A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД АЙЛ ӨРХ, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 211

Улаанбаатар хот

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД АЙЛ ӨРХ, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Айл өрхийн болон дор дурдсанаас бусад аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс тооцож 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төрөөс хариуцан төлөх арга хэмжээг зохих журмын дагуу авч хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай:

/ Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 207 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон /

1.1. төсөвт байгууллага;

1.2. төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд;

1.3. Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр;

1.4. банк, банк бус санхүүгийн байгууллага;

1.5. криптовалюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, хувь хүн;

1.6. газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч;

1.7. интернет, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч;

1.8. согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч;

1.9. өнгөт металл болон хар төмөрлөг, цементийн үйлдвэр.

2. Энэ тогтоолын 1-д заасан айл өрхийн орон сууцны 100 метр квадрат хүртэл талбайд ногдох дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг төрөөс хариуцан төлөхөөр зохион байгуулахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд даалгасугай.

3. Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, цэвэр, бохир усны эх үүсвэр болон шугам сүлжээ, түгээлтийн техникийн хүчин чадлын боломжит хэмжээтэй уялдуулан үйлчилгээний төлбөр, хураамжийг төрөөс хариуцан төлөх хэрэглээг өмнөх оны мөн үеийн хэрэглээтэй жишиж, энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг одоо мөрдөгдөж байгаа батлагдсан тарифт хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар тус тус тооцож, гүйцэтгэлийг сар бүр хянан баталгаажуулах ажлыг журамлан зохион байгуулахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний зохицуулах хороо (А.Тлейхан), Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл (Ж.Батсуурь), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

4. Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, ус хангамж, ариутгах татуурга, хог хаягдлын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг хэмнэлтийн горимд ажиллуулж, үр ашгийг дээшлүүлэх, халдвар, хамгааллын онцгой дэглэмийг чанд баримтлах, халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

5. Төрийн байгууллагын цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын үйлчилгээний төлбөр, хураамжийн зардлыг төлөвлөсөн хэмжээнээс бууруулахгүй, өөр зардалд шилжүүлэхгүйгээр цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, ус хангамж, ариутгах татуурга, хог хаягдлын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагад шууд шилжүүлж байхыг төсвийн бүх шатны захирагч нарт даалгасугай.

6. "Сайжруулсан шахмал түлшний талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 200 дугаар тогтоолын 1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлшний нэг тонн тутмын үнийг 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс 50, 12 дугаар сарын 14-ний өдрөөс 25, нийт 75 хувиар хөнгөлөх арга хэмжээг зохих журмын дагуу авч 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл), "Тавантолгой түлш" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Ж.Батбаясгалан)-д тус тус даалгасугай.

/ Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 207 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон. /

7. Энэ тогтоолын 1-д заасны дагуу төлбөр, хураамжийг төрөөс хариуцахад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг нийгмийн хариуцлагын хүрээнд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын цэвэр ашгаас тооцож, санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл), "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ (Х.Бадамсүрэн), Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР

Эрчим хүчний сайд Н.ТАВИНБЭХ