Хэвлэх DOC Татаж авах
ХИЛИЙН АЛТАНБУЛАГ БООМТЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 8

ХИЛИЙН АЛТАНБУЛАГ БООМТЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.19-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр зогсоосугай.

2. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зөвхөн хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийг долоо хоногт нэг удаа Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрүүлж, гадаадын тээвэрлэгчийн чиргүүлийг хилийн хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлэх замаар ачаа тээвэрлэлтийг зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн), Гаалийн ерөнхий газар (Б.Асралт), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга), Цагдаагийн ерөнхий газар (Ж.Болд) нарт үүрэг болгосугай. (Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 38 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

3. Алтанбулаг боомтод ариутгалын цэг байгуулах, хилийн хяналтын болон автотээврийн байгууллагын албан хаагчид байрлах түр байр барих, хяналтын камерын систем суурилуулахад шаардагдах хөрөнгийг “Хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын  11-ний өдрийн 172 дугаар тогтоолын хавсралтын 1-д заасан зардлаас санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй.

4. Хилийн Алтанбулаг боомтыг түр хааж, ачаа тээвэрлэлтийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулсантай холбогдуулан Оросын Холбооны Улсын талд дипломат шугамаар мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн) нарт даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаар тогтоолын 1 дэх заалтын “1 дүгээр сарын 18-ны” гэснийг “2 дугаар сарын 1-ний” гэж өөрчилсүгэй.

6. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                      У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд                                         Я.СОДБААТАР