Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.2.9, 32.3.11 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

 

2020 оны 5 дугаар сарын  06-ны өдөр                                                                                                                       Дугаар 03                                                                                                                                         Улаанбаатар хот                                                                                        

      Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай

       хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэг,

        32 дугаар зүйлийн 32.2.9, 32.3.11 дэх заалт

       Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн

       эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

 

 

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 16.00 цаг

 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр даргалж, гишүүн Д.Солонго /илтгэгч/, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхгэрэлийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд иргэн Г.Давааням, Л.Мөнхсайхан, Т.Баярхүү, С.Номынбаясгалан, Н.Чадраабал, Ё.Бямбатогтох, Ц.Шаравдорж болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нар оролцов.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалтыг; мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9, 32.3.11 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Нэг. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн Г.Давааням, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Уламбаяр нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

 

“1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг зөрчжээ. Энд сонгогчдын сонгох эрхийг, иргэний сонгогдох эрхийг давхар зөрчив. Сонгогчдын сонгохыг хүссэн хүнийг энэ хуулиар нэр дэвшүүлэхгүй байх магадлал өндөр болжээ.

 

Ял эдэлж байгаагаас бусад сонгуулийн насны Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхтэй байтал “авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял эдэлж байсан бол” хэмээн онцгойлон зааж иргэний “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг зөрчиж, ялгаварлан гадуурхаж, хүний сонгогдох эрхийг дордуулсан байна. Энэ заалт Үндсэн хуулийн “Эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэсэн Үндсэн хуулийн эрхэм зорилгыг зөрчиж, хэлмэгдэл дүүрэн заалт болжээ.

 

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад “... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө ... хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. ...” гэсэн заалтыг зөрчив. ... Энэхүү заалтаас харахад хүн амины хэрэг, хүчингийн хэрэг, мөнгө угаасан хэрэг, ЖДҮ-дсэн улс төрчид, эх орноосоо урвасан хэрэгт шүүхээр ял эдэлсэн хүмүүс Улсын Их Хуралд нэр дэвших эрхтэй харагдаж байна. Харин авлига, албан тушаалын хэрэгт ял эдэлсэн бол ялгаварлан гадуурхагдаж байна. ...

 

3. Хууль санаачлагчид Төрийн албаны хуульд авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял эдэлсэн хүнийг төрийн албанд ажиллуулахгүй гэсэн заалт орсон гэж тайлбарлаж байгаад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсгийг оруулсан. Улсын Их Хурлын гишүүн бол сонгогддог улс төрийн алба. Төрийн захиргааны албан тушаалтан бол томилогддог албан тушаалтан. Иймд сонгогддог Улсын Их Хурлын гишүүнд томилогддог төрийн албан тушаалтны хууль эрх зүйн зохицуулалтыг хэрэглэж болохгүй гэдэг нь ойлгомжтой.

 

4. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчлөө. Төрөөс хүний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгаа бүрдүүлэхийг иргэнийхээ өмнө хариуцах үүрэг хүлээсэн байтал Улсын Их Хурал маань иргэнээ хэлмэгдүүлж ялгаварлан гадуурхаж сонгогдох эрхэд нь халджээ. ...

 

5. Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн Долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хуульд тодорхойлсон хүний эрхийг дордуулсан заалт бүхий … хууль болон олон улсын гэрээ, тэдгээрийн заалтыг мөнхүү Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноос хойш хэрэглэхийг хориглоно. ...” гэсэн заалтыг зөрчиж иргэний сонгогдох эрхийг насан туршид хассан байна. …

 

6. ... Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын “Хүн бүр эрх чөлөөтөй, халдашгүй дархан байх эрхтэй. ...” гэсэн заалтын хүний сонгох, сонгогдох халдашгүй дархан байх эрхэд халдав. Тус Пактын 25 дугаар зүйлийн “Иргэн бүр 2 дугаар зүйлд дурдсан аливаа алагчилалгүйгээр болон үндэслэлгүй хязгаарлалтгүйгээр дараахь эрх, боломжийг эдэлнэ: ...  (b) сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар  хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтөй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох;” гэснийг зөрчин алагчлан хязгаарлаж сонгогдох эрхэд халдан хэлмэгдүүлж олон улсын Пактад заасан хүний эрхийг зөрчжээ.

 

Монгол Улсын хууль, олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчсөн бол олон улсын гэрээ хэлэлцээрийг дагах хууль бий. Пактын 2 дугаар зүйлийн 1-д  “Энэхүү Пактад оролцогч улс бүр нутаг дэвсгэртээ болон харьяалалдаа байгаа бүх хүний энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, ... бусад байдлаар ялгаварлахгүйгээр хүндэтгэн хангах үүрэгтэй.” гэсээр байтал үүнийг үл хүндэтгэн улс төрийн зорилгоор сонгуулийн хуульд эрүүгийн хуулийн заалт оруулж, олон улсын хүний эрхийн Пактаар хүлээн зөвшөөрсөн хүний эрхийг маш бүдүүлгээр зөрчиж хүний эрхийг дордуулан насан туршид сонгогдох эрхийг хясан боогдуулж хэлмэгдүүлж байна. ...

 

Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэсэн нь иргэний сонгогдох эрхийг хязгаарласан, Үндсэн хууль зөрчсөн зөрчлийг нэн даруй залруулж өгнө үү.” гэжээ.

 

Хоёр. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн Л.Мөнхсайхан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн Т.Баярхүү нар Үндсэн хуулийн цэцэд хандаж:

 

“1. Сонгуулийн хуулиар ... иргэд нийтээрээ оролцох, шууд сонгох эрхтэй, иргэний сонгогдох эрхийг зөвхөн насаар хязгаарлах тухай, мөн сонгуулийн хуулиар эрүүгийн хариуцлага оногдуулах харилцааг биш харин сонгуулийн журмыг тогтоодог тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлд тусгасан байна.

 

... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн “Нэр дэвшүүлэх нийтлэг журам” гэсэн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэж заасан нь сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулж явуулахад мөрдөх “сонгуулийн үйл ажиллагааны журам тогтоосон” биш, харин “нэмэгдэл ял оногдуулах” шинжтэй болсон нь иргэний сонгогдох эрхийг гагцхүү насаар хязгаарлах тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.”, “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн. ...

 

2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар иргэний төрийн байгууллагад сонгох, сонгогдох харилцааг, өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан иргэний эрхээ эдлэх эрх зүйн шинжтэй харилцааг зохицуулсан байтал Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэж “Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших эрхийг хасах ял”-ыг сонгуулийн хуулиар оногдуулах, энэ ялыг оногдуулах эрхийг сонгуулийн төв байгууллага эдлэх, зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “эрх хасах” нэмэгдэл ял оноох тухай заасан нь уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад оршино.” гэсэн зорилтоос хазайж, эсрэгээрээ иргэний сонгогдох төдийгүй сонгох эрхийг хангах биш хааж боогдуулсан явдал бөгөөд ингэснээр Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно.”, мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт оногдуулах үндсэн ялын төрөл, хэмжээг заана.”, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн заалтуудтай зөрчилдсөн, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, 2 дахь хэсгийн “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.” гэснийг зөрчсөн байна. ...

 

Энэ талаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2008 онд гарсан 06 дугаар дүгнэлт хүчин төгөлдөр үйлчилж байхад Улсын Их Хурал дахин Үндсэн хууль зөрчсөн хууль баталсан нь Үндсэн хуульд тунхагласан “төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчим”-ыг уландаа гишгэсэн явдал юм. ... Уг дүгнэлтийн үндэслэл хэсгийн 2-т “Хууль тогтоогч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид тавих шаардлагад “Ялгүй байх” гэсэн заалтыг оруулснаараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн улс төрийн эрх буюу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна.” гээд тус дүгнэлтийн тогтоох хэсгийн 1-д “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Нэр дэвшигч нь … дараахь шаардлагыг хангасан байна” гээд 27.4.3 дахь заалтад “ялгүй байх” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” хэмээжээ. ...

 

            Үүнээс үзвэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөн байна. ...” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.

 

Гурав. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Номынбаясгалан Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

 

“... Монгол Улсын Үндсэн хуульд төрийн байгууллагад “сонгогдох” эрхийг зөвхөн хуулиар насны хязгаарлалт тогтоохоор зохицуулсан байтал Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглох тухай Үндсэн хуульд тусгагдаагүй шаардлага тавьснаар Үндсэн хуулийн үзэл баримтлал, агуулгаас хальж, дурдсан гэмт хэрэгт өмнө нь ял шийтгүүлж байсан иргэдийн сонгуулийн эрх буюу “сонгогдох” үндсэн эрхийг хязгаарласан байна. Энэ нь тэдний “улс төрийн эрх” буюу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлах хууль зүйн үр дагаврыг бий болгож байгаагаараа Үндсэн хуульд нийцэхгүй байна.

 

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсгийн “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэсэн нь, энэ хуулийн 32 дугаар зүйлд “Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан дараах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ:” гээд 32.2.9 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.”, мөн зүйлийн 32.3 дахь хэсгийн 32.3.11 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...;”, энэ хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэснийг тус тус зөрчсөн тул хянан хэлэлцэж дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ.

 

Дөрөв. Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Чадраабал, Налайх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн Ё.Бямбатогтох нар Үндсэн хуулийн цэцэд хандаж:

“ ... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” ... гэснийг зөрчиж байна. Энэ асуудлаарх Үндсэн хуулийн цэцийн 2008 оны сонгуулийн хуулиар дамжуулан иргэний Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэнд халдаж болохгүй гэсэн агуулгатай 06 дугаар дүгнэлт хүчин төгөлдөр үйлчилж байгааг мэдсээр байж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд дээрх заалтыг оруулж баталсан нь тодорхой нэг хүний эсрэг чиглэсэн хандлагатай үйл ажиллагаа болж байна гэж Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дээр зарим гишүүд ярьж байсныг үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... тэгш байдал ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... үзэл бодол ...-оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ”, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад “... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. ...” гэж заасныг тус тус зөрчиж байна. ...” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.

 

Тав. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Ц.Шаравдорж, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Шонхоо нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

 

            “... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн “Сонгох, сонгогдох” эрхийг зөрчөөд зогсохгүй, Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар дүгнэлтийн үндэслэх хэсэгт “Хууль тогтоогч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид тавих шаардлагад “Ялгүй байх” гэсэн заалтыг оруулснаараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн улс төрийн эрх буюу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна.” гээд “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Нэр дэвшигч нь … дараахь шаардлагыг хангасан байна” гээд 27.4.3 дахь заалтад “ялгүй байх” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” гэж дүгнэснийг Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн авч, хүний “сонгогдох эрх”-ийг зөрчсөн заалтыг хүчингүй болгосон. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн энэ дүгнэлт одоог хүртэл хүчин төгөлдөр байгааг үл хайхарч, Үндсэн хууль зөрчсөн заалтыг илтэд санаатайгаар дахин оруулж ирж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд халдсан бусармаг явдал, төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай үйлдэл гэж үзэхээс аргагүй байна. ...

           

            Авлига, албан тушаалын хэрэг ноцтой ч, иргэдийн амь бие, аюулгүй байдал, төрийн тусгаар байдалд нэн хор аюул учруулдаг хүн амь, хүчин, дээрэм, эх орноосоо урвах, төрийн нууцыг задруулах мэт олон хэргүүдийг авч үзээгүй, Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, эх үүсвэрээ тогтоож чаддаггүй асар их мөнгө, валют, хар тамхины хэргүүдийг огт дурдахгүй, ганцхан “албан тушаалын” гэх хэргийг онцолж байгаа нь дээрх дүгнэлтийг хийхэд хүргэж байна. ...

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын холбогдох хэсгийг зөрчиж байгаа тул уг заалтыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Зургаа. Уг маргаанд холбогдуулан Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбарт:

 

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.”, 32 дугаар зүйлийн 32.2.9 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.”, 32.3.11 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэн дараахь үндэслэлийг гаргаж байна.

 

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.” гэж, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Гишүүн “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөнө.” гэж заасан. Улсын Их Хурлын гишүүн нь нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэгч болохын хувьд авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх нь хуульт ёсны шаардлага юм.

 

Өөрөөр хэлбэл авлига, албан тушаалын гэмт хэргийг санаандгүй, болгоомжгүйгээр үйлддэггүй бөгөөд уг гэмт үйлдлийн цаана иргэд, олон нийт, улс орны язгуур эрх ашигт хор хохирол учруулж байдаг. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд уг хязгаарлалтыг хийсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн хүний эрхийн суурь зарчмыг хөндөөгүй болно.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэж, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:” гэж Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг заасан бөгөөд Улсын Их Хурал энэ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн зөрчил биш юм.

 

Хууль тогтоогчид хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг батлахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуультай нийцэж байгаа эсэх уг асуудлаар урьд өмнө нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч байсан эсэхийг нягтлан тал бүрээс нь бүрэн дүүрэн судалж, олон шат дарааллын дагуу хэлэлцэн баталдаг.

 

Улсын Их Хурлаас 2005 онд баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчдэд “ялгүй байх” гэсэн шаардлага тавигдаж байсныг Үндсэн хуулийн цэц 2008 оны 06 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасныг Улсын Их Хурал хүлээж авсан. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авах үндэслэл нь тухайн этгээдийг насанд хүрээгүй байхдаа болон болгоомжгүй, санамсаргүйгээр гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь үл харгалзан бүгдийг хамруулсан нь буруу байна гэж үзэн Цэцийн шийдвэрийг хүлээж авах нь зүйтэй гэж хууль тогтоогчид үзсэн байдаг.

 

Түүнчлэн 2008 оны 06 дугаар дүгнэлтийн үндэслэх хэсгийн 2-т “Хууль тогтоогч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид тавих шаардлагад “Ялгүй байх” гэсэн заалтыг оруулснаараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж ... байна.” гэсэн үндэслэлийг гаргаж байсан бөгөөд хэрэв Улсын дээд шүүх 2008 оны 16 дугаар тогтоолдоо “Ялгүй байх” гэсэн тайлбартаа ялгүйд тооцох гэсэн агуулгыг багтаасан бол зөрчил гэж үзэхгүй байхаар ойлгогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл тодорхой хугацааны дараа ялгүйд тооцон дахин сонгуульд оролцож болох нөхцөл нь Үндсэн хуулийн зөрчил биш гэж үзвэл тодорхой гэмт хэргийн тухайд ч ийм хязгаарлалт тогтоох нь Үндсэн хуулийн зөрчил биш юм.

 

2. Монгол Улс 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон бөгөөд 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хурлаас соёрхон баталсан. Тус конвенцийн зорилго нь авлигын эсрэг үр ашигтай бөгөөд үр дүнтэйгээр урьдчилан сэргийлж, тэмцэх арга хэмжээг хөхиүлэн дэмжиж, бэхжүүлэх гэж заасан байдаг бөгөөд конвенцийн 7 дугаар зүйлд “Оролцогч улс бүр нийтийн албан тушаалд нэр дэвших, сонгох шалгуурыг тогтоох зорилгоор хууль тогтоох болон захиргааны зохих арга хэмжээг энэхүү конвенцийн зорилт болон дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн авах асуудлыг мөн авч үзнэ.” гэж заасан байдаг.

 

Конвенцид оролцогч улсууд авлига нь нийгмийн тогтвортой болон аюулгүй байдалд үүсч буй бэрхшээл, аюул занал нь ардчилсан тогтолцоо, үнэт зүйлс, түүнчлэн ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохиролтой, бусад гэмт хэрэг, тухайлбал зохион байгуулалттай гэмт хэрэг, мөнгө угаах зэрэг эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой, улсын нөөц баялгийн тодорхой хэсгийг бүрдүүлэхүйц их хэмжээний хөрөнгөтэй холбоотой байдаг бөгөөд энэ нь тухайн улсын улс төрийн тогтвортой байдал, тогтвортой хөгжилд заналхийлж байдгаас гадна үндэсний хүрээнээс хальж бүх улс, эдийн засагт нөлөөлөхүйц үндэстэн дамнасан үзэгдэл болсноор түүнээс урьдчилан сэргийлж, хянахад олон улсын хамтын ажиллагаа зайлшгүй чухал болохыг тодорхойлж хүлээн зөвшөөрсөн байдаг.

 

“Авилгалтай тэмцэхийн тулд оролцогч улс бүр эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн төрийн албан тушаалтныхаа шударга, үнэнч, хариуцлагатай байх явдлыг харгалзан үзэж, дэмжинэ.” гэсний дагуу уг конвенцид нэгдэн орсон улсын хувьд Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлагад Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх гэсэн зохицуулалтыг оруулсан бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж байна.

 

Хууль хүн бүрд тэгш үйлчлэх учиртай бөгөөд энэ үүднээс төрийн жинхэнэ албан хаагч нь авлигын гэмт хэрэгт шийтгүүлээд төрд ажиллах эрхгүйтэй адил төрийн улс төрийн албан тушаалтан шийдвэр гаргагч бол авлигын гэмт хэрэгт холбогдоогүй, ял шийтгэлгүй байх ёстой зарчим ижил үйлчлэх ёстой.

 

Авлига, албан тушаалын гэмт хэрэг нь хэн нэгэн этгээд өөрийн эрх нөлөө, давуу байдлаа ашиглан үйлддэг гэмт хэрэг юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглохоор оруулсан зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. ...” гэж заасны дагуу сэжиглэгдэж, шалгагдаж байгаа аливаа этгээдэд хамаарах бус шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд хамаарах зохицуулалт юм.

 

2015 онд шинэчлэн баталсан Эрүүгийн хуульд ялтайд тооцох хугацаа гэсэн зохицуулалтыг хассан учир авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон хүмүүст нэр дэвших хязгаарлалт байх ёстой. Түүнчлэн нэр дэвшигчид хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх, татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51, түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх болон сонгуульд нэр дэвших төрийн албан хаагчдыг тодорхой хугацааны өмнө ажлаас нь чөлөөлөгдсөн байх шаардлагыг тавьдаг нь иргэн, улс орны нийтлэг эрх ашгийг ямар нэгэн хувийн ашиг сонирхолгүйгээр төлөөлж чадна гэдгийг батлан харуулах нэг нөхцөл юм.

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд орсон зохицуулалт нь төрийн дархлааг бэхжүүлэх, иргэд, олон нийтийн эрх ашгийг эрхэмлэн баримтлах хүнийг сонгох бололцоог иргэдэд олгож байгаа чухал зохицуулалт юм. Улс төрд хариуцлагын тогтолцоо сул, төрийн алба хашиж байгаа улс төрчдийн хувьд хувийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалаа ашиглан авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдож байгаагаас иргэдийн төрд итгэх итгэл алдагдаж байна. Энэ нь нөгөө талдаа иргэдийн хуулийг дээдлэн, сахин биелүүлэх ухамсарт сөргөөр нөлөөлж байна.

 

Дашрамд дурдахад Монгол Улсын хэмжээнд 2017-2019 онд Эрүүгийн хууль /2002 он/-ийн 28 дугаар бүлэг Албан тушаалын гэмт хэрэг, Эрүүгийн хууль /2015 он/-ийн шинэчилсэн найруулгын 22 дугаар бүлэг Авлигын гэмт хэрэгт 606 хүнд холбогдох 204 хэргийг хүлээн авснаас 93 гэмт хэрэгт холбогдсон 200 хүнд ял шийтгэл оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Мөн түүнчлэн ял шийтгүүлэгчдийн боловсрол, насны байдал нь сүүлийн 3 жилийн байдлаар нийт ял шийтгүүлсэн хүмүүсээс 138 буюу 81.2 хувь нь дээд, 6 буюу 3.4 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн дунд, 16 буюу 9.4 хувь нь бүрэн дунд, 7 буюу 4.1 хувь нь суурь, 3 буюу 1.8 хувь нь бага боловсролтой хүмүүс, 2016-2018 оны бүтэн жилийн байдлаар насны бүлгээр авч үзвэл 14-15 насны ял шийтгүүлэгчдийн тоо 0.3 хувийг, 16-17 насны ял шийтгүүлэгчдийн тоо 2.2 хувийг, 18-29 насны ял шийтгүүлэгчдийн тоо 64.9 хувийг, 30-34 насны ял шийтгүүлэгчдийн тоо 22.4 хувийг, 35-аас дээш насны ял шийтгүүлэгчдийн тоо 10.3 хувийг тус тус эзэлж байна.” гэсэн байна.

 

            Долоо. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулсан “Авлига, албан тушаалын гэмт хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн талаарх судалгааны танилцуулга”-д Эрүүгийн хуулийн холбогдох бүлэгт тусгасан гэмт хэрэгт 2015-2019 онд анхан шатны шүүхээр гэм буруутай болох нь тогтоогдож ял шийтгүүлсэн хүний тоо өсөх хандлагатай байна, тодруулбал, 2015 онд 36, 2016 онд 31, 2017 - 53, 2018 - 46, 2019 - 108 байна.

 

Найм. “Транспэрэнси Интернэшнл-Монгол” байгууллагаас Үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар албан бичигт:

 

“Манай байгууллагын боловсруулан гаргадаг Авлигын төсөөллийн индексийг тэргүүлэгч улсуудын жишгээс харахад гэмт хэрэгт холбогдсон иргэдийн сонгуульд нэр дэвших эрхийг улс өөрийн эрх зүйн орчинд тохируулж зохицуулдаг байна. Энэ нь “Авилгалын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц”-ийн 7 дугаар зүйлийн 2-т “Төрийн албан тушаалд нэр дэвших, сонгох шалгуурыг тогтоох зорилгоор оролцогч улс бүр энэхүү конвенцийн зорилт болон дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн хууль тогтоох болон захиргааны зохих арга хэмжээг авах асуудлыг мөн авч үзнэ” гэж заасны хүрээнд байна. Авлигын төсөөллийн индексийг тэргүүлэгч зарим улсын жишгээс дурдахад:

 

  1. Авлигын төсөөллийн индексийн 1-т орсон Данийн Вант Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд “Ард түмэн Парламентын гишүүн байхад тохиромжгүй гэж үзэх хэргээр яллагдаж байгаагүй бол Парламентын сонгуульд санал өгөх эрхтэй хүн бүр Парламентын гишүүн болох эрхтэй байна.” гэж тусгасан. Мөн парламентын сонгуульд нэр дэвшихэд тохиромжтой эсэхийг Парламентын гишүүд шийдвэрлэдэг. Үндсэн хуулийн хүрээнд ял эдэлсэн гэмт хэрэгтэй хүний Парламентын сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарлах боломжтой. Харин татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргээр өмнө нь гишүүний статусаа алдаж байсан иргэн ял эдэлж дууссаны дараа дахин сонгуульд нэр дэвшин Парламентын гишүүн болж байсан.

 

  1. Авлигын төсөөллийн индексийн 3-т орсон Бүгд Найрамдах Финланд Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлд “сонгуульд санал өгөх эрхтэй бөгөөд асран хамгаалалтад байдаггүй хүн бүр Парламентын сонгуульд нэр дэвшиж болно” гэж заасан. Тус улс 1995 онд Эрүүгийн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулснаар хувь хүний сонгуульд нэр дэвших эрхийг хасдаггүй болсон байна.

 

  1. Авлигын төсөөллийн индексийн 9-т орсон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2-т “18 нас хүрсэн иргэн бүр сонгуульд санал өгөх эрхтэй бөгөөд насанд хүрсэн иргэн бүр сонгогдох эрхтэй”, 3-т “Холбооны хуулиар дэлгэрэнгүй зохицуулалт тогтооно” гэж тус тус заасан. Холбооны сонгуулийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2.1-т “... сонгох эрхээ хасуулсан”, 2.2- т “улс төрийн болон нийтийн алба хашихад тохиромжгүй тухай шүүхийн шийдвэр гарсан бол” сонгуульд нэр дэвшихийг хориглодог байна.

 

Герман Улсын Эрүүгийн хуулийн 45 зүйлийн 1-т “ноцтой гэмт хэргээр дор хаяж 1 жил хорих ял авсан бол 5 жилийн хугацаанд нийтийн албанд ажиллах эсхүл сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулна” гэж заасан. Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн 108е-н 1-т зааснаар Бундестагийн гишүүн хахууль авсан тохиолдолд 5 хүртэлх жил хорих ял, 332 дугаар зүйлд зааснаар нийтийн албан тушаалтан, Европын нийтийн албан тушаалтан эсхүл нийтийн албанд тусгай үүрэг хүлээсэн албан хаагч хахууль авбал 6 сараас 5 жил хүртэлх хугацаанд хорих ял, шүүгч, Европын Холбооны шүүхийн гишүүн эсхүл арбитр хахууль авбал 10 хүртэлх жил тус тус хорих ялтай. Хорих ял дуусгавар болсон өдрөөс эхлэн сонгуульд нэр дэвших эрхийн хязгаарлалт тооцож эхэлдэг байна.” гэжээ.

 

            ҮНДЭСЛЭЛ:

 

            1. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад Монгол Улсын иргэн “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;” хэмээн хуульчилсан билээ. Мөн тус хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.” хэмээн заажээ.

 

            Үндсэн хуулиар баталгаажсан сонгох, сонгогдох эрх нь улс төрийн эрхийн үндсэн бүрэлдэхүүн бөгөөд сонгох эрхийг Монгол Улсын эрх зүйн чадамжтай, сонгуулийн эрх бүхий иргэн нийтээрээ эдлэхээр, харин сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд тухайн албан тушаалын онцлогийг харгалзан тусгайлсан болзол, шалгуурыг хуулиар тогтоож болдог. Энэ нь үндсэн хуулийн болон сонгуулийн эрх зүйд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хязгаарлалт бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалтын хүрээнд ч үүнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

 

            Сонгогдох эрх нь туйлын эрх биш тул сонгуульд нэр дэвшигчид буюу сонгогдох эрхээ хэрэгжүүлэгч иргэнд шалгуур, болзол, нөхцөл тогтоох нь сонгох эрхийг баталгаажуулахад чиглэгддэг бөгөөд ийнхүү тогтоохдоо Үндсэн хуульт, ардчилсан ёсыг хамгаалах хууль ёсны зорилгод нийцсэн, үндсэн хуулийн эрх зүйн “хэмжээ хэтрэхгүй” байх зарчмын дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн хүрээнд хуулиар тодорхойлох боломжтой байна.

 

            2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2003 оны 58/4 тоот тогтоолоор баталсан Авилгалын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцид Монгол Улс 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэгдэн орж, Улсын Их Хурлаас соёрхон баталсан байна. Улмаар авлигатай тэмцэх зорилго бүхий Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан байх бөгөөд хэрэгжилтийг хангах хүрээнд нийтийн албан тушаалтныг сонгох, томилох, огцруулах, халах талаарх эрх зүйн орчинг тодорхой болгож, холбогдох шаардлагыг тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиудад тусгах зэргээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

 

            Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд “нийтийн албан тушаалтан”-д төрийн улс төрийн албан тушаалтан, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг хамааруулан хуульчилжээ. Мөн нийтийн албан тушаалтан нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударга, хариуцлагатайгаар хэрэгжүүлж, олон нийтийн итгэл даах байдлыг ханган ажиллахыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тусгажээ.  

 

            Үүнээс үзэхэд, Монгол Улсын Үндсэн хуулийн заалт болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, түүгээр хүлээсэн үүрэг, холбогдох хуулийн зохицуулалт, авлигаас ангид байж хууль дээдлэх ёсыг хангах бодлогын хүрээнд Монгол Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглохоор аливаа ялгаварлалгүйгээр хуульчилсан гэж үзэхээр байна.

 

            3. Дэлхийн 123 улсын эрх зүйн зохицуулалтад сонгуулийн эрхийг хэрэгжүүлэхэд тавигдах шалгуурыг хэрхэн тусгасан талаарх (2015 оны) судалгаанаас харахад шалгуур тогтоосон байдлаар нь ерөнхийд нь чөлөөт, энгийн, сонгодог гэсэн 3 загварт хувааж үзсэн байна. Уг судалгаагаар Монгол Улс нь 54 орны хамт сонгодог загварт багтсан байх ба тус загварт болон энгийн загварт хамаарах нийт 113 оронд гэмт хэрэгт холбогдсон эсэхийг шалгуур болгон сонгуулийн эрхэнд хязгаарлалт тогтоосон хуулийн зохицуулалт үйлчилж байна.

 

            Мөн Европын Холбооны Венецийн комиссоос Европын орнууд болон бусад хэд хэдэн орны хууль тогтоомжийн хүрээнд 2015 онд хийсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон этгээдийн парламентад нэр дэвших эрхийг хязгаарлах талаарх судалгааны тайлан болон гадаадын зарим улсын сонгуулийн тухай хуулиас үзэхэд нийтийн албан тушаалтан гэмт хэрэг, ялангуяа авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол хууль тогтоох байгууллагын сонгуульд нэр дэвших эрхийг хуулиар хасах, хязгаарлах зохицуулалт нийтлэг хэрэглэгдэж байна. Дээр дурдсан тайланд нийтийн ашиг сонирхлын эсрэг, эсхүл ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүнээр улс төрийн (тухайн улсын нийт иргэн, улсын ашиг сонирхлын хүрээнд) шийдвэр гаргуулахгүй байх нь олон нийтийн ашиг сонирхолд нийцэх бөгөөд энэ нь иргэдийн хууль ёсны итгэлийг хамгаалах нийтийн эрх зүйн зарчимд үндэслэгдэнэ гэжээ.

 

            4. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21, 29 дүгээр зүйл болон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 25 дугаар зүйлийн зохицуулалтаас үзэхэд сонгууль явуулах суурь зарчмуудыг тодорхойлон баталгаажуулсан байна. Харин уг зохицуулалтуудын талаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүтцийн байгууллага болон хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагаас гаргасан ерөнхий тодотгол, тайлбар зэрэгт сонгуулийн зарчмын ойлголт, агуулгыг нийтлэг байдлаар тунхагласан бөгөөд тэдгээрийн агуулгыг нээн дэлгэрүүлэх, баяжуулах боломжийг улс орон бүрийн бүрэн эрхэд үлдээсэн байдаг. 

 

            5. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хурлаас 2005 онд баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлээд 06 дугаар дүгнэлт гаргасан байна. Уг  дүгнэлтийн “Үндэслэл” хэсэгт “1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд буй “Ялгүй байх” гэсэн ойлголт нь ... өмнө нь огт ял шийтгүүлж байгаагүй гэсэн агуулгыг илэрхийлж байна. 2. Хууль тогтоогч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид тавих шаардлагад “Ялгүй байх” гэсэн заалтыг оруулснаараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн улс төрийн эрх буюу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна.” гэжээ. Тодруулбал, дээрх хуулийн заалтаар нэр дэвшигчид огт ял шийтгүүлж байгаагүй гэх шалгуур тавьж, аливаа гэмт хэргийг буюу санаатай, эсхүл болгоомжгүй, түүнчлэн санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн гэм буруугүйн холимог хэлбэрийг өргөн хүрээнд хамааруулж тус ойлголтыг хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн дүгнэлт гаргах үндэслэл болсон гэж үзэхээр байна.

 

            Харин Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29  дүгээр зүйлийн 29.8 дахь хэсгийн “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэсэн заалт нь тодорхой төрлийн гэмт хэргийг нэрлэн зааж хязгаарлалт тогтоон хуульчилсан зохицуулалт байх бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн 2005 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтаас агуулга, зарчмын хувьд өөр байна.

 

            6. Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш явагдсан Монгол Улсын Их Хурлын 7 удаагийн сонгууль нь 1992, 2005, 2011, 2015 онд батлагдсан хуулиудын дагуу зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсгийн зохицуулалт нь өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, төрийн бодлогын хүрээнд хуульчлагдсан хязгаарлалт гэж үзэхээр байх тул иргэний сонгогдох эрхийг бүх насаар нь хязгаарласан хэмээн шууд дүгнэх үндэслэлгүй байна.

 

7. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэж хуульчилж авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон эсэхийг Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид тавих шалгуур болгож, Монгол Улсын төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлдэг төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хуралд сонгогдож нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж Үндсэн хууль болон холбогдох хуулийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлдэг Улсын Их Хурлын гишүүний албан тушаалын онцлогийг харгалзан ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлагыг хангахад чиглэгдсэн тусгай шалгуурыг нэр дэвшигчид хуулиар тогтоосон нь хууль тогтоогчийн онцгой бүрэн эрхэд хамаарч байна.

 

            8. Монгол Улсын Их Хурлын сонгуульд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзахаар тусгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэрэг үйлдэж гэм буруутай болох нь шүүхээр тогтоогдсон иргэний сонгогдох эрхийг хязгаарлах нь давхардуулан ял оногдуулж байгаа эрүүгийн хариуцлага бус харин бусад салбар эрх зүйн хариуцлагын үндсэн дээр үүсдэг үндсэн хуулийн эрх зүйн хариуцлагын нэг төрөл, нийтийн засгийг авлигаас /гэмт хэргээс/ ангид байлгах урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ, иргэний сонгох эрхийг баталгаажуулах арга гэдгийг тэмдэглэх нь зүйтэй юм.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

  1. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29  дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдал ...  хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... үзэл бодол ...-оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”,  мөн зүйлийн 10 дахь заалтын “... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. ...”,  Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

 

  1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.”, мөн зүйлийн 32.3.11 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

 

  1. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ           

Б.БУЯНДЭЛГЭР

ГИШҮҮД       

Д.СОЛОНГО

 

Г.ТУУЛХҮҮ

 

Ц.НАНЗАДДОРЖ

 

Г.БАЯСГАЛАН