A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2, 14.5 дугаар зүйлийн 1, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 05

Улаанбаатар хот

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2, 14.5 дугаар зүйлийн 1, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Солонго, Б.Буяндэлгэр /илтгэгч/, Г.Туулхүү нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхгэрэлийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Э.Ганхөлөг оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2, 14.5 дугаар зүйлийн 1, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "… Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. ..." гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн Э.Ганхөлөг, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Дагиймаа нар Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ. Үүнд:

"Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2, 14.5 дугаар зүйлийн 1, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "… Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. ..." гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Яллагдагч, шүүгдэгч гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдэх магадлалтай боловч энэхүү үйлдлийг нь "дахин" гэдэг утгаар авч үзэх нь өрөөсгөл ойлголт юм. Өмнөх гэмт хэргийнх нь гэм буруутай эсэхийг нь шүүх тогтоосон тохиолдолд л дахин гэмт хэрэг гэдэг ойлголт яригдах нь зүйтэй. Шалгагдаж байгаа гэмт хэрэг дээрээ гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шууд "дахин" гэж авч үзэж байгаа нь яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа, цаашлаад гэмт хэрэг тулгах, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа явдал юм. Гэм буруутай нь тогтоогдсон шүүхийн тогтоол гараагүй байхад яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай гэж шууд үзэж, давхар "дахин" гэдэг ойлголтоор хүний тодорхой эрхүүдийг хязгаарлаж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн "дахин гэмт хэрэг үйлдэх" гэсэн нэр томьёо орсон 14.2 дугаар зүйлийн 2, 14.5 дугаар зүйлийн 1, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү." гэжээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа:

"Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "… Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. ..." гэж заасныг ... зөрчөөгүй гэж үзэн дараах тайлбарыг хүргүүлж байна.

1.Монгол Улсын Үндсэн хуульд гэмт хэрэг үйлдэх гэсэн ойлголт, гэмт хэрэг үйлдэж шүүхээр нотлогдох буюу тогтоох, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох гэсэн ойлголтыг ялгамжтайгаар дараах байдлаар тусгасан байна.

Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх заалтад "... Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;" гэж, мөн зүйлийн 14 дэх заалтад "… Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. ..." гэж, Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "... Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна." гэж тус тус заажээ.

Хууль тогтоогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Үндсэн хуулийн дээрх заалтыг гол удирдлага болгож буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн ойлголт, гэмт хэрэг үйлдсэн гэх ойлголтыг тус тусад нь ялган хуульчилсан. Тухайлбал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн ойлголтыг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт, гэм буруутай этгээдийн талаар тодорхойлон тусгасан бол гэмт хэрэг үйлдсэн гэсэн ойлголтыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүх хуралдааны явцад хэрэглэгдэхээр буюу гэм буруугийн асуудалтай холбоогүй байдлаар хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ... байх талаар хувийн баталгааг бичгээр гаргаж, гарын үсэг зурна." гэж, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Яллагдагч ..., түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ... таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ." , 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... яллагдагчид ... дахин гэмт хэрэг үйлдсэн бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно." гэж тус тус заасан нь гэмт хэрэг үйлдэгдсэн фактад процессын шийдвэр гаргах буюу таслан сэргийлэх арга хэмжээ авагдах үндэслэл болж байгаагаас бус мэдээлэл гаргагчийн мэдээлэлд дурдсан шүүхийн өмнөөс яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа хэрэг огт биш юм.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасан бөгөөд үүний хүрээнд холбогдох хууль тогтоомжоор иргэний эрх, эрх чөлөөг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох, шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

Хууль тогтоогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт таслан сэргийлэх арга хэмжээний талаарх зохицуулалтыг тусгасан. Мөрдөгч хуульд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэмт хэрэг гарсан, уг гэмт хэргийг аливаа этгээд үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд тухайн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээ авдаг.

Таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлд туссан "дахин гэмт хэрэг үйлдэх" гэсэн ойлголт нь яллагдагч, шүүгдэгчийн өмнө үйлдсэн буюу шалгагдаж байгаа гэмт хэрэгтэй нь огт хамааралгүй бөгөөд гагцхүү эрүүгийн хууль тогтоомжийн урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэрэгслийн хэмжээнд буюу яллагдагч, шүүгдэгчийг нэмж өөр төрлийн гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нөгөө талаас хохирогчийг хамгаалах, цаашлаад өөр этгээдийг гэмт хэргийн золиос, хохирогч болохоос сэргийлэх, хамгаалах агуулга, зорилго бүхий зохицуулалт юм. ..." гэсэн байна.

Гурав. Дээрх маргаанд холбогдуулан Монгол Улсын дээд шүүхээс дараах тайлбарыг ирүүлсэн байна. Үүнд:

"... Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангах үүднээс үндэсний хэмжээний эрүүгийн эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, түүний эрх зүйн үндсийг тодорхойлох онцгой бүрэн эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлэн ажилладаг.

Хууль тогтоох бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан бөгөөд ингэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг зорилтыг хангах, тухайн ажиллагаанд оролцогч нэг бүрийн хууль ёсны эрх ашгийг хангах, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг зорилтыг хангах, тухайн ажиллагаанд оролцогч нэг бүрийн хууль ёсны эрх ашгийг хангах, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг нэг мөр хэрэгжүүлэх, эдгээртэй холбоотой эрх зүйн харилцааг үр дүнтэй зохицуулах арга хэрэгслийн нэг болох таслан сэргийлэх арга хэмжээний зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт тодорхойлж өгсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь таслан сэргийлэх арга хэмжээний зорилго, түүний зориулалт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн, шуурхай явагдахад бодитойгоор саад учруулж буй, эсхүл саад учруулж болзошгүй яллагдагч, шүүгдэгчийн үйлдлийг гаргуулахгүй байх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, түүнчлэн хуулийг үндэслэлтэй, шударгаар хэрэгжүүлэх явдлыг хангахад чиглэгддэг.

Шүүгч, прокурор, мөрдөгч нар тодорхой төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг сонгон хэрэглэхдээ хуульд заасан үндэслэл, журмыг чанд биелүүлж, ажиллах ёстой бөгөөд яллагдагч болон шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлах, гэмт үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болзошгүй байгаа, мөн гэрч, хохирогч болон бусад оролцогч нарыг дарамталж сүрдүүлсэн, гэмт хэргийн ул мөр, бусад нотлох баримтыг устгаж болзошгүй, түүнчлэн өөр бусад байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа зэрэг нь таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх үндэслэлд хамаардаг.

Дээр дурдсаны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх гол зорилгын нэг бол яллагдагч, шүүгдэгчийг гэмт үйлдлээ үргэлжлүүлэх, эсхүл шинээр, өөр гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх агуулгыг илэрхийлж байдаг бөгөөд энэхүү үндэслэл нь эрүүгийн эрх зүйн онолын хувьд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн улс орнуудын эрүүгийн эрх зүйн тогтолцоонд өргөнөөр хэрэглэгддэг эрх зүйн нийтлэг хэм хэмжээ байдаг.

Тодорхой үндэслэл бүхий баримт мэдээлэлд тулгуурлан гэмт хэрэг үйлдэгдэх бодит болон болзошгүй нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, дээрх байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс яллагдагч, шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээг сонгох үндэслэлийг тодорхойлохдоо "дахин гэмт хэрэг үйлдэх" гэх ерөнхий нэр томьёо хэрэглэх нь эрүүгийн эрх зүйн гэм буруугийн зарчим, түүний агуулгад харшлахгүй юм.

Учир нь энэхүү нэр томьёо нь хэн нэгнийг гэмт хэрэгт гэм буруутайд тооцох шууд агуулгыг илэрхийлж байгаа бус, харин яллагдагч, шүүгдэгч нарын хувьд буруутгагдаж байгаа гэмт хэргийнх нь нэгэн адил шүүхээс гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байгаа, түүнчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх шууд үр дагавар үүсгэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хуульд тодорхойлсон үйлдэл, эс үйлдэхүйн ерөнхий нэр томьёог нийтлэг байдлаар хэрэглэж байгаа илэрхийлэл болно.

Монгол Улсын эрүүгийн эрх зүйн хөгжлийн түүхэн уламжлалаас авч үзвэл эрүүгийн хэрэг байцаан шийдвэрлэх ажиллагааны үед таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх үндэслэлийг тодорхойлохдоо "гэмт хэрэг үйлдэж болох бүрэн үндэстэй байгаа", мөн "гэмт хэрэг үйлдэж болох үндэслэлтэй бол" гэсэн нэр томьёонууд хэрэглэж ирсэн байх бөгөөд хууль тогтоогчийн зүгээс 2017 оны эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд уг харилцааг тодорхойлохдоо "дахин" гэх нэр томьёог нэмсэн нь агуулга болон зарчмын ямар нэгэн зөрүүгүй, гагцхүү яллагдагч болон шүүгдэгчийг шалгагдаж байгаа хэргээс нь ялгахын тулд тодотголын шинжтэйгээр хэрэглэсэн гэж ойлгогдохоор байгаа болно.

Эдгээр үндэслэлүүдээс дүгнэж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт таслан сэргийлэх арга хэмжээг сонгон хэрэглэх үндэслэлийг тодорхойлсон холбогдох заалтуудад "дахин гэмт хэрэг үйлдсэн" гэх нэр томьёо хэрэглэсэн байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан "... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. ..." гэсэн заалтын үзэл санаа, агуулгатай зөрчилдөхгүй бөгөөд уг эрх зүйн зарчмын суурь шинж чанар, хүрээнд үл хамаарах зохицуулалт гэж ойлгож болно. Тодруулбал, энэ нь төрөөс хүний үндсэн эрх, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах баталгааг бүрдүүлэх зорилгыг хангах хүрээнд, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тодорхой үе шатанд хүний эрхийн зохистой хязгаарлалт тогтооход чиглэсэн зохицуулалт юм." гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1.Нэр бүхий иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтын "гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;" гэснийг "гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа" гэж өөрчилсөн боловч мөн хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Яллагдагч ... дахин гэмт хэрэг үйлдэхгүй ... байх талаар хувийн баталгааг бичгээр гаргаж, гарын үсэг зурна.", 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Яллагдагч ...-г дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ... хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.", 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Өсвөр насны яллагдагч, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй яллагдагч, жирэмсэн яллагдагчид ... дахин гэмт хэрэг үйлдсэн бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно." гэсэн маргаан бүхий заалтуудыг хэвээр үлдээсэн байна.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тусгасан "дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, дахин гэмт хэрэг үйлдсэн бол" гэсэн ойлголтыг гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлыг харгалзан түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор таслан сэргийлэх тодорхой төрлийн арга хэмжээг авах үндэслэл болгон хуульчилжээ.

Дээрх заалтуудад тусгасан "гэмт хэрэг үйлдэх" гэсэн ойлголт нь аливаа этгээдийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосонтой адил утга агуулгыг илэрхийлэхгүй байх бөгөөд энэ нь гэм буруугийн асуудалтай холбоогүй байдлаар, монгол хэлний үйлдэхүйн ерөнхий утгыг илэрхийлэн хуульчилсан гэж үзэхээр байна. Тиймээс "дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, дахин гэмт хэрэг үйлдсэн бол" гэсэн үндэслэлээр тодорхой төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээдүүдийг шалгагдаж буй гэмт хэрэгтээ болон мөн өөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхгүй бөгөөд уг заалтуудыг практикт одоо шалгагдаж буй хэргээсээ гадна "цаашид өөр гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, эсхүл өөр гэмт хэрэг үйлдсэн бол" гэсэн утгаар ойлгон хэрэглэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь агуулгын хувьд гэм буруугүйн зарчим, түүнийг бэхжүүлсэн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсгийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3.Гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор таслан сэргийлэх арга хэмжээг авах нь олон улсад нийтлэг байдлаар хэрэглэгддэг тул эрх бүхий субъектээс хуулийг дээр дурдсанаар нэг мөр ойлгон хэрэглэж байгаа боловч хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалтын холбогдох нэр томьёог аливаа хоёрдмол утгагүйгээр тодорхой, боловсронгуй болгох шаардлага байгааг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Яллагдагч шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргаж, гарын үсэг зурна.", 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.", 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Өсвөр насны яллагдагч, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй яллагдагч, жирэмсэн яллагдагчид энэ хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, эсхүл урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "… Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. ..." гэснийг зөрчөөгүй байна.

2.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Д.ОДБАЯР

ГИШҮҮД Ш.ЦОГТОО

Д.СОЛОНГО

Б.БУЯНДЭЛГЭР

Г.ТУУЛХҮҮ