A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 94

Улаанбаатар хот

ТӨРӨӨС ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. "Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалгасугай.

3. "Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх арга хэмжээг улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламжид хамруулах болон төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 314

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.3.6, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор энэ тогтоолын хавсралтад заасан Засгийн газрын тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан салбар, орон нутгийн түвшинд батлан хэрэгжүүлж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, хуульд нийцүүлэх арга хэмжээг 2021 оны 12 дугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг нэгтгэн 2022 оны 3 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ