Хэвлэх DOC Татаж авах
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 11 сарын 05 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 32

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг хавсралтаар баталсугай.

2.Доoр дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/, Монголбанк /Б.Лхагвасүрэн/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд  тус тус даалгасугай:

1/мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах хүрээнд хууль, эрх зүйн орчныг Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын зөвлөмжтэй нийцүүлэн боловсронгуй болгох, Монгол Улсын үнэлгээний үр дүнтэй байдлыг дээшлүүлэх зорилгоор олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах, үндэсний хөтөлбөрийг батлах;

2/санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулж, санхүүгийн маргааныг олон улсын шилдэг туршлагад үндэслэн шийдвэрлэх оновчтой тогтолцоог бүрдүүлэх; 

3/санхүүгийн гэрээ, хэлцэлд оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, тэдгээрийн хооронд үүссэн маргааныг шүүхээс богино хугацаанд үр дүнтэй шийдвэрлэх, барьцаалагчийн шаардах эрхийг хангуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчийн эрхийг хамгаалах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулах;

4/банкны салбарын актив хөрөнгийг ангилж, эрсдэлийн сан байгуулж, зарцуулах эрх зүйн зохицуулалтыг олон улсын шилдэг туршлага, зөвлөмж, Монгол Улсын банкны салбарын онцлогт тулгуурлан боловсронгуй болгож, үе шаттайгаар мөрдүүлэх;

5/банк, санхүүгийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэх;

6/олон улсын шилдэг туршлагад үндэслэн орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх;

7/Монгол Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг хангах;

8/цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийн үед импортыг орлох, экспортыг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэхэд чиглэсэн мөнгө, санхүү, төсвийн бодлогыг хэрэгжүүлэх.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/-нд үүрэг болгосугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР