A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 151

Улаанбаатар хот

Төрийн албаны тухай хуулийн 57.7, 57.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1, 2, 5, 6, 7 дугаар хавсралтад дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай:

1/ Тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам"-ын 2 дахь заалтын (жилээр) гэсний дараа ",сараар" гэж, 6-10 жилд гэсний дараа (61-120 сар), 11-15 жилд гэсний дараа (121-180 сар), 16-20 жилд гэсний дараа (181-240 сар), 21-25 жилд гэсний дараа (241-300 сар), 26 ба түүнээс дээш гэсний дараа (301 ба түүнээс дээш сар) гэж, мөн 3 дахь заалтад "11/сонсогчийн цэргийн сургуульд суралцсан хугацаа; 12/хугацаат цэргийн алба хаасан хугацаа; 13/нийгмийн шилжилтийн явцад ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний 1990-1995 оны хооронд ажилласан жил тасарсан иргэнд аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баталгаажилтын хуудсыг үндэслэн ажилласнаар нөхөн тооцуулсан хугацаа." гэж тус тус нэмсүгэй.

2/ Тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам"-ын "Гурав. Нэмэгдэл хөлс олгох" гэсэн хэсэгт "5.Ээлжийн хуваариар ажил үүрэг гүйцэтгэсэн ажилтны хувьд энэ хэсгийг 3 дахь заалтыг баримтлахгүй байж болно." гэж нэмсүгэй.

3/ Тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан "Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ын 3 дахь заалтад "Сүрьеэгийн эмнэлэг, тасаг" гэсний дараа "амбулатори" гэж, "тандалт судалгааны нэгжид ажиллаж байгаа" гэсний дараа "дарга/эрхлэгч" гэж, "хүний их эмч" гэсний дараа "шүдний их эмч, эм зүйч" гэж, "лабораторийн болон рентген туяаны техникч" гэсний дараа "ариутгагч" гэж тус тус нэмсүгэй.

4/ Тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан "Төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам"-ын 2 дахь заалтын "Төрийн үйлчилгээний албан хаагч" гэсэн хүснэгтийн "Төрийн үйлчилгээний (дэмжих, туслах) албан хаагчид олгох нийтлэг мэргэшлийн зэрэг" гэснийг "Мэргэшлийн зэрэг тогтоогдсон төрийн үйлчилгээний бусад албан тушаал" гэж өөрчилсүгэй.

5/ Тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам"-ын 2 дахь заалтын тайлбарыг, мөн тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан "Төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам"-ын 8 дахь заалтын "Дэмжих, туслах чиг үүрэгтэй төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоход тавигдах шалгуур үзүүлэлтийг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно." гэснийг, мөн тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан "Төрийн үйлчилгээний албан хаагч орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам"-ын 3 дахь заалтын хүснэгт дэх "3.Боловсролын сургалтын байгууллагын арга зүйн мэргэжилтэн" гэснийг тус тус хассугай.

2. "Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-д дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай:

1/ Журмын 2.1 дэх заалтад "тухайн албан тушаалын" гэсний дараа "үндсэн цалингийн" гэж, 3.1 дэх заалтад "3.1.10.сонсогчийн цэргийн сургуульд суралцсан хугацаа; 3.1.11.хугацаат цэргийн алба хаасан хугацаа; 3.1.12.нийгмийн шилжилтийн явцад ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний 1990-1995 оны хооронд ажилласан жил тасарсан иргэнд аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас зохих журмын дагуу олгосон баталгаажилтын хуудсыг үндэслэн ажилласнаар нөхөн тооцуулсан хугацаа." гэж тус тус нэмсүгэй.

2/ Журмын 2.2 дахь заалтын "...хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг" гэснийг "... 2.1-д зааснаар тогтоосон үндсэн цалингийн дунджийг" гэж, 3.1 дэх заалтын 3.1.4-т "... ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга (захирал, эрхлэгч)-аар" гэснийг "... гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан (хөлсөөр түр ажиллагч орохгүй)-аар" гэж, 4.2 дахь заалтын "3.1, 3.2, 3.3-т заасны дагуу" гэснийг "2.1, 2.2-т заасны дагуу" гэж, "4.1.5-4.1.9-д заасан хугацааг" гэснийг "3.1-д заасан хугацааг" гэж тус тус өөрчилсүгэй.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан төрийн албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс, төрийн албанаас өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг 2020 оны батлагдсан төсөвт багтаан хэрэгжүүлэх, цаашид жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг төсвийн захирагч нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ