A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 50

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2023 оны 41, 112 дугаар тогтоол, Засгийн газрын 2024 оны 130 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

2.1. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэстэй);

2.2. Бодлого, төлөвлөлтийн газар (гадаад хамтын ажиллагааны хэлтэс, мэдээллийн технологи, статистикийн хэлтэстэй);

2.3. Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (малын генетик нөөцийн хэлтэстэй);

2.4. Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтэстэй);

2.5. Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

2.6. Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэстэй);

2.7. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;

2.8. Санхүү, хөрөнгө оруулалтын газар.

2.9.Салбарын хяналтын газар (хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хяналтын хэлтэс, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн хяналтын хэлтэстэй).

(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоолоор нэмсэн. Засгийн газрын 2023 оны 112 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны орон тооны хязгаарыг 121 байхаар тогтоосугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дэх заалтын "л" дэд заалт, мөн тогтоолын хавсралтын 11 дэх заалт, "Мал хамгаалах сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 179 дүгээр тогтоолын 3 дахь заалт, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 180 дугаар тогтоол, "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН