Хэвлэх DOC Татаж авах
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 95

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хууль зүй, дотоод хэргийн яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

       2.1. Хууль зүйн бодлогын газар (Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтэстэй);

       2.2. Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газар;

       2.3. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

       2.4. Мэдээллийн технологийн газар;

       2.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;

       2.6. Төрийн захиргааны удирдлагын газар (Эрх зүйн хэлтэстэй);

       2.7. Санхүү, хөрөнгө оруулалтын газар (Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтэстэй).

3. Хууль зүй, дотоод хэргийн яамны орон тооны дээд хязгаарыг 108 байхаар тогтоосугай.

4. Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дэх заалтын “д/Хууль зүй, дотоод хэргийн яам” гэсэн хэсэг, мөн тогтоолын хавсралтаар баталсан “Яамдын орон тооны хязгаар”-ын 5 дахь заалт, “Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                 У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд                                            Х.НЯМБААТАР