор дотоод болон гадаадын улс, олон улсын банк, санхүүгийн байгууллага, хуулийн этгээдээс зээл болон бусад хэлцлээр гадаад валют авах, худалдан авах нөхцөлтэйгөөр дотоодын банк, санхүүгийн байгууллагад зээл олгох.

10.2.Энэ хуулийн 10.1-д заасан зээл, хэлцлийн нөхцөл, шаардлагыг Төв банк тогтооно.

10.3.Энэ хуулийн 10.1-д заасан арга хэмжээг авахад Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 4, 7 дахь заалт хамаарахгүй.

10.4.Цар тахлын үед банкны харилцах дансанд хүү тооцохгүй, гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамруулахгүй бөгөөд иргэн, хуулийн этгээд хоорондын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ.

10.5.Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргана.

10.6.Барилгын салбарын зээлийн чанар муудахаас сэргийлэх, ажлын байрыг хадгалах зорилгоор Төв банкнаас олгосон санхүүжилтийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хэмжээгээр орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлнэ.

10.7.Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр нийт 6 хүртэлх сараар хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, арга хэмжээнд тавих шаардлага

11.1.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд дараах шаардлагыг нэг мөр хангана:

11.1.1.хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан байх;

11.1.2.үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, нийгмийн эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байх;

11.1.3.энэ хуулийн 11.1.2-т заасан зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон байх;

11.1.4.хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг хөндөөгүй байх;

11.1.5.хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор болон бусад шинжээр нь ялгаварлан гадуурхахгүй, нэр төрийг нь доромжлохгүй байх.

11.2.Энэ хуульд заасан арга хэмжээ нь тухайн нөхцөлд тохирсон тодорхой хамрах хүрээ, хугацаатай байх бөгөөд цугларсан мэдээллийг нийгмийн эрүүл мэндийг хамгаалахаас бусад зорилгоор урвуулан ашиглахыг хориглоно.

11.3.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор гарах шийдвэр, арга хэмжээ нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгийн бага хязгаарласан, бодитой, тохирсон байна. 

11.4.Энэ хуулийн 11.1-д заасан шийдвэр, арга хэмжээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол, шуурхай, хүртээмжтэй, дэлгэрэнгүй мэдээлнэ.

11.5.Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд энэ хуульд заасан арга хэмжээнд хяналт тавина.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ

12 дугаар зүйл.Иргэний эрх, үүрэг

12.1.Иргэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах эрхтэй:

12.1.1.холбогдох байгууллага, албан тушаалтнаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үнэн зөв, бодит мэдээлэл авах;

12.1.2.цар тахлын халдвараар өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй тохиолдолд шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах;

12.1.3.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар гаргасан шийдвэр, арга хэмжээ энэ хуулийн 11.1-д заасан шаардлагыг хангаагүйгээс эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах;

12.1.4.хуульд заасан бусад эрх.

12.2.Иргэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй:

12.2.1.эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх;

12.2.2.өөрийн эрүүл мэндийн байдал, аяллын түүх зэрэг халдвар судлалд шаардлагатай мэдээллийг үнэн зөв өгөх;

12.2.3.мэргэжлийн байгууллагын шаардлагын дагуу үзлэг, шинжилгээнд заавал хамрагдах;

12.2.4.цар тахлын халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлан эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх;

12.2.5.албан байгууллага, олон нийтийн газарт амны хаалт тогтмол зүүж, гараа угаах, хүн хоорондын зай барих;

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.2.6.цар тахлын халдварын үед тусгаарлах, ажиглах журмыг чанд сахих;

12.2.7.халдварын голомттой улсаас ирсэн, эсхүл халдварлагдсан байж болзошгүй бол эрх бүхий байгууллагаас тогтоосон нөхцөл, хугацаанд тусгаарлалтын дэглэмд байх;

12.2.8.татан авалт, тусгаарлалт, үйлчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэгтэй холбогдон гарах зайлшгүй зардлыг төлөх;

12.2.9.эрх бүхий байгууллагын шийдвэрийг зөрчсөний улмаас гарсан зардлыг хариуцах;

12.2.10.хуульд заасан бусад үүрэг.

12.3.Цар тахал түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл түгээхийг хориглоно.

12.4.Иргэн халдварт өвчнийг бусдад зориуд халдаасан бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Хэвлэх

13 дугаар зүйл.Аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг

13.1.Аж ахуйн нэгж, байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах эрхтэй:

13.1.1.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үнэн зөв, бодит мэдээлэл авах;

13.1.2.цар тахлын эсрэг мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, зөвлөгөө авах, хандив, тусламж өгөх;

13.1.3.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар гаргасан шийдвэр, арга хэмжээ энэ хуулийн 11.1-д заасан шаардлагыг хангаагүйгээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах;

13.1.4.хуульд заасан бусад эрх.

13.2.Аж ахуйн нэгж, байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй:

13.2.1.эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх;

13.2.2.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх;

13.2.3.ажлын байранд агааржуулалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх;

13.2.4.иргэн болон ажилтныг халдвараас сэргийлэх нөхцөлийг эрх бүхий байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу бүрдүүлэх;

13.2.5.хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах;

13.2.6.энэ хуулийн 7.1.1-д заасан журамд хориглосон хэлбэрээр олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээ, уулзалт зохион байгуулахгүй байх;

13.2.7.үйл ажиллагаагаа мэдээллийн технологи ашиглан цахимаар явуулах боломжийг бүрдүүлэх;

13.2.8.гамшгийн үед түрээсийн төлбөрийг нэмэх, бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх;

13.2.9.цар тахлын үед өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тогтмол тусламж, үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, эмзэг болон эрсдэлт бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах;

13.2.10.хуульд заасан бусад үүрэг.

13.3.Цар тахал түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл түгээхийг хориглоно.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг

14.1.Хэвлэл мэдээллийн байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Улсын онцгой комисс болон бусад эрх бүхий байгууллагаас өгсөн сэрэмжлүүлэг, мэдээллийг олон нийтэд үнэ төлбөргүй, саадгүйгээр мэдээлнэ.

14.2.Цар тахлын талаарх цаг үеийн болон түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой үнэн, бодит мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч олон нийтэд хүргэнэ.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

15 дугаар зүйл.Хандив

15.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллага, гадаад улс орноос өгч байгаа хандивыг Улсын онцгой комисс болон холбогдох асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүртгэж, зарцуулалтыг олон нийтэд ил тод байлгаж, нэн шаардлагатай арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.

/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан хандивын тодорхой хэсгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.17-д заасан санд төвлөрүүлж, цар тахалтай холбоотойгоор гадаадын улс орноос тогтоосон хөл хорио, хилийн хязгаарлалтын улмаас эх орондоо буцах боломжгүй болсон, санхүүгийн хүндрэлд орсон иргэдээс тодорхой шалгуурыг хангасан зорилтот бүлэгт тусламж үзүүлэхэд зарцуулж болно.

Хэвлэх

16 дугаар зүйл.Эд хөрөнгө дайчлах

/Энэ зүйлийн гарчигт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.1.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн эд хөрөнгө, барилга байгууламжийг дайчлан авч болно.

16.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн эд хөрөнгө, барилга байгууламжийг дайчилсан тохиолдолд тухайн хөрөнгийн урсгал, эсхүл үйл ажиллагааны зардлын хэмжээгээр нөхөх олговор олгоно.

16.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн эд хөрөнгө, барилга байгууламжийг дайчлан гаргуулсан тохиолдолд нөхөх олговрыг тооцох, олгох журмыг Улсын онцгой комиссын санал болгосноор Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

16.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн аймаг, нийслэл дэх дайчилж болох барилга байгууламжийн жагсаалтыг гаргаж Улсын онцгой комисст хүргүүлнэ.

Хэвлэх

17 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

17.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

17.2.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Хэвлэх

18 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хугацаа

18.1.Энэ хууль 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үйлчилнэ. 

/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.2.Энэ хуулийн 18.1-д заасан хугацааг Монгол Улсын Их Хурал зургаа хүртэл сараар нэг удаа сунгаж болно.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Хэвлэх

19 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

19.1.Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР