A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 230

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 9.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.9, Төсвийн тухай хуулийн 14.1.8, 42.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Үндэсний геологийн албыг байгуулсугай.

2. Үндэсний геологийн албаны орон тооны дээд хязгаарыг 35 байхаар тогтоосугай. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 38 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3. Үндэсний геологийн албаны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж мөрдүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт үүрэг болгосугай.

4. Үндэсний геологийн албаны үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт зөвшөөрсүгэй.

5. "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" хэсэгт "21. Үндэсний геологийн алба" гэж нэмсүгэй.

6. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-т дор дурдсан агуулгатай 30 дахь заалт нэмсүгэй:

30.

Үндэсний геологийн алба

68

7. Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн хэсгийн "21, 22" дахь заалтын дугаарыг "22, 23" гэж тус тус өөрчилсүгэй.

8. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын 23 дахь заалтын "185" гэснийг "117" гэж өөрчилсүгэй.

9. Чиг үүрэг нь шилжиж байгаатай холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газраас Үндэсний геологийн албанд чиг үүргийн хувьд шилжих орон тоог холбогдох төсөв, хөдлөх хөрөнгийн хамт шилжүүлэх арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Ашигт малтмал, газрын тосны газар (Х.Хэрлэн), Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (З.Мэндсайхан)-т тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.СУМЪЯАБАЗАР