Хэвлэх DOC Татаж авах
ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 05 сарын 01 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

 ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/


 НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
 НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилго

1.1.Энэ хуулийн зорилго нь төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг зохистой төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад тавих хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, тогтолцоо, зохион байгуулалт, эрх зүйн үндсийг тогтооход оршино.

Хэвлэх

  2 дугаар зүйл.Төрийн аудитын хууль тогтоомж

2.1.Төрийн аудитын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төрийн аудитын зарчим  

3.1.Төрийн аудитад хууль дээдлэх, хараат бус, бие даасан байх, шударга ёсыг хангах, мэдээллээр бүрэн хангагдах, ил тод, бодитой байх, төрийн аудитын олон улсын нийтлэг стандартад нийцсэн байх зарчмыг баримтална.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт  

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“төрийн санхүү, төсвийн хяналт” гэж төрийн санхүү, төсөв, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, эргэн төлөгдөх нөхцөлөөр ашиглуулах үйл ажиллагаа, хувьчлал, дуудлага худалдаа, техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа, зээллэг, гадаад зээл, тусламж, хандив, санхүүгийн дэмжлэг, өрийн баталгаа, үнэт цаас, бүх төрлийн гэрээ, хэлцэл болон бусад аливаа үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, ашиглалт, зарцуулалт, хэрэгжилт, тайлагнал болон нийтийн өмчтэй холбоотой бүх үйл ажиллагаанд төрийн аудит хийхийг;

4.1.2.“нийтийн өмч” гэж нийтийн ашиг сонирхлын төлөө ашиглагдах иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, түүний баялаг, ой, ус, ургамал, ан амьтны нөөц, эрдэнэсийн сан, төсвийн орлого, нийтийн болон тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчид хамаарах эдийн болон эдийн бус хөрөнгө, хуулиар нийтийн зориулалтаар ашиглах өмчид хамаарах бусад хөрөнгийг;

4.1.3.“төрийн аудитын байгууллага” гэж төрийн аудит хийх чиг үүрэг бүхий Үндэсний аудитын газар, аймаг, нийслэл дэх төрийн аудитын газар, төрийн аудитын байгууллагын албан хаагчийг;

4.1.4.“шалгагдагч этгээд” гэж төсвийн байгууллага, тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд болон хуульд заасны дагуу төрийн аудит хийгдэх аливаа этгээдийг;

Тайлбар:-Энэ заалтын “аливаа этгээд” гэснийг шалгагдагч этгээд тэдгээрийн холбогдох албан тушаалтныг ойлгоно.

4.1.5.“аудитад хамрагдагч” гэж шалгагдагч этгээдтэй санхүү, эдийн засгийн харилцаанд оролцсон этгээдийг;

4.1.6.“аудитын тайлан” гэж аудитын төлөвлөгөөний дагуу хийсэн аудитын дүнг илтгэсэн, эрх бүхий албан тушаалтны баталгаажуулсан баримт бичгийг;

4.1.7.“аудитын төлөвлөгөө” гэж аудит хийх үндэслэл, аудитын зорилт, хамрах хүрээ, арга зүй, цаг хугацаа, хөтөлбөрийг багтаасан эрх бүхий этгээдийн баталсан баримт бичгийг;

4.1.8.“санхүүгийн тайлангийн аудит” гэж шалгагдагч этгээд санхүүгийн тайлангаа холбогдох хууль тогтоомж, стандарт, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актын шаардлагад нийцүүлэн үнэн зөв, шударгаар тайлагнасан эсэхэд аудит хийж баталгаажуулахыг;

 4.1.9.“гүйцэтгэлийн аудит” гэж шалгагдагч этгээдийн бодлого, тогтолцоо, үйл ажиллагаа, чиг үүргийн хэрэгжилт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний үйл явц, үр дүн, гүйцэтгэлд аудит хийхийг;

4.1.10.“нийцлийн аудит” гэж шалгагдагч этгээдийн үйл ажиллагаанд мөрдөж байгаа төрийн санхүү, төсөв, нийтийн өмчтэй холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актын хэрэгжилт, тэдгээрийн нийцэлд аудит хийхийг;

4.1.11.“аудитын хуулийн этгээд” гэж Аудитын тухай хуулийн 3.1.4-т заасныг;

4.1.12.“лог бүртгэл” гэж хэрэглэгч программд нэвтэрсэн, үйлдэл хийсэн, өөрчлөлт хийсэн, өөрчлөлт хийхийг завдсан үйлдлийн түүхийг;

4.1.13.“нөлөөллийн мэдүүлэг” гэж аудит хийх явцад тухайн аудитын үр дүнтэй холбогдуулан төрийн аудитын байгууллагад аливаа этгээдээс зүй бусаар нөлөөлөх гэж оролдсон бүх үйлдлийг тэмдэглэн баталгаажуулсан баримт бичгийг.

Хэвлэх

5 дугаар зүйл.Төрийн аудитын үндсэн зорилт

5.1.Төрийн аудитын үндсэн зорилт нь төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавих, түүнчлэн төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.

Хэвлэх

6 дугаар зүйл.Төрийн аудитын байгууллагын бүрэн эрх

6.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын дагуу төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллага нь төрийн аудитын байгууллага байна.

6.2.Төрийн аудитын байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг зөвхөн энэ хуулиар тогтоох бөгөөд бусад хуулиар төрийн аудитын байгууллагад Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиар тодорхойлсон төрийн санхүү, төсвийн хяналтын хүрээнд хамаарахгүй чиг үүрэг нэмэгдүүлэхийг хориглоно.

6.3.Төрийн аудитын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.3.1.шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх;

6.3.2.Монгол Улсын Засгийн газар /цаашид “Засгийн газар” гэх/-аас Монгол Улсын Их Хурал /цаашид “Улсын Их Хурал” гэх/-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсвийн төсөл, түүнчлэн аймаг, нийслэлийн Засаг даргаас тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн жилийн төсвийн төсөлд төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх талаар дүгнэлт гаргаж, Улсын Их Хурал болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх;

6.3.3.төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд хуульд заасан болон шаардлагатай тохиолдолд тодорхой асуудлаар аудит хийх;

6.3.4.нийтийн өмчтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, бусад эрх зүйн актыг боловсронгуй болгох, батлан гаргах талаар эрх бүхий этгээдэд зөвлөмж өгөх.

6.4.Гүйцэтгэх ажил эрхэлдэг байгууллагын гүйцэтгэх ажилд зориулсан улсын төсвийн хөрөнгийн зарцуулалтад Монгол Улсын Ерөнхий аудиторын санал болгосноор Улсын Их Хурлын даргаас итгэмжилсэн аудитор аудит хийх бөгөөд уг аудитыг гүйцэтгэх журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална.

6.5.Улсын Их Хурлаас хүсэлт гаргасан тохиолдолд Улсын Их Хурлын үйл ажиллагаанд бусад төрөл, хэлбэрээр аудит хийж болно.

6.6.Аудитад хамрагдагчийн шалгагдагч этгээдтэй санхүү, эдийн засгийн харилцаанд оролцсон тухайн үйл ажиллагаа төрийн аудитад хамрагдана.

6.7.Энэ хуулийн 6.3.3-т заасан эрхийг хэрэгжүүлэхэд энэ хуулийн 12.1 дэх хэсэг хамаарахгүй.  

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН АУДИТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

7 дугаар зүйл.Төрийн аудитын төрөл, хэлбэр

  7.1.Төрийн аудитын байгууллага төрийн санхүү, төсвийн хяналтын хүрээнд дараах төрлөөр аудит хийнэ:

7.1.1.санхүүгийн тайлангийн аудит;

7.1.2.гүйцэтгэлийн аудит;

7.1.3.нийцлийн аудит.

7.2.Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 7.1-д заасан аудитыг нэгдсэн, хамтарсан, зэрэгцээ, баталгаажуулах, мэдээллийн технологийн болон бусад хэлбэрээр хийж болно.

7.3.Санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална.

Хэвлэх

8 дугаар зүйл.Санхүүгийн тайлангийн аудит

8.1.Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ.

8.2.Төрийн аудитын байгууллага төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээдийн санхүүгийн тайланд аудит хийж болно.

8.3.Төрийн аудитын байгууллага Улсын Их Хурлын зөвхөн санхүүгийн тайланд аудит хийнэ.

8.4.Төрийн аудитын байгууллага энэ хуульд заасан санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.

8.5.Аудитын хуулийн этгээд энэ хуулийн 8.4-т заасны дагуу санхүүгийн тайлангийн аудит хийхдээ төрийн аудитын байгууллагаас баталсан дүрэм, журам, стандартыг мөрдөж ажиллана.

8.6.Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн аудит хийхэд гарсан шууд ба шууд бус зардлыг нөхөх зорилгоор шалгагдагч этгээдээс аудитын үйлчилгээний төлбөр авна. Аудитын үйлчилгээний төлбөрийн жишиг үнийг Монгол Улсын Ерөнхий аудиторын саналыг үндэслэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр тогтоож, холбогдох байгууллагуудын төсөвт тусгана.

8.7.Энэ хуулийн 8.4-т заасан аудитын хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулах бөгөөд аудитын хуулийн этгээдийн ажлын гүйцэтгэлийг хянах, үнэлэх, баталгаажуулах журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Гүйцэтгэлийн аудит

9.1.Төрийн аудитын байгууллага шалгагдагч этгээдийн бодлого, үйл ажиллагаа, чиг үүргийн хэрэгжилт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний гүйцэтгэл нь арвилан хэмнэлт, үр ашиг, үр нөлөөтэй эсэхэд аудит хийнэ.

9.2.Төрийн аудитын байгууллага шалгагдагч этгээдийн тогтолцоо, үйл ажиллагааны зохион байгуулалт, түүний хэмжилт, дотоод хяналт үр нөлөөтэй эсэхэд дүгнэлт өгч, тэдгээрийг сайжруулах чиглэлээр гүйцэтгэлийн аудит хийнэ.

Хэвлэх

10 дугаар зүйл.Нийцлийн аудит

10.1.Төрийн аудитын байгууллага шалгагдагч этгээд үйл ажиллагаандаа төрийн санхүү, төсөв, нийтийн өмчтэй холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актыг хэрэгжүүлж байгаа эсэхэд аудит хийнэ.

10.2.Төрийн аудитын байгууллага шалгагдагч этгээдийн мөрдөж байгаа төрийн санхүү, төсөв, нийтийн өмчтэй холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актын нийцэлд аудит хийнэ.

10.3.Төрийн аудитын байгууллага нийцлийн аудитыг санхүүгийн тайлангийн болон гүйцэтгэлийн аудиттай хослуулан хийж болно.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Аудитын төлөвлөлт

11.1.Монгол Улсын Ерөнхий аудитор аудитын сэдвийг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд танилцуулж, шийдвэрлүүлнэ.

11.2.Энэ хуулийн 11.1-д заасан аудитын сэдвийг дараах байдлаар ангилна:

11.2.1.хуульд заасны дагуу хийгдэх аудит;

11.2.2.төрийн аудитын байгууллагын бодлогоор хийгдэх аудит.

11.3.Энэ хуулийн 11.2.1-д зааснаас бусад аудитын сэдвийг батлахдаа дараах хүчин зүйлд үндэслэнэ:

11.3.1.тухайн сэдвээр урьдчилсан судалгаа, тооцоолол хийгдсэн байх;

11.3.2.төсөв, санхүү, хугацаа болон хүний нөөцийн чадавхтай байх;

11.3.3.иргэд, олон нийтийн анхааралд байгаа үнэн зөв хариу хүссэн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал байх.

11.4.Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар тухайн орон нутагтаа гүйцэтгэх дөрвөөс илүүгүй аудитын сэдвийг энэ хуулийн 11.3-т заасан хүчин зүйлийг үндэслэн боловсруулж, Монгол Улсын Ерөнхий аудитороор батлуулна.

11.5.Энэ хуулийн 11.1, 11.4-т заасан аудитын сэдвийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудитор аудитын төлөвлөгөөг жилийн болон хэтийн хугацаагаар боловсруулж батална.

Хэвлэх

12 дугаар зүйл.Төлөвлөгөөт бус аудит

12.1.Төрийн аудитын байгууллага төлөвлөгөөт бус аудитыг Улсын Их Хурлын шийдвэр, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хянан шалгах түр хорооны шийдвэр болон хуульд заасан бусад үндэслэлээр хийнэ.

Тайлбар:-Энэ хэсгийн “хуульд заасан бусад үндэслэл” гэснийг Нийтийн сонсголын тухай хуулийн 9.2-т “Төсвийн хяналтын сонсгол явуулах бол төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна” гэх зэргээр хуульд тусгайлан заасан асуудлаар төрийн аудитын байгууллагаар аудит хийлгэхээр заасан тохиолдлыг ойлгоно.

12.2.Энэ хуулийн 12.1-д заасны дагуу холбогдох этгээд төрийн аудитын байгууллагаар аудит хийлгэх тохиолдолд энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторт урьдчилан мэдэгдэж, зөвшилцсөний үндсэн дээр уг аудитын хамрах хүрээ, хугацааг тогтооно.

Хэвлэх

13 дугаар зүйл.Аудитад цахим мэдээлэл, арга зүйг ашиглах

13.1.Төрийн аудитын байгууллага үр дүнтэй, үр ашигтай аудитыг хийхийн тулд шинжлэх ухааны ололт, орчин үеийн мэдээллийн технологийн арга, хэлбэрийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, түүнийг боловсронгуй болгох арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлнэ.

13.2.Төрийн аудитын байгууллага аудит хийхэд шаардлагатай цахим мэдээллийг цуглуулах, дамжуулах, хадгалах, дүн шинжилгээ хийх зорилгоор цахим мэдээллийн нэгдсэн системийг ашиглах бөгөөд түүний ашиглалт, хөгжүүлэлтийг дунд болон урт хугацаагаар төлөвлөж хэрэгжүүлнэ.

13.3.Төрийн аудитын байгууллага шалгагдагч этгээдийн цахим мэдээллийн сан, мэдээлэл, гүйлгээ, бүртгэл зэрэгт цахим хэлбэрээр хийгдсэн төрийн санхүү, төсвийн төлөвлөлт, тайлагналт, ашиглалт, зарцуулалт, үйл ажиллагааны үр дүнд цахим мэдээллийн нэгдсэн систем ашиглан аудит хийж болно.

13.4.Аудитад цахим мэдээллийн нэгдсэн системийг ашиглах журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Төрийн аудитын стандарт

14.1.Төрийн аудитын байгууллага чиг үүргээ гүйцэтгэхдээ Аудитын Дээд Байгууллагуудын Олон Улсын байгууллагаас хүлээн зөвшөөрсөн төрийн аудитын олон улсын стандартад нийцүүлэн эрх бүхий этгээдээс баталсан стандартыг баримтална.

14.2.Үндэсний аудитын газрын дэргэд төрийн аудиттай холбоотой стандарт, аргачлал, удирдамж, зааврыг боловсруулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус гишүүдээс бүрдсэн Төрийн аудитын стандартын хороо ажиллана.

14.3.Төрийн аудитын стандартын хороо Монгол Улсын Ерөнхий аудиторын шийдвэрээр томилогдсон эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, эрх зүйн болон бусад чиглэлээр мэргэшсэн 9-өөс доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

14.4.Төрийн аудитын стандартын хороо дараах чиг үүрэгтэй:

14.4.1.төрийн аудитын олон улсын стандартын албан орчуулгыг хянан, хэрэглээний тайлбар, зөвлөмж гаргах;

14.4.2.төрийн аудитын үндэсний стандарт боловсруулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

14.4.3.төрийн аудитын байгууллагаас аудит хийхтэй холбоотой дотоод аргачлал, удирдамж, заавар гаргах.

14.5.Төрийн аудитын стандартын хорооны дүрэм, хорооны гишүүдэд олгох урамшууллын хэмжээг Монгол Улсын Ерөнхий аудитор батална.

Хэвлэх

15 дугаар зүйл.Мэдээлэл авах эрх

15.1.Төрийн аудитын байгууллага аудит хийхдээ мэдээллээр бүрэн хангагдах зарчмын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.1.1.шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг хэлбэрээс нь үл хамааран шалгагдагч этгээд, аудитад хамрагдагч болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хугацаанд, үнэ төлбөргүйгээр гаргуулах, хуулбарлаж авах;

15.1.2.шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагчийн ажлын байр болон бусад холбогдох газарт ажлын цагаар саадгүй нэвтрэн орох, ажиллах, бүртгэл, тооллого хийх, мэдээлэл, баримт бичиг, аливаа эд зүйлстэй үнэ төлбөргүйгээр танилцах;

15.1.3.шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагчийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тоног төхөөрөмж, программ хангамж, түүний эх код, цахим мэдээллийн сан, лог бүртгэлд нэвтрэх, цахим хэлбэрээр боловсруулсан, хадгалсан, илгээсэн, хүлээн авсан мэдээлэл, баримт бичигтэй танилцах, уг мэдээлэл, баримт бичгийг цахим болон бусад хэлбэрээр хувилан авах;

15.1.4.шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагчаас тайлбар гаргуулах, тодорхой асуулт тавьж, хариулт авах;

15.1.5.энэ хуулийн 13.2-т заасан системийн мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор төрийн бусад байгууллагын цахим систем болон цахим хэлбэрээр бүрдүүлсэн мэдээллийн сангаас аудитад шаардлагатай мэдээллийг гаргуулах.

15.2.Энэ хуулийн 6.4-т зааснаас бусад тохиолдолд төрийн аудитын байгууллага аудит хийхдээ зөвхөн Монгол Улсын Ерөнхий аудитор, түүний эрх олгосон төрийн аудитын байгууллагын албан хаагч төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл, баримт бичиг, түүнчлэн шалгагдагч этгээдтэй санхүү, эдийн засгийн харилцаанд оролцсон байгууллага, хувь хүний нууцад хамаарах мэдээлэл, баримт бичгийн зөвхөн тухайн харилцаатай холбогдох хэсэгтэй хуульд заасан журмын дагуу танилцах, хэвлэх, олшруулж авах эрхтэй.

15.3.Төрийн болон албаны, байгууллага, хувь хүний нууцад хамаарах мэдээлэл, баримт бичигтэй танилцсан төрийн аудитын байгууллагын албан хаагч уг мэдээлэл, баримт бичгийг холбогдох хуульд заасны дагуу нууцлах үүрэг хүлээнэ.

15.4.Энэ хуулийн 15.2-т заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, аудитад шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг нуун дарагдуулахыг хориглоно.

15.5.Төрийн аудитын байгууллагын мэдээлэл авах журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална.

Хэвлэх

16 дугаар зүйл.Шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагчийн үүрэг  

16.1.Шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагч дараах үүрэгтэй:

16.1.1.төрийн аудитын байгууллагын аудит хийхэд шаардагдах цаасан болон цахим хэлбэрийн мэдээлэл, баримт бичгээр хангах, уг мэдээлэл, баримт бичгийн үнэн зөв, бодитой, бүрэн байх шаардлагыг хариуцах;

16.1.2.төрийн аудитын байгууллагын албан хаагчийг ажлын байр, холбогдох бусад газар, цахим мэдээллийн санд чөлөөтэй нэвтрүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах;

16.1.3.төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс нөлөөлөх, оролцохгүй байх;

16.1.4.төрийн аудитын байгууллагаас тогтоосон хугацаанд шаардсан мэдээлэл, баримт бичгийг бүрэн ирүүлэх;

16.1.5.төрийн аудитын байгууллагын албан хаагчтай харилцах, туслах үүргийг тодорхой ажилтанд хариуцуулах;

16.1.6.хуульд заасан бусад үүрэг.

Хэвлэх

17 дугаар зүйл.Аудитад шинжээч оролцуулах

17.1.Төрийн аудитын байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шинжээчийг зохих журмын дагуу томилон ажиллуулж болно.

17.2.Шинжээч аудитыг хийхэд шаардагдах тодорхой ажлыг гүйцэтгэх мэдлэг, ур чадвартай этгээд байна.

  17.3.Шинжээч төрийн аудитын байгууллагаас олгосон эрх хэмжээний хүрээнд ажиллана.  

17.4.Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 17.2-т заасан шинжээчийн мэдээллийн санг үүсгэж, өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

17.5.Шинжээчийг сонгохдоо аудит хийх тухайн салбар, чиглэлээр мэргэшсэн байдал, хөндлөнгийн болон хараат бус байх шаардлагыг үндэслэл болгоно.

17.6.Энэ хуулийн 17.1-д заасан шинжээчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална.

17.7.Шинжээчийг ажиллуулах зардал нь төрийн аудитын байгууллагын тухайн жилийн төсвийн урсгал зардлын 20 хувиас хэтрэхгүй байна.

Хэвлэх

18 дугаар зүйл.Гүйцэтгэлийн болон нийцлийн аудитын тайлангийн төсөлд санал авах

18.1.Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн төслийг шалгагдагч этгээдэд хүргүүлнэ.

18.2.Шалгагдагч этгээд аудитын тайлангийн төсөлд өгөх саналаа 10 хоногийн дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ.

18.3.Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 18.2-т заасны дагуу шалгагдагч этгээдээс ирүүлсэн саналыг үндэслэлтэй гэж үзвэл тайланд засвар оруулах, үндэслэлгүй гэж үзвэл аудитын тайланг нэмэлт нотлох баримтаар бататгах арга хэмжээг авна.

18.4.Шалгагдагч этгээд энэ хуулийн 18.2-т заасан хугацаанд аудитын тайлангийн төсөлд санал ирүүлээгүй бол саналгүйд тооцно.

Хэвлэх

19 дүгээр зүйл.Аудитад хамрагдагчийн тайлбар, саналыг сонсох

19.1.Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн дүнгийн улмаас аудитад хамрагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд энэ талаар санал, хүсэлт, тайлбар, гомдол гаргах боломжийг олгоно.

Хэвлэх

20 дугаар зүйл.Төрийн аудитын тайлан  

20.1.Төрийн аудитын байгууллага аудитын дүнд үндэслэн дүгнэлт, зөвлөмж бүхий аудитын тайлан гаргана.

20.2.Төрийн аудитын байгууллага аудитын дүгнэлтэд тулгуурлан төрийн санхүү, төсөв, нийтийн өмчтэй холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, бусад эрх зүйн актын хүрээнд нийтийн өмчийг төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулах үйл ажиллагааны арвилан хэмнэлт, үр ашигтай, үр нөлөөтэй байдал болон төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилгоор шалгагдагч этгээд болон холбогдох бусад албан тушаалтанд зөвлөмж өгнө.

20.3.Шалгагдагч этгээд болон холбогдох бусад албан тушаалтан нь энэ хуулийн 20.2-т заасан зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүнг төрийн аудитын байгууллагаас тогтоосон хугацаанд мэдэгдэнэ.

20.4.Төрийн аудитын байгууллага аудитын тайланг шалгагдагч этгээд, Улсын Их Хурал, шаардлагатай тохиолдолд Засгийн газар болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.

Хэвлэх

21 дүгээр зүйл.Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох

21.1.Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө.

21.2.Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно.

21.3.Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 21.1, 21.2-т заасны дагуу өгсөн албан шаардлага, тогтоосон төлбөрийн акт нь аудитын тайлангийн салшгүй хэсэг байна.

21.4.Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална.

Хэвлэх

22 дугаар зүйл.Албан шаардлага, төлбөрийн актыг мэдэгдэх

22.1.Төрийн аудитын байгууллага албан шаардлага, төлбөрийн актыг шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй аудитад хамрагдагчид Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар мэдэгдэнэ.

Хэвлэх

23 дугаар зүйл.Албан шаардлага, төлбөрийн актын биелэлтийг хангах

23.1.Төрийн аудитын байгууллага хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг Захиргааны ерөнхий хуулийн 82, 83 дугаар зүйлд заасан журмаар гүйцэтгэнэ.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮРЭЛДЭХҮҮН

  24 дүгээр зүйл.Төрийн аудитын байгууллагын тогтолцоо  

24.1.Төрийн аудитын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд төрийн аудитын дээд байгууллага буюу Үндэсний аудитын газар, түүний харьяа аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газраас бүрдэнэ. Монгол Улсын Ерөнхий аудитор энэ хуулийн 24.2-т заасны дагуу батлагдсан орон тооны дээд хязгаарт багтаан аудитын онцлогийг харгалзан төрөлжсөн аудитын газар байгуулж болно.

24.2.Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо батлах бөгөөд уг орон тоо нь төрийн аудитын байгууллага чиг үүргээ тогтоосон цаг хугацаанд бүрэн хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц байна.

24.3.Монгол Улсын Ерөнхий аудитор энэ хуулийн 24.2-т заасны дагуу батлагдсан орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын байгууллагын зохион байгуулалт, бүтэц, түүний чиг үүрэг, орон тоог батална.

24.4.Үндэсний аудитын газрын дэргэд төрийн аудитын байгууллагын албан хаагчийг мэргэшүүлэх, аудиттай холбогдсон судалгаа, шинжилгээ хийх, аудитын чадавхыг бэхжүүлэх чиг үүрэг бүхий сургалт, мэдээлэл технологийн төвтэй байж болно.

24.5.Төрийн аудитын байгууллага бэлгэ тэмдэгтэй байх бөгөөд түүний тодорхойлолт, загвар, хэрэглэх журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална.

24.6.Төрийн аудитын байгууллага тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Хэвлэх

 25 дугаар зүйл.Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын бүрэлдэхүүн, ангилал, зэрэг дэв

25.1.Төрийн аудитын байгууллагад Монгол Улсын Ерөнхий аудитор, түүний орлогч, тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч ажиллах бөгөөд тэдгээр нь төрийн тусгай албан хаагч байна.

25.2.Төрийн аудитын байгууллагын албан тушаалыг доор дурдсанаар ангилна:

25.2.1.төрийн аудитын тэргүүн түшээ;

25.2.2.төрийн аудитын шадар түшээ;

25.2.3.төрийн аудитын итгэмжит түшээ;

25.2.4.төрийн аудитын зөвлөх түшээ;

25.2.5.төрийн аудитын ахлах түшээ;

25.2.6.төрийн аудитын түшээ.

25.3.Төрийн аудитын тэргүүн түшээ ангиллын албан тушаалд Монгол Улсын Ерөнхий аудитор, төрийн аудитын шадар түшээ ангиллын албан тушаалд Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч, төрийн аудитын итгэмжит түшээ ангиллын албан тушаалд төрийн аудитын байгууллагын тэргүүлэх аудитор, төрийн аудитын зөвлөх түшээ ангиллын албан тушаалд төрийн аудитын байгууллагын аудитын менежер, төрийн аудитын ахлах түшээ ангиллын албан тушаалд төрийн аудитын байгууллагын ахлах аудитор, ахлах шинжээч, төрийн аудитын түшээ ангиллын албан тушаалд төрийн аудитын байгууллагын аудитор, шинжээч тус тус хамаарна.

25.4.Энэ хуулийн 25.2-т заасан төрийн аудитын байгууллагын албан тушаалын ангилал тус бүрдээ тэргүүн зэрэг, дэд зэрэг, гутгаар зэрэг, дөтгөөр зэрэг гэсэн зэрэг дэвтэй байна.

25.5.Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч, бусад албан хаагчийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхий аудитор олгоно.

25.6.Төрийн аудитын байгууллагын албан тушаалын зэрэг дэв, нэмэгдэл олгох журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор тогтооно.

Хэвлэх

26 дугаар зүйл.Төрийн аудитын байгууллагын албан хаагчид тавих шаардлага

26.1.Төрийн аудитын байгууллагын албан хаагчаар Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавих нийтлэг шаардлагыг хангасан, төрийн аудитын байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшсэн иргэнийг ажиллуулна.

26.2.Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрмийг Монгол Улсын Ерөнхий аудитор батална.

26.3.Монгол Улсын Ерөнхий аудитор төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтыг батална.

26.4.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол төрийн аудитын байгууллагын албан хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.

Хэвлэх

27 дугаар зүйл.Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн тангараг

27.1.Төрийн аудитын байгууллагын албан хаагч “Төрийн аудитын байгууллагын ажилтан би хөндлөнгийн аливаа нөлөөнд үл автан, гагцхүү хуульд захирагдан үйл ажиллагаагаа явуулж, төрийн аудитын байгууллагын албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” хэмээн тангараг өргөнө.

27.2.Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн тангараг өргөх ёслолыг Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу зохион байгуулна.

Хэвлэх

28 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхий аудитор

28.1.Монгол Улсын Ерөнхий аудиторыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд түүнийг нэг удаа улируулан томилж болно.

28.2.Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшсэн хүн Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

28.2.1. 45 нас хүрсэн байх;

28.2.2.эдийн засаг, санхүү, эсхүл хууль зүйн чиглэлээр дээд боловсролын зэрэгтэй байх;

28.2.3.төрийн албаны эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан байх;

28.2.4.сүүлийн зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байх;

28.2.5.Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд харшлах ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад ашиг сонирхлын зөрчилгүй байх.

28.3.Монгол Улсын Ерөнхий аудитор төрийн өндөр албан тушаалтны зэрэг, зиндаа, албан тушаалд тохирсон цалин хөлс авч, зайлшгүй шаардлагатай бусад хангамж эдэлж, хуульд заасан баталгаагаар хангагдана.

28.4.Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, эсхүл хугацаанаас өмнө чөлөөлсөн, огцруулсан бол Улсын Их Хурал энэ хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторыг 30 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор нөхөн томилно.

Хэвлэх

29 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрх  

29.1.Монгол Улсын Ерөнхий аудитор дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

29.1.1.төрийн аудитын байгууллагыг нэгтгэн зохион байгуулж, удирдах;

29.1.2.төрийн аудитын байгууллагыг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;

29.1.3.бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар, аргачлал, стандарт батлах;

29.1.4.аудитын төлөвлөгөөг батлах;

29.1.5.төрийн аудитын байгууллагын төсвийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалтад хяналт тавих;

29.1.6.Улсын Их Хурлын чуулганы болон Засгийн газрын хуралдаанд зөвлөх эрхтэй оролцох;

29.1.7.хуульд заасны дагуу төрийн аудитын байгууллагын албан хаагчийг томилох, чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, зэрэг дэв олгох, урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах;

29.1.8.аудитын бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулах;

29.1.9.аудитын тайланг баталгаажуулах;

29.1.10.энэ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд аудит, захиргаа, боловсон хүчин, санхүүгийн үйл ажиллагааг чиглүүлж шийдвэр гаргах;

29.1.11.төрийн аудитын байгууллагын албан хаагчид зориулсан байнгын сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

29.1.12.хуульд заасан бусад бүрэн эрх.

29.2.Монгол Улсын Ерөнхий аудитор энэ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ зарим хэсгийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч болон тэргүүлэх аудиторт шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь Монгол Улсын Ерөнхий аудиторыг энэ хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

29.3.Монгол Улсын Ерөнхий аудитор бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана.

29.4.Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч болон Тэргүүлэх аудитор нь Монгол Улсын Ерөнхий аудитораас олгосон бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж болно.

Хэвлэх

30 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, огцруулах  

30.1.Монгол Улсын Ерөнхий аудиторыг дараах тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө:

30.1.1.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон;

30.1.2.албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан;

30.1.3.биеийн эрүүл мэндийн шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;

30.1.4.Монгол Улсын харьяатаас гарсан, эсхүл гадаад улсын нутаг дэвсгэрт байнга оршин суух эрх авсан;

30.1.5.өөрийнх нь зөвшөөрснөөр өөр ажил, албан тушаалд томилсон, хуульд заасны дагуу сонгогддог албан тушаалд нэр дэвшсэн;

30.1.6.иргэний эрх зүйн чадамжийг нь хязгаарласан, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;

30.1.7.нас барсан, эсхүл нас барсан болон сураггүй алга болсонд тооцох тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

30.2.Монгол Улсын Ерөнхий аудиторыг дараах тохиолдолд албан тушаалаас нь огцруулна:

30.2.1.хуулиар хориглосон ажил, албан тушаалыг давхар эрхэлсэн;

30.2.2.гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон;

30.2.3.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг авах тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Хэвлэх

31 дүгээр зүйл.Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн үүрэг

31.1.Төрийн аудитын байгууллагын албан хаагч дараах үүрэг хүлээнэ:

31.1.1.шалгагдагч этгээдэд аудитын төрөл, зорилго, аудит хийх хамрах хүрээ, хугацаа, талуудын эрх, үүргийн талаар танилцуулах;

31.1.2.энэ хуулийн 18.1-д зааснаас бусад тохиолдолд аудитын тайланг баталгаажих хүртэл аудитын ажлын үр дүнг хамгаалж бусдад задруулахгүй байх;

31.1.3.төрийн аудитын байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрмийг дагаж мөрдөх;

31.1.4.хуульд заасан бусад үүрэг.

Хэвлэх

32 дугаар зүйл.Төрийн аудитын байгууллагад хийх аудит  

32.1.Улсын Их Хурлын даргаас томилсон хараат бус мэргэжлийн аудитор төрийн аудитын байгууллагын жилийн санхүүгийн тайланд аудит хийж, дүнг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.

32.2.Томилогдсон аудитор Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан дүрэм, журмын дагуу аудит хийх бөгөөд төрийн аудитын байгууллага холбогдох баримт, мэдээллийг саадгүй гаргаж өгнө.

32.3.Томилогдсон аудитор төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГААС БУСАД БАЙГУУЛЛАГА, ИРГЭДТЭЙ ХАРИЛЦАХ, ИЛ ТОД БАЙДАЛ

33 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхий аудитор Улсын Их Хуралтай харилцах  

33.1.Монгол Улсын Ерөнхий аудитор төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны жилийн тайланг хуульд заасан хугацаанд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.

33.2.Улсын Их Хурлын Байнгын хороо төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэсэн аудитын тайлангийн дүгнэлт, зөвлөмж, түүний биелэлтийн талаарх танилцуулгыг сонсож болно.

33.3.Монгол Улсын Ерөнхий аудитор төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдал, зохион байгуулалттай холбоотой асуудлаар Улсын Их Хуралд санал хүргүүлж, шийдвэрлүүлнэ.

33.4.Монгол Улсын Ерөнхий аудитор төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр төлөвлөх, хуваарилах, ашиглах, захиран зарцуулахад хамаарах аливаа асуудлаар санал, зөвлөмж бэлтгэж, Улсын Их Хуралд танилцуулж болно.

33.5.Монгол Улсын Ерөнхий аудитор нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын өрийн тайлан, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон жилийн төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг Улсын Их Хуралд хүргүүлнэ.

33.6.Монгол Улсын Ерөнхий аудитор энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэсэн аудитын тайланг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.

Хэвлэх

34 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхий аудитор Засгийн газартай харилцах  

34.1.Төрийн аудитын байгууллага Засгийн газраас хараат бус байх бөгөөд Засгийн газраас төрийн аудитын байгууллагад аливаа хэлбэрээр чиглэл, үүрэг, даалгавар өгөхийг хориглоно.

34.2.Засгийн газар төрийн аудитын байгууллагаас Засгийн газрын харьяа захиргааны байгууллагад өгсөн зөвлөмж, албан шаардлага, төлбөрийн актын биелэлтийг хэрэгжүүлэхэд төрийн аудитын байгууллагатай хамтран ажиллана.   

Хэвлэх

35 дугаар зүйл.Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах

35.1.Аудит хийх явцад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тохиолдолд Монгол Улсын Ерөнхий аудитор энэ тухай прокурорын байгууллагад мэдэгдэж эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар холбогдох мэдээлэл, баримт бичгийг шилжүүлнэ. Прокурорын байгууллага Ерөнхий аудитораас шилжүүлсэн мэдээлэл, баримт бичигтэй холбогдуулан гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий аудиторт хариу мэдэгдэнэ.

Хэвлэх

36 дугаар зүйл.Төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх  

36.1.Төрийн аудитын байгууллага тухайн жилд Захиргааны ерөнхий хуулийн 103.3-т заасны дагуу төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг төлүүлэх үүргийн биелэлтийн талаарх мэдээллийг жил бүр Үндэсний аудитын газрын цахим хуудсанд байршуулна.

Хэвлэх

37 дугаар зүйл.Төрийн аудитын нээлттэй, ил тод байдлыг хангах  

37.1.Төрийн аудитын байгууллагын жилийн үйл ажиллагааны тайланг өөрийн цахим хуудсанд олон нийтэд нээлттэй, ил тод байршуулна.

37.2.Төрийн аудитын байгууллага төрийн болон албаны, байгууллагын, хувь хүний нууцад хамаарах мэдээлэл агуулснаас бусад аудитын тайланг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасан журмын дагуу улирал бүр гаргаж, өөрийн цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ.

37.3.Төрийн аудитын байгууллага хүсэлт гаргасан этгээдэд төрийн болон байгууллага, хувь хүний нууцад хамаарах мэдээлэл агуулснаас бусад аудитын тайланг хуульд заасан журмын дагуу өгч болно.

37.4.Аудитад иргэн, олон нийтийн мэдээллийг ашиглаж болно.

37.5.Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх болон хуулиар хориглосноос бусад тохиолдолд Монгол Улсын Ерөнхий аудитор, түүний зөвшөөрснөөр төрийн аудитын байгууллагын албан хаагч аудитын тайлангийн талаар олон нийт, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл өгч болно.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН АУДИТЫН БАТАЛГАА

  38 дугаар зүйл.Хууль зүйн баталгаа  

38.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллага, албан тушаалтан, иргэн, аливаа этгээд төрийн аудитын байгууллагын бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.

38.2.Төрийн аудитын байгууллага болон Монгол Улсын Ерөнхий аудиторын үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Улсын Их Хурлаас бусад байгууллага, албан тушаалтан хяналт тавих, үүрэг даалгавар өгөхийг хориглоно.

38.3.Монгол Улсын Ерөнхий аудиторыг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол холбогдох албан тушаалтан энэ тухай Улсын Их Хурлын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ. Үүнээс бусад тохиолдолд түүнийг албадан саатуулах, цагдан хорих, баривчлах болон шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, орон байр, албан өрөө, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

38.4.Монгол Улсын Ерөнхий аудиторт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг эрх бүхий байгууллагын санал болгосноор Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

38.5.Монгол Улсын Ерөнхий аудиторыг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах, түдгэлзүүлэх, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд томилохыг хориглоно.

38.6.Монгол Улсын Ерөнхий аудиторыг Улсын Их Хурлын зөвшөөрлөөр, төрийн аудитын байгууллагын бусад албан хаагчийг Монгол Улсын Ерөнхий аудиторын зөвшөөрлөөр гаргасан аудитын тайлан, дүгнэлттэй нь холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа байгууллага, албан тушаалтан гэрчийн мэдүүлэг авч болно.

38.7.Монгол Улсын Ерөнхий аудитор, төрийн аудитын байгууллагын бусад албан хаагчийг албан үүргийнхээ дагуу гаргасан аудитын тайлан, дүгнэлт болон гүйцэтгэж байгаа аудитын талаар өөрийг нь холбогдуулан эрүүгийн, зөрчлийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж үл болно.

38.8.Монгол Улсын Ерөнхий аудиторын зөвшөөрөлгүйгээр бусад байгууллага, албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдож өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн болон албаны, байгууллагын, хувь хүний нууцын талаар мэдээлэл өгөхийг төрийн аудитын байгууллагын албан хаагчаас шаардахыг хориглоно.

38.9.Төрийн аудитын байгууллагаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс нөлөөлсөн, дарамт, шахалт үзүүлсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

38.10.Төрийн аудитын дээд байгууллагын байр төрийн хамгаалалтад байна.

Хэвлэх

39 дүгээр зүйл.Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх

39.1.Энэ хуулийн 11.2-т заасан аудитыг гүйцэтгэхэд төрийн аудитын байгууллагын албан хаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, аливаа дарамт, шахалт үзүүлсэн, хууль бус нөлөөллийн талаар нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.

39.2.Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална.

Хэвлэх

40 дүгээр зүйл.Эдийн засгийн баталгаа  

40.1.Төрийн аудитын байгууллага улсын төсвөөс санхүүжнэ. Төрийн аудитын байгууллага үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх эдийн засгийн баталгааг төр хангана.  

40.2.Монгол Улсын Ерөнхий аудитор төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд хянуулахаар хүргүүлнэ.

40.3.Монгол Улсын Ерөнхий аудитор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороогоор хянагдсан төрийн аудитын байгууллагын төсвийн төслийн эцсийн хувилбарыг улсын төсөвт нэгтгүүлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлнэ.

40.4.Засгийн газар төрийн аудитын байгууллагын төсвийн төслийг бууруулахгүйгээр улсын төсвийн төсөлд тусгаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

40.5.Төрийн аудитын байгууллагын төсвийн төсөлд төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны зардлаас гадна аудитын хуулийн этгээд, шинжээч авч ажиллуулах, албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэдний нийгмийн баталгааны асуудлыг шийдвэрлэх болон төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай бусад хөрөнгө оруулалтын зардлыг тусгана.

40.6.Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд тэдгээрийн хувь, хэмжээг Улсын Их Хурал тогтооно.

Хэвлэх

41 дүгээр зүйл.Нийгмийн баталгаа  

41.1.Төрийн аудитын байгууллагын албан хаагч төрийн албаны хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, мөнгөн урамшуулал, тэтгэмж авах, орон байраар хангагдахад төрөөс дэмжлэг үзүүлэхээс гадна энэ хуульд заасан баталгаагаар хангагдана.

41.2.Төрийн аудитын байгууллагын албан хаагч энэ хуулийн 41.1-д зааснаас гадна дараах нэмэгдэл баталгаагаар хангагдана:

41.2.1.албан үүргээ хэрэгжүүлэх явцад хот, суурингийн дотор нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчсон тохиолдолд гарсан зардлыг Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан журмын дагуу төрийн аудитын байгууллагын төсвийн хөрөнгөөс нөхөн олгох;

41.2.2.албан үүргээ хэрэгжүүлэх явцад хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны туршид, хөгжлийн бэрхшээлтэй болсон бол тахир дутуугийн тэтгэвэр, албан тушаалын цалингийн зөрүүг тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа хугацааны туршид тус тус авах;

41.2.3.албан үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан амь насыг нь хохироосон тохиолдолд түүний албан тушаалын гурван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг хохирогчийн гэр бүлд нь олгох.

41.3.Энэ хуулийн 41.2.2, 41.2.3-т заасан тэтгэвэр, тэтгэмж болон албан тушаалын цалингийн зөрүү, буцалтгүй тусламжийг улсын төсвөөс олгож, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу уг хөрөнгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

Хэвлэх


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

42 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага  

42.1.Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.

42.2.Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан нь тухайн албан хаагчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.

42.3.Энэ хуулийн 42.1, 42.2-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн аудитын байгууллага тухайн албан хаагчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах талаар эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага өгөх ба эрх бүхий албан тушаалтан ямар шийдвэр гаргасан талаараа албан шаардлагад заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хариу мэдэгдэнэ.

42.4.Энэ хуулийн 42.1, 42.2-т заасны дагуу тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад бусад хуульд заасан үндэслэл, журам үйлчлэхгүй.

42.5.Төрийн аудитын байгууллагын албан хаагч төрийн аудитын нийтлэг стандарт, ёс зүйн дүрмийг зөрчсөн, хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй бол Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Хэвлэх

43 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох  

43.1.Энэ хуулийг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР