A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 194 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 178

Улаанбаатар хот

БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 194 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3 дахь заалт, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 26/16 дугаар зөвлөмж, Эрсдэлийн үнэлгээний 14 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсүгэй. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 181 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.3, 10.4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг гамшгаас хамгаалах алба, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн удирдлагад, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.9-д заасан шаардлагад нийцүүлэн холбогдох удирдамжийг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолын 2 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

4. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд төмөр замын дамжин өнгөрөх болон улс, хот хоорондын ачаа тээвэр, эрдэс баялгийн экспортын хэвийн үйл ажиллагааг ариутгал халдваргүйжилтийн дэглэмийн хүрээнд зохион байгуулж явуулахыг холбогдох Засгийн газрын гишүүн, төрийн захиргааны байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

5. Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн Засгийн газрын холбогдох шийдвэрийг мөрдөхгүй байхаар тогтоосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд Я.СОДБААТАР