A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 24

Төрийн ордон,Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг хавсралтаар баталсугай.

2.Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:

1/Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшний хамт баталж, хөтөлбөрийн биелэлтийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах;

2/Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг жил бүрийн төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөвт тусган хэрэгжүүлэх;

3/Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийн үнэлгээ болон өрийн тогтвортой байдлын шинжилгээ хийх;

4/Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан экспортыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгон иргэдийн орлогыг нэмэгдүүлж, эдийн засагт нөлөө үзүүлэх 10 томоохон төслийг санхүүгийн боломжит бүх арга хэрэгслийг ашиглан санхүүжүүлэх.

3.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг боловсруулан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.

4.Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газартай үйл ажиллагаагаа уялдуулан хамтран ажиллахыг Монголбанкны Ерөнхийлөгч, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг холбогдох бусад байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.

5.Энэ тогтоолыг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР