Хэвлэх DOC Татаж авах
БАЯН-ОВОО СУМЫН ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ ОРОН НУТГИЙН  ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМАГ

БАЯН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр                                                                                                            Дугаар 06                                                                                                                   Хөхбүрд

ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ ОРОН НУТГИЙН

ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн “К” дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 28 дугаар зүйлийн 28,3 дахь заалтуудыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 2 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Байгалийн өвөрмөц ховор тогтоц, ховор ан амьтан ургамал, бүхий экологийн хувьд ач холбогдолтой, ард иргэд олон түмний хайрлан хамгаалах, шүтэн бишрэх, түүх соёлын домог, хүн , мал амьтан, газар байгаль эх дэлхийг тэтгэх усны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор зайлшгүй шаардлагатай Мандалхайрхан 1 дүгээр багийн нутаг Улаан толгойн сүг зураг, Цагаан дэл, Уранхайрхан 2 дугаар багийн Уранхайрхан уул, Майханы нуруу, Хөх цавын Мааньт уул, Асгамба 3 дугаар багийн Хуурай, Асгамба, Салаа, Уртын гол, Мэргэн 4 дүгээр багийн Хөхбүрд нуур зэрэг газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад хугацаагүй авсугай.

2.Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутгийн экосистем, хамгаалалтад авах үндэслэл, хилийн цэс, координатыг хавсралтаар баталсугай.

3.Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутагт холбогдох хууль журмын дагуу хамгаалалт, ашиглалтын менежментийг хэрэгжүүлэн ажиллах, иргэн, нөхөрлөлд хариуцуулан ажиллахыг сумын Засаг дарга, багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4.Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан шийдвэр, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийг холбогдох байгууллагад хуулийн хугацаанд хүргүүлж Улсын газрын кадастер, эрх зүйн баримт бичгийн улсын нэгдсэн сангийн бүртгэлд, аймгийн Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч М.Энхцэцэгт хариуцуулсугай.

5.Байгалийн нөөц газарт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглосугай.

 6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит аравдугаар хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                               Б.ОТГОНБАЯР