Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (хүнсний болон бусад нөөц)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 215

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.15-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Цар тахлын болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг авахад шаардлагатай хүнсний болон бусад нөөцийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед хүн амын хүнсний хангамжийн тогтвортой, бэлэн байдлыг хангах зорилгоор жагсаалтад заасан хүнсний болон бусад бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхтэй холбогдон гарах зардлыг батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд даалгасугай.

3. Хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор жагсаалтад багтсан хүнсний болон бусад бүтээгдэхүүний зохистой нөөцийг бүрдүүлэх, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг хэвийн явуулах, түүхий эдийн хангамжийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, холбогдох бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4. Жагсаалтад багтсан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөх, шаардлагатай тохиолдолд үйлдвэрийн бүсийг хамгаалалтад авч, ажилчид түр байршин ажиллах нөхцөлийг бүрдүүлэх замаар тасалдалгүй үйл ажиллагаа явуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

5. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                         У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэрийн сайд                                                           З.МЭНДСАЙХАН