Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ТОГООЛ

 

2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр                                                                                                                             Дугаар 01                                                                                                                                         Улаанбаатар хот                                                                                        

      Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай

     хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох

    заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн

                                                                                                                                                                              шийдвэрлэсэн тухай

 

 

 

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 10.30 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Солонго, Д.Одбаяр /илтгэгч/, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ш.Солонго, Ц.Нанзаддорж, Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхгэрэлийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтад зааснаас өөр хугацаа тогтоосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан эцэслэн шийдвэрлэж, мөн Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” 33 дугаар тогтоолыг хянан хэлэлцэв. 

 

Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч, иргэн Р.Гончигдорж, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Э.Төмөрбаатар нар Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл гаргасан байна. Үүнд:

 

“1. ... Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.”, мөн зүйлийн 6.3 дахь хэсэгт “Эвсэлд нэгдсэн бүх нам энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан байна.” гэж тус тус заажээ.

 

Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт “... улсын бүртгэлд бүртгүүлснээр нам үйл ажиллагаагаа ... явуулах эрхтэй.” гэж зааснаар Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр улс төрийн нам нь үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог бөгөөд үндсэн үйл ажиллагаа нь сонгуульд оролцох юм. Гэтэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлээгүй боловч энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу санал авах өдрөөс 60 хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн нам сонгуульд оролцох хүсэлтээ гаргах эрхийг хязгаарласан байна. Тухайлбал, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... сонгох, сонгогдох эрхтэй. ...”, мөн зүйлийн 10 дахь заалтад “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам ... байгуулах ... эрхтэй. ...;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасан байна.

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “Дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ:” гээд 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;” гэж заасан нь тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсгээс өөрөөр сонгуульд оролцох эрхийг тодорхойлсон байна. Ийм байтал Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсгээр Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтаар олгогдсон “сонгогдох” эрхээ мөн зүйлийн 10 дахь заалтаар олгогдсон эрхээрээ баталгаажуулан, улс төрийн нам байгуулах эрхийнхээ дагуу Улсын Их Хурлын гишүүдийг сонгох сонгуулийн үйл ажиллагаанд оролцох эрхээ хязгаарлуулж байгаа нь Улсын Их Хурал Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ зөрчин, Улсын Их Хурлын сонгуульд оролцох эрхийг хязгаарлах замаар иргэдийн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан “сонгогдох” эрхийг зөрчиж байна.

 

Мөн дам утгаараа нэр дэвших үйл ажиллагаанд намын гишүүнийх нь хувьд ялгаварлан гадуурхсан нөхцөлийг бүрдүүлж, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад заасан иргэд “... сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ... эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ... -ийг хориглоно. ...” гэсэн эрхийг давхар зөрчиж байна. Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ зөрчихдөө Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний 03 дугаар тогтоолоор улс төрийн нам хэзээ байгуулагдсанаас үл хамааран сонгуульд оролцох эрхтэй гэж шийдвэрлэснийг харгалзаж үзээгүй байна. ...

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсгүүд нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг … тус тус зөрчжээ гэж бид үзэж байна. ...” гэжээ.

 

Хоёр. Уг маргаанд холбогдуулан Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалангаас Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн хариу тайлбарт:

 

“1. ... Европын зөвлөлийн Венецийн комиссын 2010 оны 10 дугаар сарын 15, 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Улс төрийн намын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтад удирдлага болгох зарчмууд”-ыг хэлэлцэн баталсан бөгөөд үүнд улс төрийн намыг бүртгүүлэхэд зарим нэг шаардлага тавих нь эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөнд тооцогдохгүй гэж Европын хүний эрхийн шүүхийн шийдвэрүүдэд заасан байдаг. Венецийн комиссын 2010 оны 10 дугаар сарын 15, 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан зарчмын сонгуульд оролцохтой холбогдох хэсгийн 142 дахь хэсэгт улс төрийн нам сонгуульд оролцох боломжид тодорхой шаардлагыг хангасан байж болох тухай заасан байна.

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэг нь улс төрийн намыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх хугацааг зөвхөн сонгуульд оролцохоор бүртгүүлэх хүрээнд тавьж буй шаардлага юм. Төрийн үйл хэргийг удирдахад оролцох, төрийн бодлогыг тодорхойлох ажилд оролцохоор сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэх нь гэнэтийн, тохиолдлын зүйл байх нь зохимжгүй бөгөөд бодлого, үзэл баримтлалаа тодорхойлоогүй улс төрийн намыг төрийн сонгуульд оролцуулах нь өөрөө сөрөг үр дагаврыг бий болгох эрсдэлтэй гэж үздэг.

 

Хуульд заасны дагуу сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын байгууллагаар хянуулж, дүгнэлт гаргуулсан байх хуулийн хугацаа нь тухайн сонгуулийн жилийн 3 дугаар сарын 25-ны өдөр байхаар хуульд заасан. Ийнхүү хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, төсвийн тусгай шаардлагад нийцэх бодлого тодорхойлох үйл явц нь тодорхой цаг хугацааг шаардах ажил юм.

 

Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй байхаар заасан хуулийн заалт нь улс төрийн намыг бодлого хөтөлбөрөө тодорхойлоход хариуцлагажуулахад чиглэсэн бөгөөд улс төрийн нам нь сонгууль товлон зарлах хугацаанаас өмнө албан ёсоор байгуулагдсан байх шаардлагыг тус хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг нэр дэвшүүлэх шаардлагатай хамт тусгаж өгчээ.

 

Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталсан бөгөөд энэ нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Арван ес1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана.” гэж заажээ. Нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах, Үндсэн хуулийн заалтыг баримтлан бодлогоо тодорхойлж ажиллахыг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр онцгойлон зохицуулсныг дурдах нь зүйтэй. ...

 

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.” гэж заасан, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Нам, эвсэл нь ээлжит сонгуулийн жилийн 3 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө ... сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.” гэж заасан нь улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө аудитын дүгнэлт гаргуулах хугацаанаас өмнө, мөнхүү хөтөлбөрийг бэлтгэх, Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт зааснаар сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг намын эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэн шийдвэрлэхээр заасан нь хугацааг зайлшгүй шаардаж байгаа юм.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...”, мөн зүйлийн 10 дахь заалтад “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам ... байгуулах ... эрхтэй. ...” байхыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсгийн заалтууд хязгаарлаж байна гэж үзэхгүй байна. ...” гэсэн байна.

 

            Гурав. Уг маргаанд холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос байр сууриа илэрхийлсэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/45 дугаар албан бичигт:

 

“... 3. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж, мөн зүйлийн 6.3 дахь хэсэгт “Эвсэлд нэгдсэн бүх нам энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан байна.” гэж тус тус Улсын Их Хурлын сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд улс төрийн нам, эвсэлд тавигдах шаардлагыг тодорхой хуульчилсан байна.”  гэжээ.

 

Дөрөв. Ардчилал Шинэчлэлийн Намаас Үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/08 дугаар албан бичигт:

 

“Ардчилал шинэчлэлийн нам нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдаж, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн.

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцохоор хуульчилсан боловч тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт сонгуульд бүртгүүлэх намд тавигдах шаардлагуудыг заасан бөгөөд 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх;” гэж зааснаар хуулийн заалтууд хоорондоо зөрчилдсөн байна.

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтыг баримтлан сонгуульд оролцож болох эсэх тухай Сонгуулийн ерөнхий хорооноос тодруулга авахаар хандсан боловч Сонгуулийн ерөнхий хороонд хууль тайлбарлах эрх байхгүй гэсэн хариуг Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3-2/29 дүгээр албан бичгээр өгсөн. ...

 

Манай нам нь хуулийн зөрчилтэй байдал болон, Үндсэн хуулийн цэцийн хуралдааны шийдвэрээс шалтгаалан хуульд заасан графикт ажиллагаануудаа хийж, хариуцсан төрийн байгууллагуудад хандах бололцоогүй болох төдийгүй, Ардчилал Шинэчлэлийн Намын гишүүд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтаар олгогдсон “сонгогдох” эрхээ, мөн тус нам нь Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсгээр олгосон эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг дээр үүсгэсэн маргаан хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаа хурдавчилсан журмаар хийж өгнө үү.” гэжээ.

 

Тав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэж, 02 дугаар дүгнэлтийг гаргасан болно. Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт:

 

            “1.Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, ...-ыг хориглоно. ...”, мөн зүйлийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” хэмээн зааж, Монгол Улсад засгийн бүх эрх ард түмнээс эхтэй болохыг тодорхойлон, Монгол Улсын иргэн улс төрийн намд эвлэлдэн нэгдэж, төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хуралд сонгогдох, мөн намаас нэр дэвшүүлсэн иргэнийг сонгох, эсхүл бие даан нэрээ дэвшүүлэх, ийнхүү дэвшсэн иргэнийг сонгох замаар дээрх эрхээ хэрэгжүүлэх Үндсэн хуулийн боломжийг баталгаажуулан тогтоожээ.

 

Аливаа улс төрийн нам, эвсэл төрийн эрх барих байгууллагын сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх асуудал нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэн хүний улс төрийн эрх болон ардчилсан ёс, засгийн бүх эрх ард түмнээс эхтэй байх үзэл санаатай нягт уялдаатай болохыг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтэд тодорхой тэмдэглэсэн байна.

 

            2.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. ...” гэж заасны хүрээнд Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг баталжээ. Уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.”, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.” гэж тус тус хуульчилжээ.

 

            Гэтэл тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Нам, эвсэл ... сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.”, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “Дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ:” гээд 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;” гэж өөр хоорондоо зөрчилдсөн хэм хэмжээ бүхий хугацааг тогтоосон байна.

 

3.Нам, эвслийн сонгуульд оролцох хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн аваад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд тухайн нам, эвслийг бүртгэхээс татгалзахаар хуульчилсан байна.

 

Гэтэл уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт зааснаар сонгууль товлон зарласан өдрөөс хойш буюу сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намыг сонгуульд оролцож, Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхгүй байх үр дагаврыг үүсгэхээр байна.

 

Энэ нь Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 1/45 дугаар албан бичиг болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2020 оны 2788 дугаар албан бичгээр ирүүлсэн болон Үндсэн хуулийн цэцийн хуралдаан дээр гаргасан тайлбарын агуулгаар нотлогдож байна.

 

4.Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтад зааснаас өөр хугацаа тогтоосон нь эдгээр зохицуулалтын хэрэгжилтэд тодорхой бус, маргаантай нөхцөл байдлыг үүсгэхээр байна. Энэ нь намаас нэр дэвших иргэний сонгогдох хууль зүйн боломжийг хугацаагаар хязгаарласан байна.

 

Хууль тогтоогчийн зүгээс энэхүү зөрчилтэй байдлыг залруулах боломж нь  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийн заалтаар хязгаарлагдсан байх ба Улсын дээд шүүх Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын хүрээнд тайлбар хийх замаар шийдвэрлэх боломжгүй байна. 

 

Дээр дурдсан үндэслэл, нөхцөл байдлаас үзэхэд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг болон мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтаар Улсын Их Хурлын сонгуульд оролцох намд өөр өөр шаардлага, шалгуур тогтоосон нь төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх талаарх Үндсэн хуулийн заалтыг зөрчиж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний сонгогдох эрхийг хязгаарлах нөхцөлийг үүсгэж байна.

 

5.Хууль тогтоогчоос сонгуульд оролцох улс төрийн намд тодорхой шалгуурыг хуулийн хүрээнд тогтоож болох боловч уг шалгуур нь үндэслэлтэй, тодорхой, хоёрдмол утгагүй байх ёстой. Ийнхүү тогтоох нь хуульд заасан бусад хугацаа бүхий зохицуулалтуудтай зөрчилдөх, цаашлаад хүний эрх, эрх чөлөөг хөндөж, хязгаарлах нөхцөл бүрдүүлж байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.” гээд

 

Дүгнэлтийн тогтоох хэсэгт:

 

            1.“Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө ...”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

                

            2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө ...”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам ... байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ...” гэж заасныг зөрчөөгүй байна.

 

            3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө ...” гэснийг, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлсүгэй.

 

            4.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.” гэсэн байна.

 

Зургаа. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд 33 дугаар тогтоолыг гаргасан байна. Үүнд: 

 

“Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө ...”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэсэн байна.

 

Долоо. Монгол Улсын Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа:

 

“... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтын холбогдох хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Өмнө нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд энэ талаар тайлбар хүргүүлсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд ч мөн өмнөх тайлбараа баталгаажуулан хүргүүлж байна.

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэг нь улс төрийн намыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх хугацааг зөвхөн сонгуульд оролцохоор бүртгүүлэх хүрээнд тавьж буй шаардлага юм. Төрийн үйл хэргийг удирдахад оролцох, төрийн бодлогыг тодорхойлох ажилд оролцохоор сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн нам төрийн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэх нь гэнэтийн, тохиолдлын шинжтэй байх нь зохимжгүй бөгөөд бодлого, үзэл баримтлалаа тодорхойлоогүй улс төрийн намыг төрийн сонгуульд оролцуулах нь сөрөг үр дагаврыг бий болгох эрсдэлтэй гэж үздэг.

 

 

Улс төрийн намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын байгууллагаар хянуулж, дүгнэлт гаргуулсан байх хуулийн хугацаа нь тухайн сонгуулийн жилийн 3 дугаар сарын 25-ны өдөр байхаар хуульд заасан. Ийнхүү хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, төсвийн тусгай шаардлагад нийцэх бодлого тодорхойлох үйл явц нь тодорхой цаг хугацаа шаардах ажил юм.

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй байхаар заасан хуулийн заалт нь улс төрийн намын бодлого, хөтөлбөрөө тодорхойлоход, хариуцлагажуулахад чиглэсэн бөгөөд улс төрийн нам нь сонгууль товлон зарлах хугацаанаас өмнө албан ёсоор байгуулагдсан байх шаардлагыг тус хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг нэр дэвшүүлэх шаардлагатай хамт зохицуулж өгсөн. ...

 

1992 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд улс төрийн намыг санал авах өдрөөс тодорхой хугацааны өмнө сонгуульд оролцохоо Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлж, албан ёсоор бүртгүүлэх, 2005, 2011 оны хуульд сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байхаар зохицуулж ирсэн.

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.” гэж заасан, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Нам, эвсэл нь ээлжит сонгуулийн жилийн 3 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө ... сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.” гэж заасан нь улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө аудитын дүгнэлт гаргуулах хугацаанаас өмнө мөнхүү хөтөлбөрийг бэлтгэх, Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт зааснаар сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг намын эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэн шийдвэрлэхээр заасан нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6.1 дэх хэсэгт заасан хугацааг зайлшгүй шаардаж байгаа юм.

 

Иймд дээрх зохицуулалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэг, заалт зөрчсөн гэж үзэхгүй байна.” гэсэн байна.

 

 

ҮНДЭСЛЭЛ

  

            1.Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө ...”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. 

 

2.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана.” гэж заажээ. Гэвч Монгол Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар тогтоолд Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ заагаагүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 32 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг тус тус удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ТОГТООХ НЬ:

 

1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө ...”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

 

2.Монгол Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” 33 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

 

3.Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

  

                       

                                                                             ДАРГАЛАГЧ                                                         Н.ЧИНБАТ

                                                                                    ГИШҮҮД                                                        Ш.ЦОГТОО

                                                                                                                                                           Д.СОЛОНГО

                                                                                                                                                           Д.ОДБАЯР

                                                                                                                                                           Б.БУЯНДЭЛГЭР

                                                                                                                                                           Г.ТУУЛХҮҮ

                                                                                                                                                           Ш.СОЛОНГО

                                                                                                                                                           Ц.НАНЗАДДОРЖ

                                                                                                                                                           Г.БАЯСГАЛАН