A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 183

Улаанбаатар хот

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 55.2.7, 56.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор 18 хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр олгох 100,000 (нэг зуун мянган) төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмж болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр, халдвар, хамгааллын дэглэм, горимыг чанд сахиулсны үндсэн дээр ямар нэгэн хүндрэлгүй, түргэн шуурхай зохион байгуулж олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тус тус даалгасугай.

2. Хуульд заасны дагуу ногдуулж, хугацаанд нь тайлагнасан боловч төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлд тооцох алданги, торгуулиас хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагыг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгасугай.

3. Тухайн төрлийн албан татварын хуульд заасны дагуу ногдуулж, хугацаанд нь тайлагнасан боловч төлөгдөөгүй албан татварт тооцох алданги, торгуулиас аж ахуйн нэгж, байгууллагыг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.

4. Түрээсийн төлбөрөө бууруулсан нь холбогдох баримтаар тогтоогдож байгаа зах, худалдааны төвийн болон үйлдвэрлэл, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлэгчийн түрээсийн орлогод түрээсийн төлбөр бууруулсан хэмжээгээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд эдлүүлэх хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.

5. Хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор импортлох бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардлагатай өвс, мал, амьтны тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортын барааны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас, Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулж дотооддоо борлуулсан хүнсний будаа, ургамлын тос, өвс, мал, амьтны бүх төрлийн тэжээлийг нэмэгдсэн өртгийн албан татвараас 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд тус тус чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

6. Хүнсний бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, савлалт, хүргэлт, түгээлт, борлуулалтын үйлчилгээг хэвийн явуулах арга хэмжээг Эрүүл мэндийн яамнаас баталсан халдвар хамгааллын дэглэм, горимыг чанд сахиулсны үндсэн дээр авч хэрэгжүүлж, энэ чиглэлийн аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгаж, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим (О.Амартүвшин)-д зөвлөсүгэй.

7. Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн хойшлуулах, ингэхдээ үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгаж, Монголбанк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-д тус тус зөвлөсүгэй.

8. Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-д тус тус зөвлөсүгэй.

9. Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжийг халдвар, хамгааллын онцгой дэглэм, горимд шилжүүлж, нийт ажиллагсдыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хамгаалах, аюулгүй ажиллагааны нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд үүрэг болгосугай.

10. Монгол, Хятадын хилийн боомтод хэрэгжүүлж буй "Ногоон гарц"-ын үйл ажиллагааг эрчимжүүлж, ашигт малтмал, газрын тосны экспортыг хэвийн, тасралтгүй явуулах саналыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талд дипломат шугамаар тавьж харилцан тохиролцохыг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгасугай.

11. Хилийн боомтуудыг халдвар, хамгааллын онцгой дэглэм, горимд бүрэн хүчин чадлаар ажиллуулах, Тавантолгойн бүлэг орд, Нарийнсухайтын бүлэг орд, Оюутолгойн ордын хүрээнд байгуулагдсан ариутгал, халдваргүйжүүлэлт, хамгаалалтын аюулгүйн бүсийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай уялдуулан Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор тээвэрлэлт хийж байгаа жолооч нарыг шинжилгээнд бүрэн хамруулж, эдгээр боомтыг "Ногоон бүс" болгон зарлаж, тээвэрлэлтийн дараалал үүсгэхгүй байхаар зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

12. Монгол Улсад ирж байгаа бүх төрлийн шуудан илгээмжийг ариутган халдваргүйжүүлэх арга хэмжээг тухай бүр авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Гаалийн ерөнхий газар (Б.Асралт)-т даалгасугай.

13. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх зорилгоор 2021 оныг дуусталх хугацаанд импортлох оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх талаарх мэдээллийг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Гаалийн ерөнхий газар (Б.Асралт)-т даалгасугай.

14. Татвар төлөгчийн 2020 оны жилийн эцсийн татварын тайлангаар гарсан алдагдлыг татварын дараалсан 4 жилийн хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу хасаж тооцох тухай зохицуулалтыг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулахыг Татварын ерөнхий газар (Б.Заяабал)-т даалгасугай.

15. Татвар, гаалийн байгууллагын цахим шинэчлэлийг эрчимжүүлж, гаалийн бүрдүүлэлт хийх, татварын тайлан гаргах, татвар төлөх, иргэдэд үйлчлэх үйл ажиллагааг цахимжуулж, иргэдтэй аль болох зайнаас харьцаж ажиллахыг Татварын ерөнхий газар (Б.Заяабал), Гаалийн ерөнхий газар (Б.Асралт)-т даалгасугай.

16. Татвар төлөгчийн хүсэлтээр тухайн татвар төлөгчийн улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн авлага, бусад илүү төлөлтийг татварын өрөнд тухай бүр суутган тооцох арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй.

17. Бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд идэвхжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд даалгасугай.

18. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ нийлүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний төлбөрийг түргэн шуурхай барагдуулж ажиллахыг төсвийн бүх шатны захирагч нарт үүрэг болгосугай.

19. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, дотоодын үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг дэмжих зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10, 101 дүгээр зүйлд заасныг баримтлан дотоодын барааг худалдан авах зохион байгуулалтын арга хэмжээг авахыг төсвийн бүх шатны захирагч нарт үүрэг болгосугай.

20. Аж ахуйн нэгжийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангах зорилгоор бэлэн байдал зарласан хугацаанд хүлээн авах бүх төрлийн сонгон шалгаруулалтын хугацааг 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүртэл сунгахыг төсвийн бүх шатны захирагч нарт үүрэг болгосугай.

21. Төсвийн хэмнэлтийн горимыг үргэлжлүүлэн, цалин, тэтгэвэр, нэг удаагийн тэтгэмжээс бусад зарлагыг эрэмбэлэн санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.

22. Салбарын хэмжээнд үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг хэвийн явуулах санал боловсруулан Улсын онцгой комиссын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.

23. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж, шаардлагыг хэрэгжүүлэх, олон нийтийн сэтгэл зүйг дэмжих, соён гэгээрүүлж, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх нэвтрүүлэг, контентыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчлах, нэвтрүүлэх, хүн хооронд 2 метрийн зай барих, амны хаалт тогтмол зүүлгэх, үйлчлүүлэгч, ажилчдын биеийн халууныг тогтмол үзэх, ариутгах бодисыг байршуулах, ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөр тутам хийх ажлыг зохион байгуулж байхыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Соёлын сайд С.Чулуун, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын ерөнхий газар (Г.Ариунбуян) болон холбогдох бусад албан тушаалтанд даалгасугай.

24. Энэ тогтоолын 7 дахь заалтыг хэрэгжүүлэхдээ Засгийн газрын 2018 оны 369 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам"-ын 4.2.2, 4.2.8 дахь заалтуудыг мөрдөхгүй байхаар тогтоосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР