A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Монгол Улсын Их Хурлын 2014 оны 64 дүгээр тогтоолыг батлахдаа Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 04

Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 64 дүгээр тогтоолыг батлахдаа Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 10.40 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж /илтгэгч/, Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхгэрэлийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хаалттай хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Н.Удаанжаргал, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" 64 дүгээр тогтоолыг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн Н.Удаанжаргал Үндсэн хуулийн цэцэд хандан дараахь агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ. Үүнд:

"Монгол Улсын Их Хурлын 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр баталсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" 64 дүгээр тогтоол нь холбогдох хууль болон Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг зөрчсөн гэж үзэж байна.

1.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт "Хууль санаачлагч хуулийн төсөл боловсруулахын өмнө түүний үзэл баримтлалыг тодорхойлно." гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтад "Засгийн газраас санаачлах хуулийн төслийн үзэл баримтлалыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;" гэж заасан байна.

Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамын царигийн өргөнийг 1435 мм болгож шийдвэрлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газар санаачилсан. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтад "Засгийн газраас санаачлах хуулийн төслийн үзэл баримтлалыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;" гэсний дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох төрийн захиргааны төв байгууллага болох Зам, тээврийн яам хамтран үзэл баримтлалыг батлах ёстой. Гэтэл Улсын Их Хурлын 2014 оны 64 дүгээр тогтоолын үзэл баримтлалыг батлахад тухайн үеийн төмөр замын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд А.Гансүх оролцоогүй, үзэл баримтлалд гарын үсгээ зураагүй байна. Тиймээс Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тогтоолын төслөө 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар тэмдэглэлээр эгүүлэн татжээ. Учир нь Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэхэд хавсаргах баримт бичигт үзэл баримтлал хамаарч байна.

Хуульд заасан холбогдох төрийн захиргааны төв байгууллага болох Зам, тээврийн яам нь Засгийн газраас санаачилсан Улсын Их Хурлын тогтоолын үзэл баримтлалыг батлаагүй байхад Улсын Их Хурал тогтоолын төслийг 2014 оны 10 дугаар сард хэлэлцэн баталж, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн байна.

2.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дагуу батлагдаагүй, боловсруулалтын шаардлага хангаагүй үзэл баримтлалыг хүлээн авч шийдвэрлэсэн нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсгийг зөрчиж байна. Зүй нь хуулийн энэ заалтын дагуу өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хууль санаачлагч Засгийн газарт буцаах ёстой байжээ.

Үүнээс үзэхэд 2014 онд Улсын Их Хурлаас "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" 64 дүгээр тогтоолыг Улсын Их Хурал батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэснийг зөрчсөн болохыг хянан шийдвэрлэнэ үү." гэжээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2014 оны 64 дүгээр тогтоолыг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй талаар дараахь үндэслэлүүдийг гаргаж байна. Үүнд:

1.Монгол Улсын Засгийн газар 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Засгийн газраас уг тогтоолын төслийг 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэх эсэх асуудлыг 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хийж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг асуудлыг хэлэлцэхийг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Улсын Их Хурал 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. ... Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болон эцсийн хэлэлцүүлгийг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Эдийн засгийн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн дагуу, процессын алдаагүй хэлэлцэж баталсан.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.", Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.", Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно." гэсэн нь Монгол Улсын Засгийн газар хамтын хариуцлага хүлээдэг кабинетын зарчмаар ажилладаг болохыг тодорхойлж байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Засгийн газар нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхийн санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг дангаар хариуцах, үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх, нутаг дэвсгэрийн болон салбарын зарчмыг хослуулах үндсэн дээр ажиллана." гэж заасан нь Монгол Улсын Засгийн газар хамтын хариуцлага хүлээдэг кабинетын зарчмаар ажилладаг субьект болохыг тодотгож байна.

Энэ утгаараа "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхэд тухайн үед ажиллаж байсан Хууль зүйн болон Эдийн засгийн хөгжлийн сайд нар тогтоолын төслийн үзэл баримтлалыг хамтран баталсан, мөн Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн уг тогтоолын төслийг дэмжин Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн нь дээр дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалттай нийцсэн гэж үзэж байна.

3.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт "Хууль санаачлагч нь хэлэлцүүлгийн аль ч шатанд төслөө татан авч болно.", мөн зүйлийн 17.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 17.1, 17.2-т заасны дагуу төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч төслөө татан авах тухай албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар төслөө татан авсанд тооцно." гэж заасны дагуу Улсын Их Хурлаар уг тогтоолын төслийг хэлэлцэх явцад хууль санаачлагч уг тогтоолын төслийг татан авах эрх нь нээлттэй байсан бөгөөд Засгийн газраас тогтоолын төслийг татах асуудлыг хөндөж тавиагүй нь төслийг дэмжин, хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн агуулгыг илэрхийлсэн гэж үзэж байна." гэсэн байна.

Гурав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бэлтгэх явцад Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас ирүүлсэн зарим нотлох баримт нь нууцын зэрэглэлтэй байсан болно.

Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар:

"Хуралдаанд бэлтгэх явцад Улсын Их Хурлын дээрх шийдвэрт холбогдох баримт бичгийг судлан үзлээ. Үүнийг үндэслээд Улсын Их Хурлын зүгээс процессын алдаа гаргаагүй, харин Монгол Улсын Засгийн газар холбогдох төслийг өргөн мэдүүлэхдээ зөрчил гаргасан, түүнчлэн 2014 оноос хойш шинэ нөхцөл байдал үүссэн тул уг шийдвэрийг агуулгын хувьд эргэн харах шаардлага байна." гэсэн тайлбарыг хийлээ.

ҮНДЭСЛЭЛ:

1.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд зааснаар Эдийн засгийн аюулгүй байдлын хүрээнд Эдийн засгийн олон тулгуурт, оновчтой бүтцийг бий болгох, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого явуулах, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах, эрчим хүч, эрдэс баялгийн болон гадаад худалдаа, интеграцийн асуудлаар оновчтой бодлого баримтлахаар зааж тус баримт бичгийн 3.2.1.4-т "Дэд бүтцийн салбарын хөгжлийг үндэсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлж, хөрөнгө оруулалтад эдийн засгийн үр ашгийг шалгуур болгоно. Төмөр замын сүлжээг байгуулахдаа Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг эрхэмлэнэ." хэмээн тусгасан байна.

2."Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газар өргөн мэдүүлж, Монгол Улсын Их Хурал хэлэлцэн батлахдаа холбогдох хууль тогтоомжийн заалтыг баримтлаагүй нь Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас 2020 оны 15/438, Н/12 дугаар албан бичгээр ирүүлсэн уг тогтоолын төсөл, үзэл баримтлал, танилцуулга, төслийг хэлэлцсэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон холбогдох Байнгын хорооны хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар дээрх зөрчлийг хүлээн зөвшөөрч, холбогдох тайлбар гаргасан болно.

Үүнээс үзэхэд Үндэсний аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн чухал ач холбогдол бүхий асуудлыг шийдвэрлэх Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай тогтоолын төслийг Засгийн газар өргөн мэдүүлж, Улсын Их Хурал батлахдаа холбогдох хууль тогтоомжийн заалтыг баримтлаагүй, мөн Засгийн газрын танхимын зарчмыг алдагдуулсан нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" 64 дүгээр тогтоолыг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасныг зөрчсөн байна.

2.Монгол Улсын Их Хурлын 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" 64 дүгээр тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Д.ОДБАЯР

ГИШҮҮД Д.СОЛОНГО

Г.ТУУЛХҮҮ

Ц.НАНЗАДДОРЖ

Г.БАЯСГАЛАН