Хэвлэх DOC Татаж авах
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2013 оны 139 дүгээр тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 173

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 5.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас   ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 139 дүгээр тогтоолоор баталсан “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн дүрэм”-д доор дурдсан агуулгатай 3.1.7, 5.2.3 дахь дэд заалт нэмсүгэй:

      1/ “3.1.7.шаардлагатай бусад асуудлаар тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн хэрэгжилтийн талаар холбогдох дүгнэлт гаргах.”

      2/ “5.2.3.Төрийн болон албаны нууц, байгууллагын нууцыг задруулахгүй байх;”

2. Мөн дүрмийн 1.3 дахь заалтын “холбогдох” гэсний дараа “бусад” гэж, 3.1.3 дахь дэд заалтын “холбогдох” гэсний дараа “бусад” гэж, мөн заалтын “зөвшөөрлийг” гэсний дараа “эрх бүхий байгууллагын дүгнэлтэд үндэслэн” гэж, 5.1.1 дэх дэд заалтын “гаргуулан авах” гэсний дараа “шаардлагатай тохиолдолд хуралдаанд оролцуулах, мэдэгдэл хүргүүлэх” гэж тус тус нэмсүгэй.

3. Мөн дүрмийн 1.4, 2.1.2, 3.1.2, 3.1.5, 3.3, 3.4, 4.4, 5.2.1 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

      1/ “1.4. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг болон тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэр, тэсрэх материалыг хадгалах байр, агуулахын зураг төсөл, техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад тавигдах шаардлагыг тус тус батална.

      2/ “2.1.2. олонхийн саналд тулгуурлан нэгдсэн шийдвэр гаргах;”

      3/ “3.1.2. үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил хийх, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгох, сунгах эсэх талаар дүгнэлт гаргах;

      4/ “3.1.5. тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, пиротехникийн хэрэгслийн үйлдвэр, агуулахыг шинээр байгуулах, өргөтгөх болон тэдгээрийг ашиглалтад оруулах талаар дүгнэлт гаргах;”

      5/ “3.3. Зөвлөлөөр хэлэлцсэн асуудлаар гарах санал, дүгнэлтийг гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ. Зөвлөлийн санал, дүгнэлт тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд уг тэмдэглэлийг хэвлэмэл хуудас, тэмдгээр баталгаажуулна.”

      6/ “3.4. Зөвлөлийн хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлж зохих шийдвэрийг гаргуулна.”

      7/ “4.4. Зөвлөл нь уул уурхай асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тагнуул, зэвсэгт хүчин, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдал болон ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, холбогдох их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллөөс бүрдсэн 15-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна.”

      8/ “5.2.1. эрхэлж буй албан үүргийнхээ чиглэлээр санал, дүгнэлт гаргах;”

4. Мөн дүрмийн 3.2 дахь заалтын “зарлах” гэснийг “даргалах” гэж өөрчилсүгэй.

5. Мөн дүрмийн 1.2, 3.1, 3.1.6 дахь заалт, дэд заалтын “зөвлөмж” гэснийг, 4.1 дэх заалтын “орлогч дарга” гэснийг, 4.5 дахь заалтын “ахлах” гэснийг тус тус хассугай.

6. Мөн дүрмийн 4.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                       У.ХҮРЭЛСҮХ

Уул уурхай, хүнд

үйлдвэрийн сайд                                                         Д.СУМЪЯАБАЗАР