A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ 

2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 188

Улаанбаатар хот

  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 7 дахь хэсэг,  Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.1, 51.2, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.12, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.5.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж улсын хэмжээнд хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай, дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсэнд зарцуулахаар нөөцөлж, төлбөрийг нь бүрэн барагдуулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсролын байгууллагын гаргасан судалгааны дагуу цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй, хүнсний дэмжлэг үзүүлэх шаардлагатай зорилтот бүлгийн өрхөд түгээх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

2. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд улсын хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор улсын болон орон нутгийн онцгой комиссын шийдвэрээр цэцэрлэг, сургуулиас дайчилсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг бодит гүйцэтгэлээр тооцож, холбогдох төсвийн захирагчийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд тусгаж энэ тогтоолын 1 дэх заалтад заасан арга хэмжээний хүрээнд өр үүсгэхгүй байх арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, аймаг, нийслэлийн Засаг дарга, төсвийн шууд захирагч нарт үүрэг болгосугай.

3. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, өрхөд түгээх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга, төсвийн шууд захирагч нарт даалгасугай. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЦЭДЭВСҮРЭН