Хэвлэх DOC Татаж авах
БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 209

БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.2, 11.3.3, 11.6, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймгийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас мөн оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаагаар сунгасугай.

2. Архангай аймгийн Батцэнгэл, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумдын хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн      06:00 цагаас мөн оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаагаар сунгахыг Архангай, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолын 1, 2 дахь заалтад заасан гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаа дуусгавар болсноор дээрх аймаг, нийслэл, сумдын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсүгэй.

4. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхтэй холбогдуулан халдварын тохиолдол бүртгэгдсэн аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажиллах горим, үйл ажиллагааны чиглэл болон иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах хүрээг тогтоож, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг чанд мөрдүүлж ажиллахыг бүх шатны онцгой комисст үүрэг болгосугай.

5. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                            У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд                                              Я.СОДБААТАР