A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 164

Улаанбаатар хот

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3, 9.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан улсын хэмжээний бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох 39 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд 2020 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг Улсын онцгой комиссын шийдвэрт үндэслэн эхний ээлжинд инженер, техникийн ажилтан, дараагийн ээлжинд гүйцэтгэх, туслах ажилтанд үе шаттайгаар зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт зөвшөөрсүгэй.

2. Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан 9 аж ахуйн нэгж, байгууллагын 1948 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2020 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

3. Коронавируст халдвар (КОВИД-19)-аас сэргийлэх зорилгоор гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг үзлэг, шинжилгээнд хамруулах, ажлын байранд нь тусгаарлах, тогтоосон онцгой нөхцөл, горимыг чанд мөрдүүлэх, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, холбогдох зардлыг зохих журмын дагуу хариуцахыг ажил олгогч нарт үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг хөдөлмөр эрхлүүлэх, буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Улсын онцгой комисс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тухай бүр мэдээлж байхыг холбогдох сайд нарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын oнцгой комисс (Ө.Энхтүвшин)-т тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ