A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ЭДИЙН ЗАСГИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ, ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 167

Улаанбаатар хот

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ЭДИЙН ЗАСГИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ, ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, малчин өрх болон эмзэг бүлгийн иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эдийн засгийг идэвхжүүлэхэд чиглэсэн дараахь арга хэмжээг ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг чанд сахиулсны үндсэн дээр хэрэгжүүлэхийг дор дурдсан Засгийн газрын гишүүдэд даалгасугай:

1.1. алт олборлолт, нүүрс, газрын тосны экспортыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд;

1.2. гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх хилийн боомт, цэвэрлэх байгууламж, гэр хорооллын барилгажилт, автозамын зэрэг бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарт;

1.3. дотоодын ачаа тээврийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах замаар тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд;

1.4. газар тариалангийн салбарт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, нөөц бүрдүүлэх малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд;

1.5. дотоодын аялал жуулчлалыг сэргээх, идэвхжүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад.

2. Зочид буудал, жуулчны бааз, амралт, сувиллын үйлчилгээний газрын үйл ажиллагаанд тусгай горим тогтоож, үйл ажиллагааг хэвийн явуулах боломж бүрдүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолын 1, 2 дахь заалтыг хэрэгжүүлэхдээ үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэгч хоорондын зайг зохистой хэмжээнд тогтоож үйл ажиллагааны цар хүрээ, цагийн хуваарийг оновчтой хэлбэрээр зохион байгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар иргэдийн ойлголт, ухамсрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг идэвхжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Малчдын орлогыг нэмэгдүүлэх болон үндэсний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор Монгол Улсын 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор А дансанд бүртгэгдсэн мэдээлэлд үндэслэн, ноолуурын хэмжээг "Монгол ямааны үүлдэр, омог. Ерөнхий шаардлага" (MNS 0550:2011) стандартаар тооцож, нэг кг тутамд 20 000 (хорин мянган) төгрөгийн урамшууллыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу олгох арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд даалгасугай.

5. Иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт үүрэг болгосугай:

5.1. 18 хүртэлх насны хүүхэд бүрт олгож байгаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлж 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 100 000 (нэг зуун мянган) төгрөг олгох; 

 / Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 126, 248 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 236 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон /

5.2. хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд олгож байгаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийн үнийн дүнг нэмэгдүүлж 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд сар бүр нэг хүүхдэд 16 000 (арван зургаан мянган) төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд сар бүр насанд хүрсэн нэг гишүүнд 32 000 (гучин хоёр мянган) төгрөг тус тус олгох; 

/ Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 126 дугаар тогтоолоор нэмэлт орсон /

5.3. нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд сар бүр 288 000 (хоёр зуун наян найман мянган) төгрөг олгох.

 / Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 126, 248 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 236 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 60 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон /

6. Энэ тогтоолын 4, 5 дахь заалтад заасан арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2020 оны төсөвт холбогдох зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР