A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МАЛ АЖ АХУЙН ТҮҮХИЙ ЭДИЙН НӨӨЦ АШИГЛАЛТ, ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 178

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Түүхий ноолуур, ноос, арьс шир (адууны ширийг дэл, сүүлгүй)-ийг экспортлох ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү), Гаалийн ерөнхий газар (Б.Асралт)-т тус тус даалгасугай.

2. "Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк"-ийн техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулах арга хэмжээ авах, паркийн дэд бүтцийг барьж байгуулах ажлыг эрчимжүүлэхийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэршүүлсэн технологийн бохир усыг үйлдвэрт дахин ашиглах стандарт боловсруулж, батлуулахыг Стандарт, хэмжил зүйн газар (Б.Билгүүн)-т тус тус даалгасугай.

3. "Дархан үйлдвэр технологийн парк"-ийн нэгж "Дархан арьс ширний цогцолбор" ХХК-тай зээлийн хүүгийн татаасыг санхүүжүүлэх гэрээ байгуулж, хэрэгжүүлэх замаар тус цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд даалгасугай.

4. Боловсруулах үйлдвэрүүдийг чанар, стандартын шаардлага хангасан түүхий эдээр хангах, малчдын орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор зарим суманд мал аж ахуйн гаралтай түүхий эдийг бэлтгэх, тээвэрлэх, хадгалах нэгдсэн бүтэц бүхий загвар хоршоо байгуулж, кластерын тогтолцоог бүсчлэн хөгжүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Үндэсний хөгжлийн газар (Б.Баярсайхан), аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

5. "Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2011 оны 30, "Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнг үнэлж, зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулж, хэлэлцүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд даалгасугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2013 оны 300 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт", Засгийн газрын 2014 оны 87 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх журам"-ын 8.4 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт"-ын 51.05 дахь заалтыг 1 жилийн хугацаатай тус тус түдгэлзүүлсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН