A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 49

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 9.1, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 11.2-т заасныг тус тус үндэслэн, Улсын Их Хурлын 2019 оны 61, 2020 оны 07 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-"Жижиг, дунд үйлдвэрийн газар"-ыг байгуулсугай.

2. Жижиг, дунд үйлдвэрийн газрын орон тооны дээд хязгаарыг 39 байхаар тогтоосугай.

3. Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, мөрдүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд үүрэг болгосугай.

4. Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус даалгасугай:

4.1. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгах, холбогдох албан хаагчдыг чиг үүрэг, орон тоо, үйл ажиллагааны зардал, цалингийн сан, эд хөрөнгийн хамт Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлэх ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах;

4.2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн, үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан нэгжийн албан хаагчдыг чиг үүрэг, орон тоо, үйл ажиллагааны зардал, цалингийн сан, эд хөрөнгийн хамт Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлэх арга хэмжээ авах;

4.3. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, хуримтлагдсан эх үүсвэр, өглөг, авлага зэргийг шилжүүлэх ажлыг зохион байгуулах.

5. Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх, шаардлагатай нэмэлт төсвийг төсвийн тодотголд тусган шийдвэрлүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тус тус даалгасугай.

6. "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд гэсэн заалтын "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн баганад "23. Жижиг, дунд үйлдвэрийн газар" гэж нэмсүгэй.

7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн баганын 23 гэсэн дугаарлалтыг "24" гэж өөрчилсүгэй.

8. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-т дор дурдсан агуулгатай 31 дэх заалт нэмсүгэй:

31

Жижиг, дунд үйлдвэрийн газар

39

9. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын "сангийн ажлын алба" гэснийг "жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага" гэж, "сангийн ажлын албаны" гэснийг "жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын" гэж, "сангийн ажлын албанд" гэснийг "жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад" гэж, "сангийн ажлын албанаас" гэснийг "жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас" гэж, "сангийн ажлын албаны захирал" гэснийг "жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН