Хэвлэх DOC Татаж авах
АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ (Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 222

АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 9.1, Улсын Их Хурлын 2020 оны 7 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулсугай.

2. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын орон тооны дээд хязгаарыг 80 байхаар тогтоосугай.

3. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтцийг баталж, үйл ажиллагааг нь 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд үүрэг болгосугай.

4. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгуулагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллага, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эмийн хяналтын лаборатори, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалттай холбогдсон чиг үүргийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохих журмын дагуу шилжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарт даалгасугай.

5. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг батлагдсан төсвийн багцдаа багтаан шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд даалгасугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт”-ын “Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд” гэсэн заалтын “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн баганад “25. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар” гэж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар”-т дор дурдсан агуулгатай 32 дахь заалт нэмсүгэй:

32. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар 80
 

Монгол Улсын Ерөнхий сайд                                             У.ХҮРЭЛСҮХ

Эрүүл мэндийн сайд                                                          Т.МӨНХСАЙХАН