A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 45

Төрийн ордон,Улаанбаатар хот

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг баталсантай холбогдуулан уг хуулийг дагаж мөрдөх бэлтгэлийг хангах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:

1/Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг энэ хуульд нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд 2022 оны 6 дугаар сард багтаан өргөн мэдүүлэх;

3/Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг энэ хуульд нийцүүлэх ажлыг зохион байгуулж Улсын Их Хуралд танилцуулах;

4/Төсвийн тухай болон холбогдох бусад хуулийг энэ хуульд нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд 2020 оны 10 дугаар сарын 01-ний дотор өргөн мэдүүлэх;

5/Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан холбогдох журмыг 2020 онд багтаан боловсруулж, батлах;

6/Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг улсын хэмжээнд төрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /С.Бямбацогт/, Төсвийн байнгын хороо /Б.Чойжилсүрэн/, Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/-нд тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР