Хэвлэх DOC Татаж авах
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ  

 

2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр                                                                                                                             Дугаар 12                                                                                                                                             Улаанбаатар хот                                                                                  

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн

эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

 

 

    Үндсэн хуулийн цэцийн 

хуралдааны танхим 15.00 цаг

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо, Ш.Солонго, Г.Туулхүү /илтгэгч/, Ц.Нанзаддорж нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхгэрэлийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Н.Ариунболд, Э.Түмэнбаяр, Б.Баяраа болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар оролцов.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Дөчин долдугаар зүйлийн 1, 2,  Дөчин есдүгээр зүйлийн 1, 2, Тавьдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг гаргасан. Үүнд:

 

“1.Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан хууль тогтоогчоос Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлан гаргажээ. Тодруулбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 2 дугаар зүйлд зааснаас үзэхэд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурорын тогтоол, шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон “Авлигын гэмт хэрэг”-ээс бусад гэмт хэргүүд сэргээн шалгагдахгүй ажээ. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлээр тогтоогдсон зарчим юм. Гэтэл хүн ямар гэмт хэрэг үйлдсэн, шалгагдаж байснаас шалтгаалж тухайн хүнд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль өөрөөр үйлчлэхээр хууль тогтоосон байгаа нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд шууд харшилж байна.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлах тухай уг хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээх” гэсэн 32.8 дугаар зүйл, “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл” гэсэн 41.1 дүгээр зүйлд зааснаар прокурор, шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг дахин хянах үндэслэл болдог. Дээрхээс үзэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийг баримтлах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй байна. Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим юм. Нэгэнт тухайн харилцааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан, уг хуульд заагаагүй байхад “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулиар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээх талаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан нь “хууль дээдлэх” зарчимд үл нийцэж байна.

 

3.Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэж заасан. Энэ ч үүднээс шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шүүх зөвхөн өөрөө хуульд заасан үндэслэл журмын дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүх дахин хянан үзэх эсэхээ шийдвэрлэдэг. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл” гэсэн 41.1 дүгээр зүйлд зааснаар шүүх урьд гаргасан шийдвэрээ дахин хянах эсэхээ өөрөө шийдвэрлэдэг. Энэ нь шүүхийн эрх мэдлийн нэг хэсэг юм. Гэтэл Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээн шалгах тухай шууд заасан байгаа нь Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ, Улсын Их Хурлын гишүүн, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалтад нийцэхгүй байна. Хууль тогтоох замаар Улсын Их Хурлын гишүүн нь шүүгчээс шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож болохгүй, Улсын Их Хурал хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож болохгүй гэж үзнэ.

 

4.Хуулийн хууль буюу хуулийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх харилцаа Хууль тогтоомжийн тухай хуулиар зохицуулагддаг. Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгээр хуулийг дагаж мөрдөх журмаар ямар асуудлыг шийдвэрлэхийг заасан байдаг. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хууль дагаж мөрдөх журмын тухай хууль гэдэг нь эрх зүйн харилцаанд оролцогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, хамгаалсан, сөрөг үр дагаврыг арилгах зорилгыг өөртөө агуулах бөгөөд шилжилтийн үеийн харилцааг зохицуулдаг ажээ. Энэ нь Үндсэн хуулийн “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” эрхэм зорилго юм. Гэтэл Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар урьд нэгэнт үүссэн харилцааны эрх зүйн байдлыг дордуулсан, хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийн зарчмыг хэрэглэхгүй байхаар тогтоосон байна.

 

5.Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг илрэл нь хүний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх эрх зүйн хэм хэмжээ юм. Гэвч гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өөрчлөгдсөнтэй холбогдуулан хөөн хэлэлцэх хугацааны талаарх хүний эрх зүйн байдлыг дордуулсан заалт нь хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн хэм хэмжээнд хамаарахгүй байдлаар заасан нь хүн бүр хууль шүүхийн өмнө, эрх тэгш байх зарчимд үл нийцнэ.

 

6.Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэж заасан. Энэхүү зарчим Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй.” гэж туссан.

 

Иймд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал ... -ыг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 2 дахь хэсгийн “Хүнийг ... нийгмийн ... байдал ... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, 2 дахь хэсгийн “... шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.”, мөн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... Улсын Их Хурлын ... гишүүн, төр ... бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэсэнд нийцсэн эсэх болон Үндсэн хуулийн “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.” гэж заасанд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

            Хоёр. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Э.Түмэнбаяр, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар багийн оршин суугч, иргэн М.Мэндбаяр, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13 дугаар багийн оршин суугч, иргэн М.Ганзориг нар Үндсэн хуулийн цэцэд хандан:

 

“Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр мэдээлэл гаргаж байна. Үүнд:

1.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны 2200А(ХХI) тоот тогтоолоор баталж, 1976 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактад Монгол Улс 1968 оны 01 дүгээр сарын 05-нд гарын үсэг зурж, 1974 оны 11 дүгээр сарын 18-нд соёрхон баталсан байна. Уг Пактын 14 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй.” гэжээ. Гэтэл Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 2 дугаар зүйл нь олон улсын гэрээний дээрх заалттай нийцэхгүй байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэхээр төрийн эрх мэдлийг Үндсэн хуулиар хуваарилалт хийсэн. Уг эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын гаргасан тодорхой хэрэг болон маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр нь заавал биелэгдэхээр Үндсэн хуулиар хуульчилсан байна.

 

2.Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг үйлдэх үед нь дотоодын хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт эс тооцож байсан ямар нэг үйлдэл буюу эс үйлдлээр хэнийг ч гэмт хэрэгтэн гэж буруутгаж болохгүй түүнчлэн эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ.” гэж заасан. Гэтэл Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйл нь дээрх заалттай нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь шинээр батлагдсан хуулийг дагаж мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шинэ болон урьд үйлчилж байсан хуулиудын аль хөнгөнийг хэрэглэх явдал бөгөөд ex post facto буюу шинэ хуулийг түүнээс өмнөх үйл баримтад хэрэглэх гэсэн зарчмыг удирдлага болгодог.

 

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн зарим заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэж тус тус заасныг зөрчсөн эсэх талаар маргаан үүсгэж, хянан шийдвэрлэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий мэдээллийг гаргажээ.

 

Гурав. Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны оршин суугч, иргэн Х.Сэлэнгэ Үндсэн хуулийн цэцэд хандан:

 

“1.Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны үүднээс: Эрүүгийн эрх зүйн хөгжлийн түүхэнд Эрүүгийн хуульд тусгагдсан хөөн хэлэлцэх хугацааны дагуу хэрэгсэхгүй болгосон ямар ч хэргийг сэргээн шалгаж шийдвэрлэсэн туршлага, онол, практик байхгүй байна. Мөн эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхийг хориглодог онол, практик түүхэндээ байхгүй юм. Энэ үндсэнд аливаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуульд заагдсан тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээнээс хамаарч тогтоогддог нийтлэг шинж байна. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх тухай заалт нь эрүүгийн эрх зүйн энэрэнгүй ёсны зарчмын үүднээс гэмт этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх, мөн ялыг хүндрүүлэхгүй байх тухай ойлголт бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэгдсэн эрүүгийн эрх зүйн суурь зарчим юм. Иймд Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны болон хууль буцаан хэрэглэхтэй холбоотой заалтыг процессын эрх зүйн үүднээс зохицуулах хууль тогтоох нь хууль тогтоох үйл ажиллагааны гажуудлыг илэрхийлж байна. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх эрх зүйн хүрээнд парламентаас баталсан хүчин төгөлдөр хуулийн зүйл заалтыг үндэслэл болгож, шүүх өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрх аль ч улс орны хууль тогтоох байгууллагад байхгүй юм.

 

2.Харьцуулсан эрх зүй судлалын үүднээс: Эрүүгийн эрх зүйн түүхэн хөгжил болон улс орнуудын Эрүүгийн хууль, эрүүгийн процессын хуулийг судалж үзэхэд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон хэргийг буцаан сэргээх, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхийг хориглосон заалт нэг ч байхгүй байна. Улс орнууд Эрүүгийн хуульдаа хөөн хэлэлцэх хугацаа хэзээ эхэлж, хэзээ зогсох болон түдгэлзэх, хэзээ дуусах, ямар гэмт хэрэгт хэрэглэхгүй байхыг нарийвчлан зохицуулж байна. Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Япон Улс, Оросын Холбооны Улс зэрэг гадаадын улс орнуудын Эрүүгийн хуульд гэмт этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх, эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхийг хориглосон заалтыг тусгасан байна. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхийг хориглосон улс орон нэг ч байхгүй байна. Мөн аль ч улс оронд хууль тогтоох байгууллагаас баталсан хүчин төгөлдөр Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны эрх зүйн зохицуулалтад үндэслэн, шүүх нь өөрийн эрх мэдлийн хүрээнд хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг хүчингүй болгодог туршлага, эрх зүйн шинжлэх ухааны ойлголт, практик байхгүй байна.

 

            3.Үндсэн хуулийн эрх зүйн үүднээс: Авлигал, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх нэрийн дор ардчилсан улс орнуудын болон эрх зүйн түүхэнд байдаггүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргүүдийг сэргээх зохицуулалтыг хуульчилж, хүний эрхэд эрх зүйн бусаар халдах боломжийг бий болгосноор эрх зүйн суурь зарчмыг зөрчиж, хүний эрхэд хууль бусаар халдаж, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... эрх чөлөө ... -г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэсэн заалтыг зөрчсөн. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 2 дугаар зүйлд прокурор, шүүхээс хүчин төгөлдөр Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны эрх зүйн зохицуулалтын дагуу хэрэгсэхгүй болгосон хэргүүдийн хүчин төгөлдөр шийдвэрийг үгүйсгэж, хэргийг сэргээхийг хуульчилсан нь Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэсэн заалтыг зөрчиж, шүүх эрх мэдэлд халджээ.

 

Иймд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байх тул энэхүү хуулийг бүхэлд нь түдгэлзүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий мэдээллийг гаргажээ.

 

Дөрөв. Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Мэргэн Үндсэн хуулийн цэцэд хандан:

 

“Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 2, 3 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг дараах үндэслэлээр тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

 

1.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зөвхөн Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд шалгаж байгаад тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэмт хэргийг сэргээн шалгахаар зохицуулсан нь Үндсэн хуульд заасан тэгш байдлын зарчмыг үгүйсгэж, холбогдох этгээдүүдийг ялгаварлан гадуурхаж байгаа явдал юм. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйл нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн суурь зарчим болсон зүйл, хэсэг, заалттай нийцэхгүй байна. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан;”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1-д заасан нөхцөл байдал илэрвэл шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал нь явуулж, цагаатгах тогтоол гаргана.” гэж заасан.

 

2.Монгол Улс нэгдэн орж, соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 14 дүгээр зүйлд “Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. ...”, 26 дугаар зүйлд “Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. ...” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэж заасан байх тул дээрх олон улсын гэрээг хэрэгжүүлэх нь манай улсын үүрэг билээ. Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль дээрх үндэслэлүүдээр зөрчсөн гэж үзэж байна.” гэсэн агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ.

 

Тав. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Оросоо, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны оршин суугч, иргэн Х.Нямдорж нар Үндсэн хуулийн цэцэд хандан:

 

“1.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргүүдийг буцаан шалгах нь эрүүгийн эрх зүйн үндсэн зарчмын хүрээнд боломжгүй. Энэ нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёс, ардчилсан ёс, тэгш байдлын зарчмыг зөрчиж байна. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасантай зөрчилдөж байна.

 

2.Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тохиолдолд үүнийг сэргээн шалгах хууль зүйн боломж байхгүй юм. Хөөн хэлэлцэх хугацааг буцааж тоолох хууль батлаад эргүүлээд иргэний эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэх эрх зүйн зохицуулалт нь Үндсэн хуультай зөрчилдөнө. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэж заасныг зөрчиж байна. Монгол Улсын дээд шүүх нь хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр тогтоолд шинээр үүссэн нөхцөл байдал тогтоогдвол хэргийг сэргээн шалгах зохицуулалт байхад хөөн хэлэлцэх хугацааг сэргээн хэрэглэх хууль зүйн үндэслэл байхгүй болно. Шүүх Үндсэн хуульд нийцсэн хууль хэрэглэх үүрэгтэй. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн уг зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж байна. Иймд уг асуудлаар маргаан үүсгэн хянан шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ.

 

Зургаа. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Баяраа Үндсэн хуулийн цэцэд хандан:

 

“Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед хуульд заасан үндэслэлээр мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн тухайд хожим Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг буцаан хэрэглэх замаар эрүүгийн хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх байдлаар гэмт хэрэгт ял шийтгэдэг жишиг тогтоох нөхцөл бүрдсэн байна. Аливаа хууль тогтоомжийг буцаан хэрэглэхдээ тухайн хуулийн үйлчлэлд өртөж буй этгээдийн эрх зүйн байдлыг дордуулбал буцаан хэрэглэхгүй, харин эсрэгээр дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зөвхөн эрүүгийн эрх зүйн төдийгүй иргэн, захиргаа бусад төрлийн маргаанд ч нийтлэг үйлчилдэг эрх зүйн суурь зарчим юм. Гэтэл Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 2, 3 дугаар зүйлд нэгэнт шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон эрүүгийн хэргийг дахин сэргээн шалгах, мөн дуусаагүй эрүүгийн хэргийн тухайд өмнөх хуулийн үйлчлэлээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй буюу Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх журам үйлчлэхгүй гэсэн байна.

 

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар “... хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгана.” гэснээр амьд явах эрхийн эсрэг, эрүүл мэндийн эсрэг, халдашгүй байдлын эсрэг, өмчлөх эрхийн эсрэг, үндэсний аюулгүй байдлын эсрэг зэрэг бусад гэмт хэргүүдээс илэрхий ялгаварлаж, албан тушаал хашиж байсны хувиар алагчилж тэгш байдлын зарчмыг алдагдуулсан байна. Мөн шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах тухай Үндсэн хуулийн зохицуулалтын дагуу нэгэнт тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн хүрээнд шийдвэрлэгдсэн хэрэг маргааныг Улсын Их Хурал дахин хууль баталж, шинээр батлагдсан хуулиа эрүүгийн хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулах замаар хэрэгжүүлэхийг шүүх эрх мэдлийн байгууллагад тулгаж байгаа нь Үндсэн хуулийн шууд зөрчил юм.

 

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Дөчин долдугаар зүйлийн 1, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн тухай дүгнэлт гаргаж өгөхийг хүсье.” гэсэн агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ.

 

Долоо. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт:    

 

            “1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ.”, мөн зүйлийн 1 дэх заалтад “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” гэж заасан. Улсын Их Хурал нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийн хүрээнд төрийн аливаа бодлого шийдвэрийг гаргадаг төдийгүй үүнтэй адил олон шийдвэр гаргаж байсан. Түүнчлэн авлига, албан тушаалын гэмт хэрэг нь улс орон, олон нийтийн эрх ашгийг хохироож, бусдад давуу байдал олгож хүнд хор хохирол учруулж байдаг гэмт хэрэг тул хууль тогтоогчид Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлгийн гэмт хэргийг сэргээн шалгах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

2.Хууль олон салаа утгагүй нэг мөр ойлгогдох, иргэд олон нийтийн хүсэл зорилгод нийцэж, шударга ёсыг тогтоох нийгмийн шаардлагад үндэслэгдэх учиртай. Хууль тогтоогчид хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг батлахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог хэрэглэсэн эсэх, хэл зүй, найруулгын нийтлэг шаардлага хангасан эсэх, нэг нэр томьёогоор өөр өөр ойлголтыг илэрхийлсэн эсэх гэх зэрэг тал бүрээс нь судалж, олон шат дарааллын дагуу хэлэлцэн баталдаг. Монгол Улс 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авилгалын эсрэг конвенцод нэгдэн орсон бөгөөд тус конвенцийн 30 дугаар зүйлд “Оролцогч улс бүр өөрийн төрийн албан тушаалтанд чиг үүргээ гүйцэтгэхэд нь олгосон аливаа дархан эрх буюу шүүхийн харьяаллын давуу эрх болон энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийг шаардлагатай бол үр ашигтайгаар мөрдөн байцаах, яллах, ийм хэрэгт шүүхийн шийдвэр гаргах боломжийн хооронд зохих тэнцвэрийг эрх зүйн тогтолцоо болон үндсэн хуулийн зарчимдаа нийцүүлэн тогтоох буюу хадгалахад шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авна.” гэж заасан хүрээнд хуулийг хэлэлцэн баталсан болно. Мөн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалт буюу Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалт бол процессын хэм хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа тоолох журам нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан үнэт зүйл биш бөгөөд процессын шинж чанартай зохицуулалт тул Эрүүгийн хууль буцаан хэрэглэх зарчимд хамаарахгүй гэж үздэг.

 

3.Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуультай зөрчилдсөн, хийдэлтэй байсан тул зөрчил, хийдлийг зайлшгүй арилгах шаардлага үүссэн. Тухайлбал, Эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахын тулд мөрдөх байгууллага болон прокурорын зүгээс гэмт хэрэг үйлдсэн хүнийг шуурхай илрүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу тасралтгүй явуулах шаардлагатай бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоож чадаагүй бол эрүүгийн хэрэг үүсгэж, хэн нэгнийг яллагдагчаар татаж болохгүй, эсхүл нэгэнт яллагдагчаар татсаны дараа дээрх нөхцөл байдал тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх талаар Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заасан байсан. Гэвч Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг хэрэглэхэд практикт хүндрэлтэй асуудлууд гарсан.

 

Иймд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь харилцан зөрчилтэйгөөс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуультай уялдаагүй байсан тул хууль болон зүйл, хэсэг хоорондын зөрчил хийдлийг арилгаж, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг ижил зарчмаар хуульчлах, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлж өөрчлөх, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тодорхой болгох бодит шаардлагыг харгалзан үзсэн болно. Дээр дурдсаныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчөөгүй байна.” гэжээ.

 

Найм. Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2020 оны 138 дугаар тогтоолын дагуу шинжээчээр томилогдсон Хууль зүйн шинжлэх ухааны доктор Б.Батзориг дүгнэлтдээ:

 

“1.Эрүүгийн эрх зүй дэх “хөөн хэлэлцэх хугацаа” хэмээх нэр томьёоны хүлээн зөвшөөрөгдсөн агуулга болон үндсэн зарчмыг нийтлэг байдлаар хэрхэн тодорхойлдог болох:

 

БНМАУ-ын 1926, 1929 оны Шүүх цаазын бичигт “Ялыг үл хэлэлцэх”, 1934 оны Шүүх цаазын бичигт “Шүүх цаазын ёсоор хөөн байцааж үл болох шалтгаан”, 1942 оны Эрүүгийн хуульд “Хуулийн ёсоор хөөн шийтгэж үл болох шалтгаан” гэж тус тус хуульчлан томьёолж байсан. “Хөөн хэлэлцэх хугацаа” гэсэн томьёоллыг 1961 оны Эрүүгийн хуульд тусгаснаас хойш Эрүүгийн эрх зүйд ийнхүү нэрлэж хэвшсэн. Эдгээр хуульд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш “Эрүүгийн хууль”-д заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, эрүүгийн хариуцлагад татаж болохгүй, шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхгүй байх гэсэн утгаар тусгагджээ. Эрүүгийн болон Эрүүгийн процессын (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх) эрх зүй нь нэг талаас төр, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулдаг. Энэ утгаараа төр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох зорилгоор гүйцэтгэх алба, мөрдөн шалгах байгууллага, прокурор болон бусад төрийн байгууллагын хүн хүч, техник хэрэгслийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу ашигладаг. Энэ нь төрийн хууль сахиулах дэг журмыг тогтоохоос гадна эрх зөрчигдөн хохирсон хүн, хуулийн этгээдийг хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж буй үйл ажиллагааны илрэл. Нөгөө талаар төрд буй хүн хүч, техник хэрэгсэл, эрх мэдлийг хэн нэгэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан хязгааргүй ашиглах боломжийг хуулиар зохицуулдаг. Энэхүү зохицуулалтын нэг хэлбэр нь “хөөн хэлэлцэх хугацаа” юм. Хөөн хэлэлцэх хугацаа нь бүхий л төрлийн эрх зүйн хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг. Эрүүгийн эрх зүй дэх хөөн хэлэлцэх хугацаа нь бусад эрх зүйн маргаанаас ялгаатай. Бусад эрх зүйн маргаан ихэвчлэн ижил тэгш эрхтэй талуудын хооронд үүсдэг бол эрүүгийн эрх зүйд төрийн хууль сахиулах байгууллага, прокурор, шүүх болон иргэн, хуулийн этгээд гэсэн харьцуулахад төвөгтэй хүч тэнцвэргүй талуудын хооронд үүсдэгээрээ онцлог. Монголын эрх зүйн тогтолцооны онцлогоос хамаарсан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хаалттай явагдах, тэдгээрт тавих хяналт нь энэ ялгааг улам нэмэгдүүлдэг. Гэвч иргэн, төр хоёрын хооронд үүсэх харилцааг хуулиар нарийвчлан зохицуулах замаар зохицуулдаг. Тухайлбал, иргэн, хуулийн этгээдийн хүсэлт, гомдол гаргах эрх, төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах, тэдний гаргасан алдаа, дутагдлыг буруутгагдаж буй хүн, хуулийн этгээдэд ашигтай шийдвэрлэх, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ямар ч ажиллагаа явуулж болохгүй гэх мэт олон зохицуулалтыг дурдаж болно.

 

Хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэжиглэх, яллах, гэм буруутайд тооцон шийтгэх ажиллагааг зөвхөн хуульд заасан хугацаагаар хязгаарладаг. Ийнхүү хөөн хэлэлцэх хугацааг хуулиар хязгаарлаж байгаа нь дараах нийтлэг зарчимтай нийцдэг. Үүнд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан нь төр хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэнд буруутган шалгах хугацааг хууль тогтоомжоор дамжуулан тогтоон илэрхийлж байгаа явдал. Энэхүү Эрүүгийн хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн онцлог, нийгмийн хор аюулын хэмжээ, шийтгэхээр заасан ялын төрөл, хугацаагаар ялгамжтай тогтоох ба зарим тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг тоолдоггүй. Ийнхүү хуульчилснаар төр дур зоргоор ажиллах, хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах явдлыг хуулиар хязгаарлаж байгаа явдал мөн.

 

2.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн онолын үндэслэл болон үйлчлэлийн шалгуурыг хэрхэн тодорхойлох тухай:

 

Энэхүү дүгнэлтийг гаргахын тулд Монгол Улсад батлагдсан “... дагаж мөрдөх журмын тухай” 38 хуулийг судлав. Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хамруулаагүй. Эдгээр хуульд байх нийтлэг шинж “тухайн хуулийн тодорхой заалт хэрэгжиж эхлэх хугацаа заасан, хүчингүй болсон хуулийн заалтыг тогтоосон хугацаанд хэрхэн хэрэглэх, өмнө хуулийн дагуу хийгдсэн ажиллагаа, авсан бүртгэл, зөвшөөрлийг батлагдсан хуультай хэрхэн нийцүүлэх арга, ажиллагааг заасан” байна. 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тус тус батлагдсан “Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-д зөвхөн Эрүүгийн хуультай холбоотой харилцааг зохицуулсан байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан “Хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт”-д дүн шинжилгээ хийж үзэхэд зөвхөн “хуулийг, хууль бүхэлдээ, хууль хэрэгжүүлэхдээ, өмнө нь үйлчилж байсан хууль, хууль үйлчилж эхэлсэн, өмнөх хууль, эрх зүйн зохицуулалт, хууль буцаж үйлчлэх онцгой тохиолдол” гэж заасан. Харин бусад хууль болон холбогдох хууль тогтоомж гэсэн агуулга илэрхийлээгүй байна.

 

Дүгнэлт: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулиар зөвхөн Эрүүгийн хуулийн үйлчлэлтэй холбоотой нийгмийн харилцааг зохицуулах хууль эрх зүйн орчин Монгол Улсад үйлчилж байна.

 

3.Эрүүгийн эрх зүйн хууль буцаан хэрэглэх зарчмыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах талаарх онолын үндэслэл:

 

Эрүүгийн эрх зүй дэх хууль буцаан хэрэглэх зарчим нь Эрүүгийн процесст дараах байдлаар хэрэглэгддэг. Үүнд:

 

1/Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл;

2/Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоох;

З/Хэргийг хэрэгсэхгүй болгох, яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох;

4/Шүүхийн шийдвэр гаргах;

5/Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах эсэх;

6/Хэрэгтэн болон ялтан шилжүүлж өгөхөөс татгалзах;

7/Хохирол нөхөн төлүүлэх ажиллагаа явуулах зэрэг тохиолдол.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн онцлог нь хатуу тогтоосон хэм хэмжээ. Энэ нь уг хуулийн 1.2 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараар илэрхийлэгдэнэ. Үүнд:

 

1.Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр

үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална.

 

З.Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэр, түүнд хамаарах хилийн чанадад

байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт гарсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад нэгэн адил үйлчилнэ.

 

4.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан журмыг баримтална.

 

5.Гадаад улсын, олон улсын байгууллагын дипломат эрх ямба, дархан эрх эдэлж байгаа хүнийг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах зөвшөөрлийг Улсын ерөнхий прокурор Монгол Улсын гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар уламжлан тухайн улс, олон улсын байгууллагаас хүснэ.

 

Эрүүгийн процесст бусад хууль тогтоомжийг ашиглахаар бол заавал тус хуульд дурддаг. Эрүүгийн процессын явцад хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, хууль хэрэгжүүлэгч, оролцогчийн санал, хүсэлтээр Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдаж нэгжлэг, хураан авах гэх мэт халдашгүй бусад эрхэнд халддаг. Ийнхүү хатуу тогтоосон хэм хэмжээтэй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусад хуулиудын хийдэл, зөрчилдөөний улмаас хэрэгжүүлэгч болон оролцогчид дур зоргоороо авирлах, бусдын эрх зөрчигдөхөөс хамгаалах гол зохицуулалт болдог. Зарим судлаачид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэснийг бусад хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа иш татан хэрэглэх зохицуулалт гэж үздэг. Энэ заалт нь шүүх, прокурор, мөрдөгч үйл ажиллагааны явцад Эрүүгийн болон Зөрчлийн хууль тогтоомж зөрчихгүй, авлига, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулсан болон төрийн албан хаагчийн хувьд иргэнийхээ хувьд мөрдөх бусад хууль тогтоомж мөрдөх агуулгыг илэрхийлсэн. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хязгаарлагдана.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн заалт хуулийг буцаан хэрэглэхэд баримтлах үндсэн зарчмын зохицуулалт юм.

 

Дүгнэлт: Эрүүгийн хууль болон Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл, заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдаагүй бол Эрүүгийн процесст оролцогчид ашиглах боломжгүй.” гэсэн байна.

 

Ес. Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос маргаанд холбогдох тайлбар болон Улсын Их Хурлын Тамгын газраас холбогдох хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, хуулийн төслийг хэлэлцсэн Улсын Их Хурлын байнгын хороо болон Чуулганы нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл зэргийг гаргуулан авсан болно.

 

ҮНДЭСЛЭЛ:

 

Монгол Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үүнтэй уялдуулан тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг мөн баталжээ.

 

Хууль тогтоогч Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 2 дугаар зүйлээр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, мөн хугацаанд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар, түүнчлэн 3 дугаар зүйлээр дээрх хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй,  Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй байхаар заасан байна.

 

Ийнхүү хуульчилсан нь дараах үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна:

 

1.Монгол Улсын Үндсэн хуулийн Удиртгал хэсэгт хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон тунхагласан билээ. Мөн уг хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”   гэж заасан.

 

Гэтэл хууль тогтоогч дээр дурдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу эрх бүхий этгээд болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээн шалгахаар тогтоосон нь иргэдийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэ нь эрх зүйн тодорхой байдлыг тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх төрийн үүрэг болон дээр дурдсан Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчиж, улмаар Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны үзэл баримтлалд харшилж байна. 

 

2.Мөн тухайн хуулиар зөвхөн тодорхой төрлийн гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар тусгасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бүрдүүлсэн байна. Ийнхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой төрлийн гэмт хэргийг тухайлан зааж өөр журам тогтоосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрх тэгш байх зарчмыг хууль батлах замаар зөрчих буруу жишиг тогтох үр дагавартайг дурдах нь зүйтэй юм.

           

3.Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэж заасан бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны 2200А(XXI) тоот тогтоолоор баталж, 1976 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. ...”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй.”, мөн 26 дугаар зүйлд “Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. ...” гэж тус тус заажээ.

 

Энэ хүрээнд гишүүн орнуудын хүлээвэл зохих үүрэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хүнд, хөнгөн ямар ч хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаагаас үл хамаарч хуулийн өмнө адил тэгш хамгаалалт, нөхцөлөөр хангагдах, эрх зүйн ямар нэг зохицуулалтаар ялгаварлагдахгүй байх ёстой юм. Дээр дурдсан зарчмууд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй.”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.”, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж баталгаажсан байна.

 

Үүнээс үзэхэд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн агуулга нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тэгш эрхийн зарчим болон хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй талаарх заалтыг хөндсөн гэж үзэхээр байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэж заасантай харшилжээ.

 

4.Аливаа хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулиар зөвхөн тухайн хуулийн үйлчлэлтэй холбоотой нийгмийн харилцааг зохицуулдаг. Тухайлбал, Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулах асуудлыг тодорхой зааж хуульчилсан.

 

Эрүүгийн процессын эрх зүйн онол, хэм хэмжээний үзэл баримтлалын дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, хөндөх тохиолдол бусад салбартай харьцуулахад их байдаг тул уг онцлогтой уялдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх харилцааг төрөлжсөн хуулиар тусгайлан зохицуулдаг бөгөөд уг ажиллагаанд хамаарах хэм хэмжээг тус хуулиар тогтоох, эсхүл заавал эш татан хуульчилдаг болно. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл, заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгаагүй бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх боломжгүй юм. Гэтэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах агуулгатай зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгахгүйгээр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай дээрх хуулиар тогтоожээ.

 

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөний зэрэгцээ, эрх зүйн суурь онолд нийцээгүй болно.

 

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин долдугаар зүйлийн 1, 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж үзэхээргүй байна.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

1.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай  хууль  нь  Монгол  Улсын  Үндсэн хуулийн  Нэгдүгээр  зүйлийн  2  дахь  хэсгийн “... шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

 

2.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин долдугаар зүйлийн 1, 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй байна.

 

3.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

 

4.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                     Д.ОДБАЯР

 

                      ГИШҮҮД                                                          Ш.ЦОГТОО            

 

                                                                                     Ш.СОЛОНГО

 

                                                                                  Г.ТУУЛХҮҮ

 

                                                                                              Ц.НАНЗАДДОРЖ