A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАДААДААС 2021 ОНД АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ

2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 123

Улаанбаатар хот

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад 2021 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагчдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хавсралтад заагаагүй салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа 20-иос дээш ажиллагчтай аж ахуйн нэгж, байгууллагад гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт монгол ажиллагчдын 5 хүртэл хувь байхаар тогтоосугай.

3. Аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байхыг ажил олгогчид, үзлэгийг зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд тус тус үүрэг болгосугай.

4. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний 2021 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг Улсын онцгой комиссын шийдвэрт үндэслэн эхний ээлжинд зайлшгүй шаардлагатай удирдах болон инженер, техникийн ажилтанд, дараагийн ээлжинд гүйцэтгэх, туслах ажилтанд зохих журмын дагуу үе шаттайгаар олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад зөвшөөрсүгэй.

5. Энэ тогтоолын хавсралтад заасны дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2021 онд авах, Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхэд хяналт тавих, буцаан гаргах ажлыг зохион байгуулж, улирал тутам Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тайлагнаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА