A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ

2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 194

Улаанбаатар хот

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.2, 11.3.3 дахь заалт, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймгийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 06:00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсүгэй.

2. Энэ тогтоолын 1-д зааснаас бусад аймагт гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 06:00 цагаас эхлэн бууруулж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсүгэй.

3. Энэ тогтоолын 1-д заасан хугацаанд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

4. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.3, 10.4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн удирдлагад үүрэг болгосугай.

5. Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон аймгийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, халдвар хамгааллын дэглэм, горимыг чанд мөрдөж ажиллахыг дээрх аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

6. Халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдол шинээр бүртгэгдсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.1, 11.3.2-т заасны дагуу холбогдох бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг тухайн шатны онцгой комиссын дарга нарт даалгасугай.

7. Энэ тогтоолын 2 дахь заалтад заасан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4-т заасан хязгаарлалтыг авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, бүх шатны боловсролын байгууллага, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн удирдлагад үүрэг болгосугай.

8. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт даалгасугай.

9. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолыг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд Я.СОДБААТАР