Хэвлэх DOC Татаж авах
“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 05 сарын 01 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 35

Энэ тогтоолыг 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 07 дугаар бүлэгт Саримс “30 хүртэл”, Улаан лооль “30 хүртэл”, Өргөст хэмх “30 хүртэл”, Тарвас “30 хүртэл” гэсэн барааны нэр төрөл нэмсүгэй.

2.“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 07 дугаар бүлгийн Хүнсний ногоо, зарим ургамлын үндэс булцуу “20 хүртэл” гэснийг “30 хүртэл” гэж, мөн бүлгийн Төмс, Сонгино, Байцай, Шар лууван, Шар манжин тус бүр “20 хүртэл” гэснийг тус бүр “30 хүртэл” гэж өөрчилсүгэй.

3.Үр тариа, тосны ургамал, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны үрийн гаалийн албан татварын хувь, хэмжээг “0” болгосугай.

4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг  Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:

1/энэ тогтоолын 3 дахь заалтад заасан барааны үндэсний кодыг 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор батлах;

2/“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дэх заалтаар Улсын Их Хурлаас эрх олгосны дагуу мөн тогтоолын хавсралтын 07 дугаар бүлэгт заасан хязгаарт багтаан барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг шинэчлэн тогтоох;

3/дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагын “Хамгаалалтын арга хэмжээний хэлэлцээр”-т нийцүүлэн “Хамгаалалтын арга хэмжээний журам”-ыг батлах, хэлэлцээрийн хүрээнд үйлчлэх импортын барааны тоо хэмжээний хязгаар болон гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох. 

5.Энэ тогтоолыг 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР