Хэвлэх DOC Татаж авах
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 200

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

               1. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлшний нэг тонн тутмын үнийг 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс 50, 12 дугаар сарын 14-ний өдрөөс 25, нийт 75 хувиар хөнгөлөх арга хэмжээг зохих журмын дагуу авч 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл), “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Ж.Батбаясгалан)-д тус тус даалгасугай. (Энэ заалтыг Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

2. Энэ тогтоолын 1-д заасан хугацаанд хөнгөлөлттэй үнээр олгосон сайжруулсан шахмал түлшний үнийн зөрүүг гүйцэтгэлээр нь тооцож нөхөн санхүүжүүлэхийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Бат-Эрдэнэ), гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарт тус тус даалгасугай.

3. Сайжруулсан шахмал түлшний нөөц, борлуулалт, үлдэгдлийн хэмжээнд өдөр тутамд хяналт тавьж, хомсдол үүсгэхгүй, иргэдэд хүртээмжтэй байхаар түгээлтийг зохион байгуулж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарт, сайжруулсан шахмал түлшний борлуулалтын нэг тонн тутамд олгох мөнгөн урамшууллыг хэвээр үргэлжлүүлж олгохыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо (Д.Сарангэрэл)-нд тус тус үүрэг болгосугай.

4. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдлын улмаас сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх, тээвэрлэх, борлуулах зардал нэмэгдэж байгаатай холбогдуулан “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох барьцалдуулагчийг импортын барааны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөх хуулийн төслийг нэн яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                       У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд                                                                Ч.ХҮРЭЛБААТАР