Хэвлэх DOC Татаж авах
ХИЛИЙН ЗАРИМ БООМТЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 195

ХИЛИЙН ЗАРИМ БООМТЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.19, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол, Оросын хилийн Эрээнцав төмөр замын боомтыг 2020 оны 12 дугаар сараас эхлэн сар бүрийн 1 болон 3 дахь долоо хоногт зөвхөн газрын тосны бүтээгдэхүүний импорт болон уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хийх зорилгоор нэвтрэх хөдөлгөөнийг эхлүүлсүгэй. (Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 121 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2. Монгол, Оросын хилийн Эрээнцав төмөр замын хилийн боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг эхлүүлэхтэй холбогдуулан Оросын Холбооны Улсын талд дипломат шугамаар мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн)-т тус тус даалгасугай.

3. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 8.1.4-т заасан “дамжин өнгөрөх болон улс хоорондын ачаа тээвэр, эрдэс баялгийн экспортын хүрээнд ачаа тээврийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох журам”-ыг боловсруулж батлахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт үүрэг болгосугай.

4. Эрээнцав төмөр замын боомтын үйл ажиллагаа 2020 оны 12 дугаар сараас эхлэн сар бүрийн 1 болон 3 дахь долоо хоногт ажиллахтай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, байнгын хяналт тавьж ажиллахыг Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга М.Бадамсүрэнд даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хилийн боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг зогсоох тухай” Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 182 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                             У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд                                               Я.СОДБААТАР