Хэвлэх DOC Татаж авах
Барилга байгууламжийн 2019 оны үнийн индекс батлах тухай

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр                       
Улаанбаатар хот

  Дугаар 245                        

Барилга байгууламжийн 2019 оны үнийн индекс батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.10 дахь заалт, Яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдааны 07/2020 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Сангийн сайдын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 9/4579 тоот албан бичгээр зөвшилцсөний дагуу “Барилга байгууламжийн 2019 оны үнийн индекс”-ийг хавсралтаар баталж, батлагдсан индексийг шинээр баригдах барилга байгууламжийн төсөвт өртгийг урьдчилан тодорхойлох, төлөвлөх, хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцох, төсөл хөтөлбөрийн тооцоо, судалгаа хийх, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, барилга угсралтын ажлын үнийн өөрчлөлтийн нөлөөллийг тооцох зэрэгт хэрэглэхээр тогтоосугай.

2. Барилга байгууламжийн үнийн индексийг зураг, төсөв нь магадлалаар баталгаажсан хөрөнгө оруулалтын аливаа санхүүжилтэд хэрэглэхгүй болохыг дурдсугай.

3. Батлагдсан индексийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/-т үүрэг болгосугай.

4. Батлагдсан индексийг салбарын хэвлэл мэдээллээр нийтэд мэдээлэх, харьцуулалт, судалгаа, тооцооны ажилд хэрэглэх ажлыг зохион байгуулахыг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т даалгасугай.

САЙД                                        Б.МӨНХБААТАР