Хэвлэх DOC Татаж авах
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ  

 

2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр                                                                                                                             Дугаар 09                                                                                                                                             Улаанбаатар хот                                                                                  

 Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн

 Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль

болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай

 хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг

зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай

 

    Үндсэн хуулийн цэцийн 

хуралдааны танхим 12.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо, Г.Туулхүү, Ш.Солонго, Ц.Нанзаддорж /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Б.Мөнгөн-Аргамжийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Р.Мөнхбат, Б.Цэцэнбилэг болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нар оролцов.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх; мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9, 18 дахь заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Түмэнбаяр, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны оршин суугч,  иргэн Г.Алтаншагай нар Үндсэн хуулийн цэцэд хандан:

 

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “18 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй.” гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн, “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн хэсгүүдийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

 

1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт тухайн орон нутагт санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд байнга оршин сууж, түүнийгээ албан ёсоор хаягийн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын иргэн сонгогдох эрхтэй байхаар хуульчилжээ.

 

Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна.’’ гэж зааснаас үзэхэд нэр дэвшигч нь ойролцоогоор тухайн сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс оройтохгүйгээр тухайн орон нутагт байнга оршин суугчаар бүртгүүлсэн байхаар байна. Гэвч Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч нь сонгууль болохоос хамгийн багадаа 180 хоногийн өмнө багтаж шилжилт хөдөлгөөн хийх ёстой атал ийм боломжгүй байна.

 

Учир нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс, ээлжит бус, нөхөн, дахин сонгууль явуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол уг шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн өдрийн дараах ажлын өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.” гэж заасан нь орон нутгийн сонгуульд Үндсэн хуулиар баталгаажсан сонгогдох эрхээ эдлэх иргэний субьектив эрхийг зөрчжээ.

 

2.Орон нутгийн сонгуульд нэр дэвшин оролцох иргэд хуулийн дагуу шилжилт хөдөлгөөн хийлгэх эрхгүй болсноор Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэгш байдал, шударга ёсны зарчим алдагдаж байна. Өөрөөр хэлбэл, өмнө батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн иргэний шилжилт хөдөлгөөнийг Улсын Их Хурлын сонгууль дуустал зогсоосон байтал хууль тогтоогчийн зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг батлахдаа хүний эрхийг зөрчсөн, шударга ёс, тэгш байдлыг алдагдуулсан заалтыг оруулснаараа төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан байна.

 

3.Орон нутгийн сонгуульд нэр дэвшин оролцох иргэд нь 180 хоногоос өмнө нэр дэвших шийдвэрээ гарган шилжилт хөдөлгөөн хийлгэхээр болоход хууль зүйн хувьд боломжгүй болж байгаа нь өмнө тухайн орон нутагт байнга оршин суугчаар бүртгүүлчихсэн байсан иргэдэд л зөвхөн сонгуульд нэр дэвших бололцоог олгосон байна. Энэ нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн хүн бүр хуулийн өмнө тэгш байх зарчмыг алдагдуулсан байна.

 

4.2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдаж, 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн иргэний шилжилт хөдөлгөөнийг зохицуулсан зохицуулалт нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдаж, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн шилжилт хөдөлгөөн хийх зохицуулалттай зөрчилдсөн байна. Төр нь хүний эрхийг хамгаалах үндсэн механизм болохын хувьд Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн хүний үндсэн эрх, эрх чөлөөг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлэх ёстой атал сонгогдох эрхийг хангахуйц хууль зүйн баталгаа бүрдүүлж чадсангүй.

 

Иймд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн агуулгатай мэдээллийг ирүүлжээ.

 

Хоёр. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны оршин суугч, иргэн Р.Мөнхбат, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Цэцэнбилэг нар Үндсэн хуулийн цэцэд хандан:

            

            “Монгол Улсын иргэн хуульд заасан нөхцөл, журмын дагуу сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэхэд тусгайлсан хуулиар зохицуулах бөгөөд ийнхүү зохицуулахдаа энэхүү эрхийг зөрчих хуулийн зохицуулалтыг оруулахгүй байх шаардлагатай билээ. Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл байнга оршин суух хаягаа солих хүсэлтэй иргэдийн шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй болсон.

 

Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “18 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж заасан. Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоосон. Дээрх хуулийн заалтын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 180 хоногийг ухраан тооцож үзвэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан ёсоор сонгуульд нэр дэвших хүсэлтэй иргэн өөрийн нэр дэвших гэж буй аймаг, нийслэл, сум, дүүрэгт 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дотор байнга оршин суугчаар бүртгүүлсэн байх ёстой буюу дээрх шаардлагыг хангасан иргэн тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвших эрхтэй болохоор хууль тогтоогч зохицуулсан. Гэтэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоосон учир Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан ёсоор 180 хоногийн өмнө бүртгүүлэх хууль зүйн боломжгүй болж иргэдийн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан сонгох, сонгогдох эрх зөрчигдөхөд хүрч байна.

 

             “Төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх үндсэн зарчим” гэдгийг нийгмийн харилцааг хууль тогтоомжоор зохицуулах, тэдгээр хууль тогтоомж нь Үндсэн хуульд нийцсэн байх, хууль тогтоох болон бусад засаглалууд Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хуулиудыг гуйвалтгүй сахин биелүүлэх, мөн зөв хэрэглэх гэж ойлгож болно. Улсын Их Хурал хууль батлахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад хууль тогтоомжтой нийцүүлэх, батлан гаргасан хууль тогтоомж нь хэрэгжихэд бусад хууль тогтоомжтой нийцтэй, хүний эрхийг зөрчихгүй байх, заавал хэрэгжих шаардлагуудыг бүрэн хангасан байх шаардлагатай. Гэтэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.” хэмээн зааснаар Улсын Их Хурлын сонгуульд хамааралтай иргэдийн шилжилт хөдөлгөөнийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд давхар хамааруулан иргэдийн эрхийг хязгаарлах үр дагаварт хүргэж байна.

 

Ийнхүү хуулийн уялдаа холбоог хангаагүйгээс Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн дагуу тухайн орон нутагт байнга оршин суугчаар 180 хоногийн өмнө бүртгүүлэх гэхэд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн зохицуулалтаар бүртгүүлэх боломжгүй болж орон нутгийн сонгуулийн санал авах өдрөөс 257 хоногийн өмнө зогсоож байгаа нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

 

“Төрийн үйл ажиллагааны шударга ёсны, ... тэгш байдлын үндсэн зарчим” гэдэг нь нийгмийн аливаа харилцаанд оролцож байна нь субьектүүдэд хууль, эрх зүйн тэгш нөхцөлийг бий болгох шаардлагыг төрд бий болгодог. Өмнөх Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт заасан ёсоор нийслэлийн аль нэг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшихийн тулд тухайн дүүрэгт санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн байхыг шаарддаггүй байсан. Тэгвэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай шинээр батлан гаргасан хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “дүүрэгт” гэсэн үгийг нэмснээр нийслэлийн аль нэг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших хүсэлтэй иргэнийг тухайн дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө байнга оршин суугчаар бүртгүүлсэн байх шаардлага тавьсан юм.

 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдаж улмаар “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдэн хүчин төгөлдөр болох хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт хүчин төгөлдөр болж 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Ийнхүү шинээр батлагдсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан журмын дагуу 180 хоногийн өмнө нэр дэвших хүсэлтэй иргэн тухайн дүүрэгтээ бүртгүүлэх боломжгүй болж байгаа нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

 

Дээрх тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9, 18 дахь заалтыг тус тус зөрчиж байгаа эсэхийг хянан дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн мэдээллийг ирүүлжээ.

 

Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн  Х.Нямбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

“... Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн.”, Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн.” гэж заасан.

 

“Европын улсуудын нутгийн удирдлагын тухай Харт”-ын 3 дугаар зүйлд “Нутгийн өөрөө удирдах ёс гэдэг нь нутаг дэвсгэрийн бие даасан хамтлагаас өөрийн хариуцлага дор төрийн хэргийн үлэмж хэсгийг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн, хуулийн хүрээнд шийдвэрлэх, удирдлагыг хэрэгжүүлэх эрх, бодит чадвар юм.” гэсэн.

 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар ийнхүү нутгийн өөрөө удирдах байгууллагыг байгуулж байгаа ба түүний төлөөлөгчийг сонгож байна.

 

Дээр дурдсан Үндсэн хуулийн заалтууд нь иргэдийн оршин суугаа сум, аймаг зэрэг нэгжийнхээ нийт иргэний эрэлт хэрэгцээ, ашиг сонирхлыг хангахад нийцсэн бүхий л үйлчилгээг өөрсдөө шууд буюу төлөөлөх байгууллагаараа уламжлан хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж, хариуцан гүйцэтгэх эрх, баталгааг олгож байгаа юм. Иймд энэхүү нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд шууд оролцон шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь 180 ба түүнээс дээш хоног тухайн орон нутагт оршин сууснаараа тухайн орон нутгийн талаарх мэдээлэлтэй болж, шийдвэр гаргах эрхтэй болдог байх нь зөв юм.

 

Монгол Улсын Үндсэн хуулиар Улсын Их Хурлын гишүүн нь нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлахаар заасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлгөгч төрийн хэргийг тухайн оршин суугаа иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн, хуулийн хүрээнд шийдвэрлэх юм. Мөн Улаанбаатар хотод, эсвэл өөр газар амьдардаг ч өөр аймаг, сумын нутгийн өөрөө удирдах байгууллагад сонгогдон ажиллаж байгаа тохиолдол байдаг талаарх иргэдийн шүүмжлэл гардгийг харгалзан тухайн орон нутгийн оршин суугчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5.2 дахь хэсэг тусгагдсан. Тиймээс Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэсгүй байна.

 

Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргагч иргэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг хоорондын зөрчилдөөнөөс үүдэн Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөхөд хүрснийг дурдсан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг нь Улсын Их Хурлаар уг хуулийг хэлэлцүүлэх үед ажлын хэсгээс гарсан саналын дагуу тусгагдсан байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

 

1.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталж, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс дагаж мөрдсөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “18 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй.”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна.” гэж тус тус зааснаас үзэхэд орон нутгийн сонгуульд нэр дэвшигч иргэн нь тухайн сонгуулийн жилийн 4 дүгээр сарын эхний хагаст багтаж тухайн орон нутагтаа байнгын оршин суугчаар бүртгүүлсэн байхаар хуульчилжээ.

 

Харин Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор хуульчилсан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу орон нутгийн Хуралд нэр дэвших хүсэлтэй иргэн дээрх хугацаанд тухайн орон нутагт байнга оршин суугчаар бүртгүүлж, сонгогдох эрхээ эдлэх боломжгүй болгожээ. Тодруулбал, хууль тогтоогч тус хуулийг батлахдаа түүний хэрэгжих боломж, бусад хуулийн зохицуулалт хоорондын харилцан уялдааг хангаагүйгээс Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтаар баталгаажсан иргэдийн сонгогдох эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

 

2.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. ...” гэж заагаад мөн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага болохыг тогтоожээ.

 

Иймд тухайн орон нутгийн иргэдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилго бүхий нутгийн өөрөө удирдах байгууллагын онцлогоос хамаарч аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэрээ дэвшүүлж буй этгээд тухайн орон нутагт тасралтгүй, байнга оршин суудаг байх шалгуурыг тогтоох нь үндсэн хуулийн эрх зүйн нийтлэг зохицуулалт бөгөөд ийнхүү Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар орон нутгийн сонгуульд нэр дэвшигч иргэн 180-аас доошгүй хоногийн өмнө байнга оршин суугчаар бүртгүүлсэн байх шалгуурыг тогтоосон нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байх ба сонгох, сонгогдох эрхийг үл хөндсөн байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс ... эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн байна.

 

 2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийг 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна.

 

4.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ ... ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс, ...” гэж

заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

 

5.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.     

 

 

 

                                                                                                ДАРГАЛАГЧ                                            Д.ОДБАЯР

 

                                                                                                                            ГИШҮҮД                                             Ш.ЦОГТОО

 

                                                                                                                                                                                                   Г.ТУУЛХҮҮ

 

                                                                                                                                                                                                  Ш.СОЛОНГО

 

                                                                                                                                                                                                  Ц.НАНЗАДДОРЖ