Хэвлэх DOC Татаж авах
ХҮНСНИЙ ХАНГАМЖ, ХҮРТЭЭМЖИЙГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАХ ТАЛААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 4

ХҮНСНИЙ ХАНГАМЖ, ХҮРТЭЭМЖИЙГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАХ ТАЛААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.18-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 329 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам”-д дор дурдсан агуулга бүхий 2.6 дахь заалт нэмсүгэй:

“2.6. Хүнсний хангамжийн тогтвортой, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх нэмэлт саналыг яамнаас Үндэсний зөвлөлд оруулж болно.”

2. Мөн журмын 2.2, 4.1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“2.2. Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид “яам” гэх) тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаарх саналыг нэр төрлөөс нь хамааруулан дараахь хугацаанд Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл (цаашид “Үндэсний зөвлөл” гэх)-д цахимаар хүргүүлнэ:

2.2.1. сүүний тоо хэмжээний талаарх саналыг жил бүрийн 6 дугаар сарын 10-ны дотор;

2.2.2. малын махны тоо хэмжээний талаарх саналыг жил бүрийн   9 дүгээр сарын 10-ны дотор;

 2.2.3. гурил, тарианы үр, хүнсний улаанбуудай, ундны усны тоо хэмжээний талаарх саналыг жил бүрийн 12 дугаар сарын 1-ний дотор.”

“4.1. Энэ журмын 3.12-т заасан зөвшөөрлийн хугацаа нь 12 хүртэл сараас, 2.6-д заасан нэмэлт зөвшөөрлийн хугацаа 6 хүртэл сараас хэтрэхээргүй байна."

3. Мөн журмын 2.4 дэх заалтын “жил бүрийн 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор” гэснийг хассугай.

4. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас Монгол Улсын хил дээр саатаад байгаа 2020 онд экспортлох, импортлох стратегийн зарим хүнсний үлдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохих журмын дагуу энэ оны эхний хагас жилд багтаан Монгол Улсын хилээр нэвтрүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга), Гаалийн ерөнхий газар (Б.Асралт)-т тус тус даалгасугай.

5. Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөлтэй холбоотой одоогийн зохицуулалтыг Дэлхийн худалдааны байгууллагын холбогдох олон улсын хэлэлцээрт нийцүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                           У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэрийн сайд                                                              З.МЭНДСАЙХАН